Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага
Нийслэлийн онцгой байдлын газар гэж гал түймэр, үер ус гээд байгалийн болон гэнэтийн аюул осол бүх зүйлд гар бие оролцдог энэ байгууллагын техник технологи үнэхээр эртний олдвор шиг болсон гэдгийг хэн бүхэн мэднэ байх.
Онцгой байдлын албан хаагчид багаж хэрэгсэл муутай учраас ямар нэг том хэмжээний гамшгийн өмнө хүчин мөхөсддөг.
Яаралтай галын дуудлага ирэхэд машинаа маниулдаж асаана, гал гарсан газар нь 12 давхраас өндөр барилга бол галын шат нь 35 метрээс илүү сунахгүй, ой хээрийн түймрийг унтраах нисдэг тэрэг байдаггүй гээд ОБЕГ-ийг тойрсон асуудал их ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалдаг энэ байгууллагын гол хүч нь гал усны аюул руу амь биеэ үл хайхран ордог аврагч залуус л байгаа юм. Олны хүч оломгүй далай гэдгийг эдгээр эрс л харуулдаг.
Саяхан болсон Шангрила 2 барилга шатахад Тухайн үед ОБЕГ-ын даргаар ажиллаж байсан Т.Дуламдорж “Тоног төхөөрөмж муутай учраас наймаас дээш давхрын галыг унтраах боломжгүй байна” гэж хэлсэн байдаг. 12 давхар барилгын дүрэлзэж байгаа гал руу олигтой багаж төхөөрөмжгүй албан хаагчид явган нүцгэн орсон учраас гал тархаж хэдэн тэрбумын хохирол учирч байсан. Түүний дараа мөн л дээрх жишээ давтагдаж Сүхбаатар дүүргийн зургадугаар хороонд байрлах “Хаан гэр” ресторан, “Лиш цэцэг” компанийн пивоны үйлдвэр 21*65 хэмжээтэй обьектын хоёр давхарт гарсан галтай 70 албан хаагч 10 цаг тэмцэж галыг унтраасан ч мөн л их хэмжээний хохирол учирсан. Өөрөөр хэлбэл гал гарсан давхрын обьект бүрэн шатсан гэсэн үг.
Гэх мэтчилэн галын болоод хэрэгтэй багаж хэрэгсэлээр хангаж өгөхгүй мөртлөө дарга нарыг солихдоо тулвал дор нь шийдвэр гаргадаг. Яг үнэндээ дарга солихоос илүү шинэчлэл энэ байгууллагад хэрэгтэй байгааг ухамсарлаж ажилвал илүү олон хүний амь нас, эд хөрөнгийг аврах биш гэж үү.
Бүхэл бүтэн улсын нүүр царай болох ёстой байгууллагад техник технологийн шинэчлэл хэрэгтэй байгааг бодолцож үзэхийг төрийн түшээдэд сануулж байна.
FACT.MN
URL: