Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод туслах “АЮУЛГҮЙ УТАС” аян амжилттай зохион байгуулагдлаа
Монгол Улсын Хууль Зүйн Яам, Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд ТББ нь Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа Түр хамгаалах байр хамтран гэр бүлийн хохирогчдод туслах “Аюулгүй утас” аяныг 2015 оны 3 сарын 9-ны өдрөөс эхлэн 4 сарын 12-ны өдрийг хүртэл зохион байгууллаа.
Тус аяны зорилго нь гэр бүлийн хүчирхийллийн талаар олон нийтэд мэдээлэл түгээх, түүний онцлог байдлыг таниулах, Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсөд, Түр хамгаалах байранд байрлаж байгаа хохирогчдод туслахад өөрийн хувь нэмрээ оруулах явдал юм.
Гэр бүлийн хүчирхийллийн олон тохиолдлуудад хүчирхийлэгч этгээд хамгийн түрүүнд хохирогчийн гар утас болон холбоо барих хэрэгслийг устгадаг болох нь тогтоогдсон байна. Ингэснээр тухайн хүчирхийлэлд өртөж байгаа хүн эмнэлэг, цагдаагийн болон бусад тусламжийг авах хугацаа оройтоход хүргэдэг байна.
Тиймээс аяны гол үйл ажиллагаа нь олон нийтэд хэрэглэгдэхгүй, хадгалагдаж буй гар утсыг хэрэгцээтэй байгаа гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсөд буюу хохирогчдод дамжуулан хүргэх буюу тусламж дуудах гүүрийг бий болгоход чиглэсэн. Мөн хохирогчдийг дахин хүчирхийлэлд өртөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цаг алдалгүй тусламж дуудах, амь насаа аврахад нь тусладаг байна.
Аяны хүрээнд олон нийтээс хандиваар цугларсан энэхүү гар утаснуудыг цэнэглэгчийн хамт Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа Түр хамгаалах байранд хүлээлгэн өглөө.
URL: