Шийдлийн засгийн газарт шуудан хэрэггүй

 159797-11042015-1428725233-826809675-ordon1

Шинэтгэлийн гэх тодотголтой Засгийн газар байгуулагдаад хэдэн ч сар болчхов доо. Ямартай ч юу хийж байгаа нь нүдэнд харагдаж, гарт баригдахаар хугацааг барав. Юуг шинэтгэв, шинэчлэв гээд бодоход санаанд торох юмаар тун маруухан санагдаад байх. Яахав зайлшгүй хийх ажил, гарах шийдвэр энэ Засгийн газрын танхимын өмнө байсан. Заримыг нь амжуулсан л биз.

Гэхдээ өдийд Засгийн газрын бүтэц хүртэл бүтэн биш хэвээр л байх юм. Зарим зүйлийг тоохгүй өнгөрөөе, дуугүй байя гэтэл боломгүй санагдаад. Энд нэг зүйлийг онцлоход Ч.Сайханбилэгийн Засгийн газрын бодлоготой, бодлогогүй томилгоо л дэндүү хэл ам, хэрүүл шуугиан тариад байх юм. Засгийн газар байгуулагдахдаа дөрвөн яамны бүтэц, зохион байгуулалтыг огт хөндөөгүй. Бусад яамдын Төрийн нарийн бичгийн даргыг сонгон шалгаруулалтаар томилж эхэлсэн. Гэхдээ Төрийн албаны зөвлөлийн шаардлагыг биелүүлээгүй дур зоргоороо хандсан нь бий. Зарим яамны халагдсан дарга нар шүүхэд хандаж ажилдаа буцаж орохоор болсон.

Гэтэл Засгийн газраас шүүхийн шийдвэрийг хүлээж авсан, үгүй нь мэдэгдэхгүй өдийг хүрсэн байдаг. Яамны Төрийн нарийн бичгийн дарга гэдэг албан тушаал тун чухал алба. АН, МАН-ынхан энэ албан тушаалын төлөө их ч өрсөлдсөн. Тэнцвэржүүлэх гэж хувааж аваад бараг дууссан. Гэвч зарим яаманд одоо хүртэл энэ суудал эзэнгүй байгаа гэх. Яаж яамны ажил урагшилдаг байна даа гэмээр. Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг хууль бусаар томилсон нь тогтоогдсон удаа бий. Ч.Сайханбилэгт МАН-ынхны аргыг нь олох, ханадаггүй хүслийг нь биелүүлэх их зовлон байх шиг. Бас тэр зовлонг сөрж намынхаа эрх ашгийг бодож (энэ нь буруу) хийсэн зарим томилгоо тун уршигтай нь харагдаж байна. Төрийн өмчийн хорооны даргын суудал гэж нэг хүн тогтоодоггүй, чөтгөр шүглэсэн гэмээр сандал байх юм.

Өнгөрсөн 100 гаруйхан хоногт хэчнээн ч дарга тэр сандал дээрээс “ойчив доо”. Д.Цогтбаатарыг гэнэт халж Ц.Нанзаддоржийгоо тавилаа гэсэн. Удалгүй чөлөөллөө л гэдэг. Яг тэр өдрөө хуульч Ш.Солонгыг ТӨХ-ны даргын үүргийг орлон гүйцэтгэгчээр томилсон байх юм. Энэ тухай энэ бүх халаа сэлгээ гэнэтийн байсанд хүмүүс гайхдаг.

Басхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэг томилогдсон үеэсээ ТӨХ-г сонирхож эхэлсэн нь нэг учиртай. Сольж сольж сүүлд нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга байсан хүнээ тавьсан нэг л бодлого бий гэж хардаж ярих хүн байна. Учир нь энэ онд хувьчлах газрууд харьцангуй олон. Тэр хувьчлал аль талдаа шийдэгдэхийг ТӨХ-ны даргын халаа сэлгээ хамаатай гэх нь бий. Зарим яаманд халаа сэлгээ баруун, солгойгүй хийгдэж байгаа тухай яриа их бий. Үүнийг тунгааж үзэхэд тэнд намчирхал хэрээс хэтэрсэн нь ил байдаг шиг. Гэтэл үүнийг Ерөнхий сайд мэдээгүй мэт байдаг нь хачирхалтай. Тэгсэн мөртөө нөгөө л бодлого муутай томилгоог үргэлжлүүлээд байна. Төрийн өмчийн хорооны удирдлагыг тойрсон уршигтай байдал бий болов. Энэ нь “Монгол шуудан” компанийн захирлыг халж, оронд нь өөр салбараас жийгдсэн нэгнийг томилсон явдал энэ салбарынхныг бужигнуулах шалтгаан болоод байна.

Уг нь энэ компанийн захирлыг ТӨХ хоёр жилийн хугацаатай томилон ажиллуулдаг. Ингэхдээ тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж байж шийддэг дүрэмтэй аж.

Гэтэл “Танай даргыг сольж оронд нь Т.Дуламдоржийг томиллоо” гэсэн тогтоол шууданчдын дургүйцлийг хүргэсэн юм билээ. Үнэхээр ч тэндхийн ажилчдын хэлж байгаагаар хуучин дарга нь хэнээс ч илүү сайн ажилласан, улс орны хөгжлийн стратегийн чухал салбарын ажилд олон сайн зүйл нэвтрүүлсэн гэдгийг ярьж байна. Ингэхээр огт мэргэжлийн биш хүний тэр гайгүй даргын оронд тавина гэдэг барилгын хана өрж байгаа өрлөгчинг бульдозерийн жолоочоор орлуулсантай адил юм болох гээд байгаа мэт.

Улс төрийн гэх бодлогогүй томилгоонууд цаанаа л хор уршигтай байна. Шийдлийн Засгийн газарт даруй шийдэх асуудал их байхад элдэв томилгоотой зууралдсаар цаг алдаад байх шиг. Шууданчид салбараараа ажил хаяна гэж байна. Энэ үгээ зөвхөн ТӨХ-нд биш Ерөнхий сайдад л хаяглаж байгаа юм билээ. Шийдлийн Засгийн газарт шуудан хэрэггүй гэж үү.

Д.Бичээчхүү

Зууны мэдээ


URL:

Нэр: enrel Огноо: 17 April 2015

хэн хэндээ буруу өгөөд байх юу байхавдээ ямарчил хүн өөрийн хүнээ ажилд авдаг энийг би саяханаас биш хэдэн жилийн өмнө мэднэ шүү энэ угаасаа нэг хууль тогтцон юм шиг байгаан энийг л цэгцлэх хэргэтэй гэж л хүсэх хэрэгтэй тэрнээс биш энэ засгийн газар гараад ийм байдалд арайч оруулаагүй байхаа

Нэр: oyuka Огноо: 17 April 2015

Ганц удаа нэг үндэстэн шиг сэтгэл итгэлээ нэгтгээд энэ ЗГ-аа дэмжээд, түлхээд, уухайлаад, хамтдаа зүтгээд үзий л даа. Амжилт бид бүгдийх бна

Нэр: Ulziikhishig Огноо: 17 April 2015

Бид сэтгэлийн асар их хөдөлгөөнтэй ард түмэн. Хариуц******** үр дүн гэсэн асуудлыг хаядаг мартдаг, мартуулдаг. Одоо үр дүнг харах асууд******** үлдлээ

Нэр: buya Огноо: 17 April 2015

ШИЙДЛИЙН ЗГ ГАРААД 100 ГАРУЙ АЖИЛ ТӨЛӨВЛӨӨД БАРАГ 40ГАРУЙГ НЬ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛСЭН БДГ БАТТАЙ ОР ҮНДЭСТЭЙ МЭДЭЭ ОЛЖ БИЧИХ ХЭРЭГТЭЙ,

Сэтгэгдэл бичих