Дорнодын Баян-Уулд байдал хүндэрчээ

Зүүн аймгуудад гарсан хээрийн түймэр гурван аймгийн 10 сумыг хамарч, хамгийн хүнд нөхцөл байдалтай нь Дорнодын Баян-Уул сум болоод байна. Урьдчилсан мэдээллээр 40 гаруй айл өрх орон гэргүй болж, 3000 гаруй мал хорогдсон тооцоо гарчээ. Хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар ОБЕГ-аас өчигдөр шуурхай мэдээллийг сэтгүүлчдэд өгөв.

45ua9b6gqh402fv4m3aoc2ae8b

Өчигдрийн байдлаар бүрэн унтраасан хоёр, цурамд оруулсан дөрөв, Дорнод аймгийн Цагаан-Овоо, Хэнтийн Дадал болон Дорнодын Баян-Уул суманд гарсан хоёр түймэр хүч авагдахгүй ассаар байна. Хэнтийн Дадалаас Дорнодын Баян-Уул, Цагаан-Уул руу чиглэсэн түймэр хүчтэй шатлагатай байгаа аж. Түймрийн улмаас байгаль орчин, мал амьтан хамгийн ихээр сүйдэж буй нь Дорнодын Баян-Уул сум байна. Тус сум нь ой мод, ховор ан амьтан элбэгтэй, Монголын үзэсгэлэнт байгальтай сумдын нэг.

 

Гэвч түймрийн улмаас ой модод хамгийн ихээр сүйдэж байгаа аж.Түүнчлэн Сүхбаатарын Түмэнцогтоос Сүхбаатарт халдсан хэсгийг цурамд оруулжээ. Хэдийгээр аврагчид түймрийг цурамд оруулсан ч сэргэх эрсдэлтэй  байгааг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү ярилаа. Учир нь салхины эрч секундэд 16 см-ээс дээш хурдтай байгаа нь цурамд оруулсан аргал, хөрзөнгийн цогийг сэргээх магадлалтай гэнэ. ОХУ-д олон газарт дэгдэж буй ой хээрийн түймрийг бүрэн унтрааж дийлэхгүй байгаагаас зарим нь манай улсын хилд 1-5 км-т тулж ирээд байгаа гэнэ. Бүр Дорнодын Дашбалбар сум руу орж ирсэн түймрийг уржигдар цурамд оруулжээ. Харин Сүхбаатар, Дорнодын түймрүүд БНХАУ-ын хил рүү нэвтэрчээ.

 

Эдгээр түймрийн олонх нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүджээ. Хээрийн түймэртэй онцгой байдлын аврагчид, хилийн цэрэг, зэвсэгт хүчин, нутгийн ард нийлсэн 1760 хүн 600 гаруй техник хэрэгсэлтэйгээр голомтод ажиллаж байгаа мэдээллийг албаныхан өглөө. Улаанбаатараас уржигдар аврах тусгай хоёр ангийг зүүн аймгууд руу татжээ. Мөн зэвсэгт хүчин, хилийн цэргийн алба хаагчдыг татан оролцуулсаар байгаа аж. Нутгийн иргэд ч идэвх зүтгэлтэй ажиллаж байгааг хэллээ. Гэвч энэ жилийн түймэр ихээхэн онцлогтой байгаа гэнэ. Өнгөрсөн өдрүүдэд түймрийн голомтод ажиллаад ирсэн Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амарын ярьснаар түймэр 5-10 метрийн өндөртэй байгаа бөгөөд холоос шороон шуурга шиг харагддаг. Хамгийн гол нь байгаль орчин, хүн малд хор хөнөөлтэй нь нутгийн иргэд болон аврагчдыг туйлдуулахад хүрчээ. Аймгуудын гамшгаас хамгаалах нөөц дуусч, голомтод ажиллаж байгаа машин техникийн эвдрэл зэргээс тусламж дэмжлэг яаралтай хэрэгтэй болсон байна. Хээрийн түймрийг зөвхөн хүний хүчээр бус зориудаар бороо оруулж унтраах боломжтой ч салхины хүч секундэд 16 см-ээс дээш, чийгшил багатай тохиолдолд үүл буудах боломжгүй юм байна. Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс ойрын таван өдөрт зүүн аймгуудад хур тунадас орохгүй, салхины чиг хүчтэй байхыг мэдээлжээ. Тиймээс орон нутагт ажилласан ажлын хэсгийнхэн техник хэрэгсэл, шатахуун, бэлэн мөнгөний дэмжлэгийг яаралтай шийдүүлэхээр өнөөдөр Засгийн газарт нөхцөл байдлыг танилцуулах юм байна.

 

Орон нутагт тохиолдолд буй гамшгийн хөнөөлийг багасгах, голомтод ажиллаж байгаа хүмүүст сэтгэл санааны болон эд материалын тусламж үзүүлэх хувь хүн, албан байгууллагууд онцгой байдлынханд хандсаар байгаа аж. “Талх чихэр”, Мах импекс”, “Милл хаус” компани, Баянол зочид буудлын 2000 албан хаагч нэг өдрийн цалин, өөрсдийн бүтээгдэхүүний хандивын цувааг өчигдөр зүүн аймаг руу хөдөлгөжээ. Түүчнлэн “Хатан сүйх” компани нөөцөлсөн 300 ширхэг мах, махан бүтээгдэхүүн, “Далай ээж Зоргол хайрхан” компани 2.5 сая төгрөгийн үнэ бүхий хэвийн боов, “Скайтел компани” 500 албан хаагчдад хэрэглээний урамшууллыг хандивлажээ.

 

Эх сурвалж: “Зууны  мэдээ” сонин

Б.ЗАЯА


URL:

Сэтгэгдэл бичих