Я.Батсуурь Н.Алтанхуягийн “хөлд” чирэгдэн золиослогдов уу

1429226802553045322f39e

“Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Я.Батсуурь одоо Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэж байгаа. Тэрбээр хоригдсоноос хойш хоёр сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасан “Аж ахуйн нэгж, байгууллагын өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд онц их хэмжээгээр завшиж үрэгдүүлсэн”, 265 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан “Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан эрх мэдэл албан тушаалаа урвуулж, онц их хэмжээний хохирол учруулсан” гэсэн үндэслэлээр яллагдагчаар тооцсон нь энэ.

Түүний биеийн байдал муудаж, өмгөөлөгч нь батлан даалтад авах хүсэлтээ удаа дараа илэрхийлсэн ч, авч хэлэлцээгүй. Мөн хилс хэрэгт холбогдуулан цагдан хорьж буйг Я.Батсуурь эсэргүүцэн өлсгөлөн зарлана гэсэн боловч, биеийн байдлын улмаас эмч нар хүлээн зөвшөөрөөгүй аж. Иймд тэрбээр НҮБ-д хандахаар болжээ.

Я.Батсуурь “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал байхдаа Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг түүний хүргэн гэгдэх Г.Дэнзэнгийн эхнэрийн “Говь Повер” ХХК-д 4.5 тэрбум төгрөгийг эвлэрлийн гэрээний үндсэн дээр олгосон асуудалд ороод байгаа. Өөрөөр хэлбэл Я.Батсуурь Н.Алтанхуягийн “хөлд” чирэгдсэний улмаас ийнхүү асуудалд ороод байна.

4.5 тэрбум төгрөгийг олгох болсон асуудал урт түүхтэй. Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнгийн эхнэрийн “Говь Повер” компаниар нүүрс тээвэрлүүлэхээр 17 тэрбумын гэрээ байгуулсан. Тухайн үед Ерөнхий сайд Н.Алтанхуяг байсан учир 17 тэрбумын тендерийн асуудал нэлээд шуугиан тарьсан. Энэ талаар ч тэр үед Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ярьж, ийм зүйл байхгүй гэх тайлбарыг хийж ч байсан удаатай. “Эрдэнэс Тавантолгой” компанийнхан дээрх тендерийн гэрээг цуцалснаар “Говь Повер” компанийнхан 7.4 тэрбумын хохирол учирсан гэж шүүхэд хандсан байдаг. Шүүхийн шийдвэрээр нөхөн төлбөр болох 4.8 тэрбум төгрөгийг дээрх компанид өгсөн нь өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Я.Батсуурийг хоригдох хүргээд байгаа юм.

Ийнхүү Н.Алтанхуягийн хүргэний компанийн асуудлаас болж эрүүл мэндээрээ хохирон байж, Я.Батсуурь хоригдож байна. Авлигын шинжтэй мөнгөний асуудалд орооцолдоогүй, өмнөх ажлаа хийж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэх Я.Батсуурь НҮБ-д хандаад байгаа нь олон улсад манай улсын нэр хүндийн талаар яригдах нөхцөл байдал үүсээд байна.

Тавантолгой төслийг урагш хөдөлгөж, эдийн засгийн эргэлтэд оруулахаар хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулах гэж буй. Гэхдээ УИХ-аар хэлэлцсэний дараагаар гэрээ хүчин төгөлдөр болох учиртай.Яг ийм цаг үед “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Я.Батсуурийг хорьчихоод байгаа. Хөрөнгө оруулагчидтай Тавантолгойн асуудлаар хэлэлцээр хийж байсан учир түүний оронд үүрэг гүйцэтгэгчийг томилоод байгаа нь Ч.Сайнбилэг юм. Түүнийг экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн багийн найз, нэг ангийн хүүхдүүд ч гэж хэвлэлээр бичигддэг. Я.Батсуурийн тухайд Н.Алтанхуягийн хүргэний компанид шийдвэрийн дагуу нөхөн олговор олгосныхоо төлөө хоригдож сууна.

Ц.Цацрал


URL:

Нэр: Anonymous Огноо: 17 April 2015

iim argaar shuuh tsagdaag oroltsuulan baij mongo zavshsan yum bainshd. zevuun baina shuu.

Сэтгэгдэл бичих