Х.Тэмүүжин: Казинод төрийн албан хаагч тоглохыг зөвшөөрөх хэрэггүй

УИХ-аар Казиногийн тухай, Казино байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн төслийг дэмжих эсэх дээр гишүүд талцан мэтгэлцэж байгаа юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Казиногийн хуулийн төсөлд та ямар байр суурьтай байна вэ?

-Аливаа асуудал эерэг сөрөг хоёр талтай байдаг. Казиногийн хуулийг би гишүүний хувьд дэмжиж байгаа. Монгол Улсад их спорт, тодорхой хэмжээний урлаг соёлын үйл ажиллагаа хөгжих ёстой. Үүний санхүүжилтийг бид шийдэж чаддаггүй. Бусад улс орнууд туршлагаас харахад урлаг соёл, шоу бизнесийг дэмжих томоохон хэмжээний үйл ажиллагааны хөрөнгө оруулалтын эх үүсвэрээ казиногоос авдаг. Казино байгуулаад түүнийг дагаж томоохон спортын тэмцээн явагддаг. Мөн казиног дагаж том брэндүүд, худалдаа аж үйлдвэрийн төвүүд орж ирдэг. Бид эдийн засгаа солонгоруулна, шинэ нөөцийг олно гэж байгаа бол энэ бидний боломж. Тийм учраас казино байгуулах нь Монгол Улсын эдийн засагт томоохон эргэлтийн араа бий болж байна. Нөгөө талдаа казино өөрөө зарим төрлийн гэмт хэргийн эх үүсвэр болох магадлалтай. Үүнийг бид шийдэх шийдлээ гаргаж ирэх ёстой юм. Үүний тулд казино байгуулах аж ахуйн нэгж компанитай байгуулах гэрээгээ маш сайн хийх ёстой.

Хэрвээ казино байгуулах гэж байгаа бол хажуудаа спортын заал, концертын танхим, дагалдах бизнесээ оруулж ир гэдэг гэрээ хийхээс гадна Монгол Улсын аюулгүй байдал, хууль сахиулах үйл ажиллагаатай холбоотой гэрээг ч хийх хэрэгтэй. Казиногийн эргэн тойрон дахь аюулгүй байдлыг хангахын тулд тухайн гадна орчин, гудамжийг камержуулж, цагдаагийн тасагтай холбох, дотор талд байгаа камерийн бичлэгийг хэн нэгэн хүрч засвар хийх бололцоогүй байх, сараас доош хугацаанд хадгалах нөхцөлийг зааж өгөх ёстой. Ингэвэл ямар ч зөрчил, гэмт хэрэг гарсан хууль сахиулах байгууллагууд асуудлыг авч хэлэлцэн шалгах бололцоотой.

-Казино дагаж мөнгө орж ирэхээс гадна хар тамхи, мөнгө угаах зэрэг хууль бус бизнес цэцэглэнэ гэж сэрэмжлэх хүмүүс байна. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

-Казиног дагаж зохион байгуулалттай гэмт хэрэг үүсэх магадлал байдаг. Энэ нь мөнгө угаах, хар тамхи зэрэг. Энэ хяналтыг тавихын тулд гадны улс орны туршлагыг хэрэгжүүлэх ёстой. Казино байгуулахаар харуул хамгаалалтын асуудал гарч ирнэ. Тухайн компанийн харуул, хамгаалалтад ажиллаж байгаа хүмүүс зөвхөн тэр компанийн үгээр ажилладаг болж хувирдаг. Уг зохион байгуулалтаар хүнийг айлган сүрдүүлж, хууль бус зүйлд татагдах магадлалтай. Харин бусад улс орнууд казинод харуул хамгаалалт ажиллуулах гэж байгаа бол хамгаалагч хүн бүрийг тусгай лицензжүүлдэг. Хэрвээ тусгай зөвшөөрөл авсан хамгаалагч хууль зөрчсөн үйлдэл гаргавал лицензийг нь хурааж авдаг. Лицензээ хураалгасан хүн дахиж хамгаалагчийн ажил хийхгүй. Тусгай зөвшөөрөлтэй хамгаалагчид компанийн удирдлага хууль бус даалгавар өгөхөд биелүүлэх юм бол лицензээ хураалгана. Тийм учраас хуулинд нийцсэн арга хэрэгслээр л ажиллана. Энэ тогтолцоог бий болговол зохион байгуулалттай гэмт хэрэг гарахгүй. Харуул хамгаалалтын ажилтан нь хууль эрх зүйн өндөр мэдлэгтэй, хуулийг дээдэлж ажилладаг, бусдад гэмтэл учруулахгүйгээр харуул хамгаалалтын техник хэрэгслийг ашигладаг ур чадвартай, хүмүүстэй харьцаж чаддаг тусгай бэлтгэгдсэн хүмүүс байх ёстой. Үүнийг дагалдах хуулиар шийдэх ёстой. Энэ нь зохион байгуулалтай гэмт хэрэг үүсэх асуудлыг байхгүй болгож байгаа юм.

-Казиногийн хуульд дагалдах хуульд өөрчлөлт оруулах нь ээ?

-Би казиног дэмжиж, шийдэх ёстой гэж харж байна. Гэхдээ холбогдох цогц хуулиудад өөрчлөлт оруулах ёстой.

-Хоёр казино байгуулагдана гэж хуулийн төсөлд заасан байна лээ. Таны хувьд байршлыг нь хаана баривал зохистой гэж бодож байна вэ?

-Эдийн засгийн хувьд үр ашигтай байж болох газрыг л сонгох ёстой. Казино байгуулах гэж байгаа бол тухайн аж ахуйн нэгжид шинэ хот төлөвлөх боломжийг нээж өгөх ёстой. Түүнээс бус бэлэн дэд бүтэцтэй газар байгуулж болохгүй. Бэлэн дэд бүтэцтэй газартаа бид өөр зүйл хийх хэрэгтэй. Ядаж дэд бүтэц байгуулвал тэнд шинэ хот суурьшлийн бүс үүснэ гэсэн үг.

-Манайд казино байгуулах хөрөнгө бэнчинтэй үндэсний үйлдвэрлэгч компани хуруу дарам цөөн. Тиймээс ямар компанид энэ эрхийг өгөх гээд байна гэсэн хардлага гарч байсан. Үүнд?

-Казино байгуулахын тулд бизнесээс гадна спорт, урлаг, аюулгүй байдал гээд олон зүйл дагалдана. Энэ өртгийг дааж чадах компани л орж ирнэ. Тиймээс заавал манай компаниудаас байх албагүй.

2lmoh7vntbht99k65608gh32t1

Гэрэл зургийг MPA.mn

-Казино байгуулж байгаа этгээд нь Монгол улсын харьяат байна гэж заасан байсан. Зөвхөн казино байгуулах тусгай зөвшөөрөл гэхэд 35 тэрбум төгрөг шүү дээ?

-Монгол компаниудад эх үүсвэр дутагдаж болно. Тиймээс хөрөнгө оруулалтыг гаднаас татах байх. Хамгийн гол нь эх үүсвэрээ татах. Хамгийн гол нь казино байгуулагдсанаар спорт, соёл хөгжих ёстой. Хууль сахиулах аюулгүй байдал, дэд бүтэц ч хөгжих ёстой. Казино ажиллуулснаар татвар аваад, татварынх нь орлогын 50 хувийг нь эрүүл мэнд, боловсролд зарцуулах ёстой гээд зааж болно шүү дээ. Ингэвэл өнөөдөр төсөв дээр шийдэж чадахгүй байгаа зардлуудаа шийдээд явна. Үүнийг шийдэх чадвартай хүн казино байгуулах ёстой. Дундаас нь хэн нэгэн ашиг олох гээд, авлига авах гээд эсвэл аль нэг улс төрийн хүчин манай, танай гэж маргалдаад байх шаардлагагүй. Нөхцөлүүдээ л тодорхой заачих хэрэгтэй.

-Казино байгуулснаар монгол иргэдийг оруулахгүй гэсэн заалт байна лээ. Зөвхөн гадаадын 21-ээс дээш насныхан орж үйлчлүүлж болно гээд. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа бол?

-Монгол иргэд орж үйлчлүүлж болно. Казинод монгол иргэд орж үйлчлүүлж болохгүй гэх заалт шаардлагагүй гэж бодож байна.Гэхдээ дотоодын иргэдийнхээ тоглох дээд хязгаарыг зааж өгч болно. Эсвэл гомдол гаргасан тохиолдолд казиногоор орж үйлчлүүлэх эрхийг нь хязгаарлаж болно. Нэг зүйл л маш тодорхой байх ёстой. Макао зэрэг улсад төрийн албан хаагч казиногоор үйлчлүүлдэггүй дүрэмтэй. Хятадын Цагаан сараар төрийн албан хаагч нарыг гуравхан хоног л казинод тоглохыг зөвшөөрдөг юм билээ. Манайд бол төрийн албан хаагчийг казинод тоглуулахыг зөвшөөрөх ч хэрэггүй. Нийтийн албанд нийтийн мөнгийг зарж байгаа хүн мөнгө эргэлдүүлэх тоглоом тоглох нь зохистой  зүйл биш учраас хорьчих хэрэгтэй.

-Манайхан Солонгос зэрэг улсад очиж казино тоглодог гэдэг. Хуульзүйн сайд байсан хүний хувьд танд энэ талаар мэдээлэл ирж байсан болов уу. Ойролцоогоор хичнээн хэмжээний мөнгийг казинод эргэлдүүлсэн гэдэг ч юм уу?

-Албан ёсны статистик мэдээлэл байхгүй л дээ. Бизнес эрхэлж байгаа хүний Монгол Улсад эргэлдэж байгаа мөнгөн дүнг нь хараад, нэлээн томоохон нэр бүхий хүмүүсийн мөнгөн дүнтэй харьцуулаад үзэхэд бизнесийнхээ ашгийн 50 хувиар нь гадагшаа казинод урсгаад гаргачихаж байгаа нөхцөл анзаарагдсан.

-Казиногийн хууль АН-ын эрх барьж байгаа үед л өргөн баригдаж байна. Үүний цаана ямар эрх ашиг явагдаад байна вэ, 1998 оных шиг хэн нэгнийгээ хэлмэгдүүлчих вий гэх мэт болгоомжлол, хардлага, сэрэмжлүүлэг байх шиг байна?

-Хардах нь хүн бүрийн л эрх. Гагцхүү нөхцөлөө заагаад, тухайн нөхцөлийг хангаж байгаа компанийг сонгон шалгаруулахаар нээлттэй явуулчих. Хамгийн гол нь мэдээлэл нь нээлттэй, сонгон шалгаруулалт нь тодорхой байх хэрэгтэй. Харилцан ашигтай нөхцөлийг хангаж чадвал энэ төсөл амжилттай явна. Гэхдээ эдийн засгийн ашигтай нөхцөл гээд мөнгө шаардахаас илүүтэй давхар ашгуудаа тооцох ёстой. Монгол Улсад спорт, соёл урлаг хөгжих, гэмт хэргийн нөхцөл дордож болохгүй, боловсрол, эрүүл мэнд ч сайжирна гээд нөхцөлөө тодорхой тусгах хэрэгтэй.

1998 онд Казиногийн хууль батлагдахад улс төржилт явагдаад унасан. Казиногийн хууль батлагдаж байх явцад зарим нэг иргэн УИХ-ын гишүүдийг хардсан. Гэхдээ казинотой холбоотой асуудлаар хүмүүс ял аваагүй, өөр зүйл байсан. Энэ нь улс төр увайгүй байгаагийн шинж. Ялгаатай үзэл бодол, байр суурь байж болно. Энэ байр суурь, үзэл бодлыг үндэслэлээр нотлох ёстой болохоос бус, бусдынхаа бөгсийг ухаж хэрэг төвөгт гүтгэн доромжилж нотолгоо хийж болохгүй. Манай улс төрд бохир арга яваад байгаа учраас эцсийн дүндээ дэвшилттэй санал санаачлага ч таагүй болж хувирдаг.

Н.Энх


URL:

Нэр: Сарантуяа Огноо: 16 April 2015

Тэгэж солонгорохгуй! Тэжээж чадахгуй олон сая иргэд тээж дийлэшгуй их бизнес урлаг спорттой биш. Галуу дуриаж хэрээ хелее хелдеелей. Ард тумэнд хэрэггуй аливаа хууль хэрэггуй ээ. Тэр тусмаа казино. Энэ Их Хурал тэсээд нийгэмд гай тарьчихгуй байж тараасай. Елен ховдог юмнууд.

Сэтгэгдэл бичих