Өөрийгөө сайжруулж үнэ цэнэтэй байлга
Таны одоо байгаа энэ байдал өнөөдрийн тань амьдралыг бий болгосон гэдэгтэй санал нэг байгаа байх гэж бодож байна.
Хэрвээ өнөөдрийнхөө энэ амьдралыг өөрчилж, сайжруулахыг хүсвэл эхлээд өөрийгөө өөрчилж сайжруулах хэрэгтэй болно.
Forbes.com- ийн нэгэн нийтлэл дээр “Хэрвээ та өөрийгөө сайжруулахыг хүсвэл, өөрийнхөө үнэ цэнийг өсгөхийг хүсвэл өөрийгөө зах зээл дээр өрсөлдөж буй “бүтээгдэхүүн” гэж бодоод үзээрэй” гэж бичсэн байсан. Үүнтэй би санал нэг байна. Яагаад гэвэл амжилттай яваа компаниуд өөрсдийн гаргасан бүтээгдэхүүнээ зах зээл дээр сайн борлуулахын тулд бүтээгдэхүүнээ жилийн жилд сайжруулж, шинэчилж, үнэ цэнийг нь өсгөж байдаг. Яг үүний адил бид бол өөрөө өөрсдийнхөө бүтээгдэхүүн. Тиймээс өөрийн энэ бүтээгдэхүүнийг зах зээлд өрсөлдөхүйц байлгахын тулд өдрөөс өдөрт, жилийн жилд сайжруулж үнэ цэнээ өсгөх хэрэгтэй.
Үүний тулд өөрийнхөө эрүүл мэнд, мэдлэг, чадвар, ааш зан, дадал зуршил, өөртэйгээ болон бусадтай харьцах харьцаа… гээд л бүгдийг нь дотно гаднагүй өнгөлөн сайжруулах хэрэгтэй.
Магадгүй танд сайжруулах хүсэлтэй олон зүйл байж болох юм. Тиймээс сайжруулахыг хүссэн олон зүйлээсээ зөвхөн нэгийг нь сонгож, түүнийгээ сайжруулж эхлээрэй гэдгийг би зөвлөмөөр байна.
Хамгийн гол нь сайжруулахын тулд та өнөөдөр юу хийх гэж байна вэ? юу хийж байна вэ? гэдэг маш чухал шүү. Өөрийгөө сайжруулмаар л байна, өөрийгөө одоо байаагаасаа илүү дээр хүн болгомоор л байна гээд бодоод яваад байх юм бол, бодоод л яваад байна.
Тиймээс дахин хэлье! Үүнийхээ төлөө та өнөөдөр юу хийж байна вэ гэдэг маш чухал.
Заримдаа бид өөрсдийгөө сайжруулахын тулд үнэтэй жимэнд(gym) явах эсвэл үнэтэй сургалтанд явах гээд байдаг. Гэвч санхүүгийн боломжгүйгээс болоод хойшлуулдаг. Үнэн хэрэг дээрээ өөрийгөө сайжруулж эхлэхийн тулд заавал их мөнгө зарцуулах шаардлагагүй гэж бодож байна. Маш жижиг, энгийн, өдөр тутмын хийдэг үйлдлээсээ эхлэх нь зүйтэй.
Жишээлбэл: Миний анхны өөрийгөө сайжруулах алхам нүүр гарын алчуураа хэрэглэж дууссаны дараагаар эвхэж тавих дадлыг эзэмшихээс эхэлж байсан. Үүнийгээ би өдөр болгон давтаж хийснээр одоо нүүр гарын алчуураа эвхэж тавьдаг сайхан дадалтай болсон.
Тэгэхээр таны хувьд юу байж болох вэ?
Цагаан будаагаа бор будаагаар орлуулдаг ч юм уу, таван тамхи татахын оронд гурвыг татдаг ч юмуу, өдөрт гучин минут ном уншиж эхлэх, орой хорин минут алхах, хувцсаа тайлаад тэр дор нь эвхэж сурах, өглөө болгон нэг литр ус уух, өдөр бүр тавхан минут амжилтын тарни урих, орой унтахаасаа өмнө маргааш хийх ажлаа төлөвлөх, зорилгоо цаасан дээр бичиж өдөр бүр түүнийгээ уншиж өөртөө сануулах, амжилтын дэвтэр нээж түүнийгээ хөтлөх, хүмүүст урам хайрлаж сурах, муу санаж явдаг хүмүүсээ уучлах…. гээд л цааш нь юу ч байж болно.
Тэгэхээр та яг одоо ‘амжилтын дэвтрээ’ нээгээд өөрийнхөө юуг сайжруулмаар байна вэ бичээрэй. Тэгээд өнөөдөр, яг одооноос эхлээд түүнийгээ хэрэгжүүлж эхлээрэй. Бас энэ тухайгаа доор бичээрэ
АМЖИЛТЫН ТАРНИ
БИ ӨӨРИЙГӨӨ ӨДРӨӨС ӨДӨРТ САЙЖРУУЛЖ БАЙНА!
ХҮС. ХИЙ. ХҮР.
URL: