Долдугаар сарын 1-ны үймээнээр хурандаа О.Зоригт 260 ширхэг сумтай АКМ буу хэрэглэх тушаал өгчээ
2008 оны долдугаар сарын-1-ны үймээний үеэр таван хүн амь үрэгдсэн хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч О.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх, НЦГ-ын Хэв журмын хэлтсийн дарга, хурандаа Г.Ганбаатар нарт холбогдох хэргийг хохирогчдийн хүсэлтээр Монгол Улсын Ерөнхий прокурорт тушаалаар сэргээн шалгаж эхэлсэн билээ. Уг хэргийг прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд өнгөрөгч оны арваннэгдүгээр сараас шалгаж, мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж буй. Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр үймээний үеэр НЦГ-ын дарга, хурандаа О.Зоригт, НЦГ-ын Хэв журмын хэлтсийн дарга дэд хурандаа Г.Ганбаатар нар 260 ширхэг сумтай АКМ буу, 13 ширхэг, 25 ширхэг ИЖ-79-9, хийн гар буу таван ширхэгийг тус тус Эргүүл хамгаалалтын газраас нийслэлийн Цагдаагийн газарт татан авчрах тушаалыг өгч байжээ. Уг зэвсгүүдийг өнгөрөгч 2008 оны долдугаар сарын 1-2 шилжих шөнийн 02.45 цаг хүртэл цагдаагийн албан хаагчид хэрэглэсэн бололтой.
Одоогоор уг хэрэгт мөрдөн байцаах ажиллагаа явуулж эхэлснээс хойш 80 гаруй хүнээс тайлбар мэдүүлэг авч зургаан хүнийг эрүүгийн хэрэгт нэмж яллагдагчаар татсан юм. Тухайлбал, тухайн үед Эргүүл хамгааллын газрын чиглэлийн ахлах байцаагчаар ажиллаж байсан дэслэгч Л.Ганболдод Эрүүгийн хуулийн 91-ийн 2-оор хэрэг үүсгэн сэжигтнээр татжээ. Мөн долдугаар сарын 1-ний хэрэгт нэмж яллагдагчаар татагдсан хүний нэг нь үймээний үеэр үүрэг гүйцэтгэж байсан Эргүүл хамгаалалтын газрын их эмч н.Тунгалаг, хурандаа асан н.Мягмаржав, дэслэгч н.Ганболд, хошууч н.Мөнхбат, тусгай үүрэг гүйцэтгэгч н.Мандах нарыг яллагдагчаар татан шалгаж байгаа юм.
Н.Түвшин
URL: