С хепатиттай 52.500 хүнийг яаралтай эмчлэх шаардлагатай

222hlqq6htaps7f136ii6g9bjv

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбын тушаалаар байгуулагдсан С хепатитын халдварын эмчилгээний удирдамж боловсруулах ажлын хэсгийн хоёр дахь удаагийн шуурхай хурал өнөөдөр /2015.04.15/ боллоо. С хепатитыг эмчлэхээр Эрүүл мэнд, спортын яам, “Мэргэжлийн эмч нарын холбоо” ТББ, Эм эмийн бүтээгдэхүүний компани зэрэг төрийн болон хувийн хэвшлийнхэний оролцоог тэгш ханган хамтран ажиллаж байгаа билээ. Ажлын хэсгийн нэгдсэн хоёр дахь хуралдаанд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, ЭМС-ын яамнаас байгуулагдсан ажлын хэсгийн төлөөөлөл, Монголын элэгний эмч нарын нийгэмлэгийн төлөөлөл, Оном сан, Омбол компанийн төлөөллүүд оролцлоо.

Ажлын хэсгийн анхны хуралдаанаар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба С хепатитыг эмчлэх эмчилгээний удирдамж боловсруулах үүрэг өгсөн.

Энэ хүрээнд ажлын хэсгийнхэн удирдамжаа боловсруулан сайдад танилцууллаа. Удирдамжинд эмийг хэрхэн оруулж ирэх, хадгалах, шинжилгээгээ яаж хийх, эмчилгээг сум, өрх, баг аймаг нийслэл гээд хүн бүрт хүрч хийхийн тулд эмч нарыг бэлтгэх, эмчилгээний орчныг бүрдүүлэх гээд маш нарийн дэс дараатайгаар жагсаан багтаасан байна.

Мөн С хепатитын идэвхитэй халдвартай хүмүүсийн судалгааг ДЭМБ болоод мэргэжлийн эмч нарын баг, ажлын хэсгийнхэний хийсэн судалгаан дээр тулгуурлан тогтоосон байна. Өнөөдрийн байдлаар нийт 150 мянга орчим хүн С хепатитын идэвхитэй халдвартай нь тогтоогдож үүнээс 52500 нь нэн тэргүүнд эмчилгээнд хамрагдах шаардлагатай гэсэн судалгаа гарсан байна.

С хепатитын халдвар авсан хүн оройлцоогоор 20 жилийн дараа элэгний хатуурал, хавдар болох эрсдэлтэй байдаг тул идэвхитэй халдвартай гэж тогтоогдоод байгаа 150 мянга орчим хүнээ бид ойрын 5-6 жилийн хуганцаанд эмчилж элэгний хатуурал, хавдар болохоос нь өмнө эдгэрүүлэх зорилтыг тавьж байна хэмээн ажлын хэсгийнхэн танилцууллаа.

Үүн дотроо нэн тэргүүнд эмчилгээ шаардлагатай байгаа 52500 хүний, нэг хүн ноогдох эмчилгээний зардлыг нарийн тооцож гарган эмчилгээг хугацаа алдалгүй эхлүүлэхээр ажиллаж байна. Энэ үеэр Архаг С хепатитыг эмчлэх вирүсийн эсрэг үйлчилгээтэй “Harvoni” эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэх ажлын явцыг “Омбол” компаныхан танилцууллаа.

Ийнхүү ажлын хэсгийнхэний боловсруулсан С хепатитыг эмчлэх эмчилгээний удирдамж дахин хянагдан батлагдаснаар нэгдсэн цогц хөтөлбөрийн хүрээнд С хепатитын эмчилгээ хийгдэх юм.

Олон нийтэд хүлээлт үүсгээд байгаа энэ үед нэгдмэл нэг бодлогоор хөтөлбөрөө хэрэгжүүлэх чиглэлийг салбарын сайд ажлын хэсгийнхэд дахин өглөө.

Энэ ажил бол хамтын хариуцлага, хамтын үр дүн байх ёстой. Үр дүнг нь хүртэх эзэд нь зөвхөн монголын иргэд гэдгийг мөн онцоллоо. /hiub.mn/


URL:

Сэтгэгдэл бичих