Залуу эр 92 настай эмэгтэйд анхны харцаар дурлажээ
Америкийн иргэн Грэгор Коллинз, Мария Альтман нарт бие биедээ дурлахад нь 60 насны зөрүү огтхон ч саад болоогүй аж.
32 настай Грэгор Коллинз шинэхэн жүжигчин байсан бөгөөд кино урлагт эхэлсэн карьер нь яагаад ч юм бүтэлгүйтсэн байна. Ингээд амьдралаа залгуулах ажил олохын тулд настай эмэгтэйд туслах ажилтан авах зарын дагуу шалгуулахаар шийджээ. Гэвч энэхүү уулзалт түүний амьдралыг насан туршид нь өөрчлөх болно гэж ёстой зүүдлээгүй байсан аж.
Тэр настай эмэгтэй нь түүхчдэд ихээхэн танил Мария Альтман байжээ. Альтман бол Холокостын золиос бөгөөд Венийн үйлдвэрийн эзэн Фердинанд Блох-Бауэрийн өв залгамжлагч юм. Тэрээр Густав Климтийн зургууд, ялангуяа “Алтан Адель” гайхамшигт бүтээлийг өвлөн авсан байна.
Харин Коллинз ярилцлагад оролцохоор очихдоо энэ талаар мэдэж байсан болов уу? Гэвч залуу эр Марияг харангуутаа л анхны харцаар дурласан гэнэ.
“Бид анх удаа яаж уулзсанаа би маш сайн санаж байна. Эхлээд би тэргэнцэрийн чимээ сонссон, дараа нь булангийн цаанаас маш аятайхан хувцасласан 92 настай эмэгтэй гарч ирсэн. Тэрээр яг л нэг бяцхан сониуч бүжин шиг өрөөг тойруулж харснаа шинэ хүн дээр анхаарлаа төвлөрүүлэн: “Харин та Грэгор юм шиг байна” хэмээн гайхалтай сайхан вен дуудлагаар өгүүлсэн юм. Ингэж л анхны үгсийг нь сонсонгуут л дурласан юм даа” хэмээн Грэгор дурсан өгүүлжээ.
“Ийм аятайхан эмэгтэйтэй би өмнө хаана ч таарч байсангүй. Тэр бүхий л зүйлд маш сониуч байдлаар хандан, яг л нэг хүүхдэрхүү ч юм шиг. Бид өрөөнд зэрэгцэж суусан бөгөөд биднээс өөр хэн ч байхгүй мэт сэтгэгдэл төрж байлаа. Тэр намайг маш анхааралтай, зөвхөн чихээрээ бус, бүр зүрх сэтгэлээрээ сонсож байсан. Тэр өглөө миний амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн” гэж залуу эр дурсан ярьж байна.
Мария Альтман Холокостын золиос бөгөөд Австриас АНУ руу зугатан гарсан аж. Дайны уршгаар орон гэргүй болж, нацистууд тэдний гэр бүлийн хамаг үнэт зүйлсийг хуу хаман авчээ. Харин 1998 онд нацистуудад хураагдсан өмч хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх тухай хууль гарч, олон жилийн дуулиант шүүх хурлын эцэст Мария өвөөгийнх нь өмч болох Густав Климтийн таван зураг, түүн дотор “Алтан Адель”-ийг эргүүлэн авсан байна.
Коллинзийн өгүүлж буйгаар, тэд харилцан бие биедээ таалагдсан аж. “Бид өмнө нь өөр төрөлдөө уулзаж байсан юм шиг тийм дотно мэдрэмж төрж байсан. Насны их зөрүүг үл хайхран, түүнийг надаас олон насаар ахмад гэдгийг би байнга мартчихдаг байлаа. Бид яг л 20 настай хосууд мэт өөрсдийгөө мэдэрдэг байсан бөгөөд энэ бол үнэхээр ямар нэгэн ид шид байлаа” гэж Коллинз дурссан байна.
Гэвч энэхүү аз жаргалтай амьдрал төдийлөн удаан үргэлжилсэнгүй. Коллинзтой танилцсанаас хойш гурван жилийн дараа буюу 2011 онд 95 насандаа Мария Альтман таалал төгсчээ. Түүний оршуулах ёслол дээр Мариягийн охин Грэгор руу хүрч ирээд: “Та бол ээжийн минь хамгийн сүүлчийн агуу хайр байсан” хэмээн өгүүлсэн аж.
Д.Мигаа
mmnews.mn
URL: