Женнифер Лопез: 40 гарсан би 24-тэй бүсгүйтэй зэрэгцээд зогсоход ялгарахгүй
Эдүгээ хоёр ч хүүхдийн ээж болж, хэдийнэ 45 насны босгыг алхсан ч Холливудын халуухан бүсгүйчүүдийн жагсаалтад багтсаар буй дуучин, жүжигчин Женнифер Лопез “Хөрш айлын залуу” гэх эротик кинонд тоглосон билээ. Түүний тоглосон энэхүү кино өнгөрөгч нэгдүгээр сард Америкт нээлтээ хийсэн юм. Ингээд түүний амьдрал, шинэхэн уран бүтээлийнхээ талаар дэлгэсэн ярилцлагыг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.
-Эх хүн, мөн амьдрал зохиож явсан хүний хувьд “Хөрш айлын залуу” киноны дүртэй адил төстэй зүйл танд их байна. Дүрээ гаргахад хамгийн түвэгтэй асуудал нь юу байв?
-Гэр бүлийн харилцаа нь нурж, салахын ирмэг дээр байгаа маш их ганцаардлыг мэдэрч буй бүсгүйн дүрийг бүтээсэн. Ер нь ямар ч дүр авсан тэнд том сорилт дагаж явдаг. Дүр бүтээхэд том сорилт, бэрхшээлтэй тулгарах тусам надад сонирхолтой санагддаг юм.
-Таны номыг уншихад салалт танд маш том шарх үлдээсэн юм шиг санагдсан. Учир нь таны эцэг эх, амьдралын хатуу ширүүн бүхнийг туулж 30 гаруй жил ханилсан шүү дээ. Энэ хугацаанд салалт тэдний сонголт биш байсан.
-Тэд урт удаан хугацааг хамтдаа туулсан. Хэрвээ тэд салсан бол тэдний хувьд маш хэцүү шийдвэр байх байсан болов уу. Тэд чи гэрлэсэн л бол түүнийгээ насан туршдаа хадгалан үлдэх ёстой гэж сургадаг байсан юм. Харин өөрийнхөө тухай ярихад миний анхны гэрлэлт амьдрал болж чадаагүй, хоёр дахь маань ч гэсэн. Марктай /Энтони/ бүтэлтэй байх гэж хичээсэн. Гэсэн ч салсан. Энэ салалт миний зүрх сэтгэлийг үгүй хийсэн. Тэр үед цаг ямагт л өөрийнхөө азгүйг гайхдаг байлаа. Гэхдээ тэдгээр зовлон шаналалууд чиний өөрийгөө гэсэн сэтгэлийг сэдрээдэг юм билээ. “Тийм ээ. Би алдсан. Яагаад ажилдаа анхаарлаа хандуулж болохгүй гэж?” ингэж бодох өөрийгөө олох хүчийг өгөх хамгийн шилдэг арга. Миний өмнө тулгарсан тэр бүх сорилт, зовлон бэрхшээлд талархаж байна. Яагаад гэвэл тэр хэрээр өсч, дэвжих хүсэл эрмэлзэл, хэзээ ч няцашгүй зориг тэвчээр намайг эзэмдэж байсан юм. Тийм болохоор одоо өнгөрснөө эргээд бодохдоо би жаргалтай байдаг. Тухайн үед сэтгэл минь өвдөж байсан. Гэхдээ одоо бол өөрийгөө хүндэтгэж чаддаг, өөрийнхөө аз жаргалыг олж, түүнийгээ зөвхөн гэр бүлдээ бус бүх дэлхий даяарх хүмүүст түгээж чаддаг тийм хүчирхэг эмэгтэйгээр би өөрийгөө хардаг.
-2001 онд Chicago Tribune-д нийтлэгдсэн нэг нийтлэлд та “Би магадгүй хэн нэгний төсөөлж байснаас ч илүү дэврүүн мөрөөдөлтэй хүн байх. Үлгэрт одоо хүртэл итгэдэг гэдгээ хэлэхдээ би хэзээ ч ичихгүй” гэж хэлсэн байсан. Одоо ч гэсэн хэвээрээ юу?
-Тийм ээ. Одоо ч гэсэн өөрчлөгдөөгүй.
-Амьдрал гэдэг жаргалтай төгсгөлтэй үлгэр шиг биш байх?
-Тийм шүү. Гэхдээ бидэнд бага ч болов ухаарал хайрладаг. Ялангуяа бяцхан гүнж нарт. Ханхүү Чарминг хамтдаа явахыг хүсчээ, түүнээс хойш тэдэнд юу ч тохиолдолгүй амар амгалан аз жаргалтай амьдарч гэнэ гээд л “Цасан цагаан ба долоон одой” үлгэрт гардаг. Ахлах сургуульд анх удаа хүнтэй үерхэж, түүнээсээ салсаны дараа “юу болсон юм бол” гэмээр л царайтай болдог биз дээ. /Инээв/ Тэдгээр бүх зүйлүүд нэг нэгээрээ л ухааруулж байдаг. Хэн ч бидэнд залуу байхдаа өөрийгөө үнэлж, хайрлах, бусад хүмүүсийг хайрлаж, аз жаргалтай байна гэдэг юу юунаас илүү чухал гэдгийг сургаж байгаагүй. Ингээд бодохоор шударга бус ч юм шиг. 0-7 нас хүртлээ л бид “Цасан цагаан ба долоон одой”-г сонсч өссөн. Одоо бодоход хөгжилтэй санагддаг юм. Харин одоо би өөрөө хүүхдүүдтэй болж, тэднийхээ дуртай зүйлс болон тэдэндээ юуг зааж өгөх талаар боддог болжээ. Би хүүхдүүдээ үлгэрт гардаг шиг зүйлсийг төсөөлөн боддог байгаасай гэж хүсдэг. Гэхдээ хааяа өөрийнхөө сайн талыг олох нь хамгийн чухал гэдгийг мэдрүүлэхийг хүсдэг юм.
-Эрчүүдээс илүү эмэгтэйчүүд сэтгэлийн хөдөлгөөн ихтэй байдаг гэсэн тогтсон ойлголт байдаг. Харин энэ кинон дээр харилцаа нь төгсгөл болсны дараа уурлаж бухимдаж буй залууг дүрсэлжээ. Амьдрал дээр эмэгтэй хүн шиг сэтгэлийн хөдлөл ихтэй залуутай ер нь та таарч байв уу?
-Энэ бол хоёр талтай ойлголт. Эмэгтэйчүүдийг салж чадахгүй зууралддаг, гуйж гувшдаг гэх зэргээр эрчүүдээс илүү сэтгэлийн хөдлөл ихтэй гэж ихэнх хүмүүс дүгнэдэг. Гэхдээ эрэгтэй, эмэгтэй аль алинд нь ийм чанар байдаг. Хүйсээр нь ялгаж үзэх шаардлагагүй гэж бодож байна. Хэн нэгэн чамайг өөр хүнээр орлуулж буйг мэдрэхэд хүн өөрөө өөрийгөө хянаж чадахаа болидог. Үүнийг мэдрэх маш хэцүү. Гэхдээ үнэнийг хэлэхэд, бидний ихэнх нь тэр мэдрэмжийг амьдралдаа бага зэрэг л мэдэрдэг байх.
-Кинон дээрх “Хөрш айлын залуу” өөрөөс чинь хамаагүй дүү шүү дээ. Амьдрал дээр ч та өөрөөсөө залуухан эрчүүдтэй болздог байх аа?
-Тийм ээ. Нэг залуухан эртэй болзож байгаа
-Уучлаарай ахиад нэг зүйл тодруулья. Таны бодлоор ажлын байран дээр залуухан эрчүүд ахимаг насны эмэгтэйтэй дотно харилцаатай байж чадах болов уу?
-Залуу нь эмэгтэйгээсээ насаар ах тохиолдолд бол дотны харилцаа ажилд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй байх тийм үү.
-Тийм ээ.
-Тэгэхээр миний хувьд бол дээр асуусан асуултад чинь “тийм” гэж хариулна. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс юу нь өөр гэж.
-Үнэнийг хэлэхэд залуу охид ихэвчлэн өөрөөсөө насаар ах залуусыг сонирхдоггүй юм шиг?
-Миний хувьд хүн хүнээсээ л болох байх гэж бодож байна. Ялгаатай зүйл ч байна. Мөн нийтлэг зүйл ч гэсэн олон байгаа.
-Киноны нэг хэсэгт нэг хачин этгээд таны тоглосон дүрийн нүцгэн зургуудыг хичээлийнх нь танхимд наасан байдаг. Тэр хэсэг хувийн нүцгэн зурагнуудаа хакердуулж, интернэтээр дэлгүүлсэн олны танил хүмүүстэй адилхан санагдсан. Бусад тань нүцгэн зургаа хакердуулж байгаа тухай сонсоход танд юу бодогдож байв?
-Энэ бол хүний хувийн нууцад халдаж буй хэрэг. Чи ч гэсэн өөрийн гэсэн нууцтай байхыг хүсдэг л биз дээ. Хүмүүс бусдын анхаарал, сонирхлыг нь татахын тулд тэдний хувийн амьдралыг нь дэлгэж, эвгүй байдалд оруулж байна. Тэгээд бүр үүнийгээ юман чинээ бодохгүй. Тоохгүй. Энэ бол хэтэрхий харгис үйлдэл. Ийм юм хийж буй хүмүүсийг шийтгэх хэрэгтэй.
-Эмэгтэй жүжигчдийн оронд өөрийгөө тавьж үзэх шаардлагагүй гэж зөрүүдлээд байдаг хүмүүсийг ойлгодоггүй юм. Кинонд тоглохдоо нүцгэлдэг юм чинь гэх шалтгаанаар хувийн зүйлс рүү нь дур зоргоор халддаг.
-Дахин хэлэхэд, бид юу хийхээ сонгох эрхтэй. Хэн ч биднээс сонголтыг маань хулгайлах ёсгүй. Чамд ч гэсэн нэг өдөр найз залуу, найз бүсгүйтэйгээ галзуу зураг авхуулья гэсэн бодол төрдөг л биз дээ. Бид юу хийхээ өөрсдөө л шийддэг.
-Нүцгэлж буй бичлэгийг нь хүүхдүүд нь үзээд яах бол гэж асуудаг, шүүмжлэлтэй ханддаг хүмүүст та юу хэлэх вэ?
-Би ээж болохоор халуухан байж болохгүй гэж үү. Чи миний хүүхдүүд яаж хүлээж авна гэж бодоод байгаа юм бэ. /инээв/ Үнэнийг хэлэхэд, би тэднийгээ ичээх зүйл хийхийг хүсдэггүй. Гэхдээ хэзээ нэгэн өдөр тэд надад “Ээжээ та яагаад ийм юм хийгээд байгаа юм бэ” гэж хэлэхгүй гэдгийг баталж бас чадахгүй. /инээв/ Ямар ч байсан би 10 жил энэ байдлаа хадгалсаар байна гэж бодохгүй байна. Одоо бол надад сайхан байдаг. Би одоогийн замналаа зөв гэдэгт итгэдэг. Учир нь би бусад эмэгтэйчүүдэд сайн үлгэр дууриалал болж яваа. 40 гаруй насны би 24 настай бүсгүйтэй зэрэгцээд зогсоход ялгарахгүй. Бүсгүйчүүд үүнийг мэдэрч харах хэрэгтэй. Хүмүүс юу гэж хэлэх бол гэдгээс айж хийхийг хүссэн зүйлээ хийж чадахгүй хойш суух хэрэггүй.
-Таны хувьд төрөлхийн, байгалиас заяасан төрхөө эдүгээг хүртэл хадгалсаар ирсэн. Харин өнөөгийн залуу эмэгтэйчүүд гоо сайхны мэс засал их хийлгэдэг болж.
-Тийм шүү. Одоо үед зүс царай, бие гэдэг хуурамч болж.
-Холливудад дунд иргэм насны босгыг алхаад ирэхээр ямар байдаг вэ? Ээжээс өөр хүний дүр бүтээхийн төлөөх өрсөлдөөн байдаг уу?
-Тийм зүйл байхгүй. Хар л даа. Бүх эмэгтэй жүжигчид бүгд л ажиллаад явж л байна. Маш олон жилийн турш 40 гаруй насны жүжигчид сэтгүүлийн есдүгээр сарын дугаарын ковер болж байсныг би санаж байна. Учир нь нэг том кино гарч ирэхэд тэдний нэг нь тоглосон л байдаг. Халле Берри, Сандра Буллок, Жулиа Робертс, Женнифер Анистон гээд. Дэлхий ертөнц өөрчлөгдсөн. Бүсгүйчүүд өөрсдийгөө их торддог болсон. Бид чинь өөр цаг үед амьдарч байна шүү дээ.
-Нас ахих тутам танд ямар санагддаг вэ?
-20 гаруй насны бүсгүй байхаасаа илүү одоо бүх зүйлийг хийж чадаж байгаагаа бодохоор үнэхээр сайхан санагддаг. Маш их туршлага хуримтлуулсан.Би үүгээрээ бахархаж байна. “Үгүй дээ. Бидэнд олон боломж байгаа” гэдэг бодол эмэгтэйчүүдийн генд байдаг юм шиг байгаа юм. Магадгүй бидэнд өчнөөн олон боломж байгаа. Амьдрал гэдэг урт зам. Харин одоо миний хувьд амьдрал дөнгөж эхэлж буй мэт сайхан санагддаг.
-Та уран бүтээлийнхээ талаарх шүүмжүүдийг уншдаг уу?
-Заримдаа. Хүмүүс надад сайн сайхан сэтгэгдлийг л илгээдэг. Муу мэдээ надад огт хэрэггүй. Би интернэтээр хэсч, элдэв сэтгэгдлүүдийг уншаад байдаггүй. Хүмүүс сониуч зандаа хөтлөгдөөд тэгдэг байж болох ч, би бол тэгдэггүй. Яагаад би үүнийг хийх ёстой юм бэ? Хэрэв та зарим зүйлийг хайхыг хүсвэл, үгүйсгэл шүүмжлэлийг л олох болно. Гэхдээ үнэнийг хэлэхэд, үгүйсгэсэн шүүмжлэлүүд намайг дэмжсэн сэтгэгдлээс бага байдаг юм.
-“Jenny From the Block” дуу тань хөгжмийн ертөнцөд том тэсрэлтийг хийсэн. Мөн үүнийг дагаад атаа жөтөө ч их байсан байх?
-Уран бүтээл маань тухайн үедээ л хит болж байсан болохоор элдэв шүүмжлэлийн талаар бодож байгаагүй юм байна. Магадгүй огт мэдэхгүй байсан нь дээр байх. Тоглолт болгон дээрээ би энэ дуугаа дуулж, “Би одоо ч хорооллын Женни хэвээрээ” гэж хэлдэг. Хүмүүс ч их дуртай хүлээж авдаг юм. Намайг энэ замд адисласан бурхандаа баярлалаа. Намайг одоо хүртэл Бронкс стиллээ хадгалдаг гэдгийг хүмүүс мэднэ. Би одоо ч том цагариган ээмэгээ зүүж, кэйт, сул чөлөөт хувцас өмсөх дуртай хэвээрээ.
Эх сурвалж: www.mminfo.mn
Орчуулсан Б.Даваахүү
URL: