Троллейбус найман чиглэлд явах боломжтой

Түлш, шатахуун ховордож автобус компаниуд нийтийн тээврийн үнээ нэмсэн  хэдий ч “Цахилгаан тээвэр” компанийн  троллейбусны үнэ хэвээрээ байгаа. Ихэнх хүн хямдыг нь сонгох нь тодорхой учраас автобуснуудын үнэ нэмэгдсэнээс хойш троллейбусанд суух хүмүүсийн тоо олширч ачаалал нь ихэсч байгаа. Энэ нь “Цахилгаан тээвэр” компанийн ашиг орлогыг нэмэгдүүлж байгаа бололтой. Гэхдээ үйлчилдэг чиглэл нь цөөхөн, хэдхэн троллейбус байгаа гэгдэж буй. Тиймээс “Цахилгаан тээвэр” компанийн дэд захирал Я.Лхагвасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Нийтийн тээврийн үнэ нэмэгдээд нэлээд хэд хонолоо. Троллейбусаар үйлчлүүлэгчдийн тоо  өмнөхөөсөө хэр өсч байна?

Мэдээж өмнөхөө бодвол нэмэгдэж байгаа. Автобусанд 400 төгрөг төлснөөс троллейбусанд 200  төгрөг төлсөн нь хүмүүст илүү хэмнэлттэй шүү дээ. Тиймээс орлого  сайжирсан гэж хэлж болно.

-Одоо аль аль чиглэлд хэдэн  троллейбус явж байгаа вэ?

Анх “Цахилгаан тээвэр” компани 150 троллейбусыг найман чиглэлд явуулж эхэлсэн. Гэвч цаг хугацаа өнгөрөх хэрээр элэгдэн хуучирч ашиглалтаас гарсаар одоо нийт гурван чиглэлд 36 троллейбус үйлчилгээнд явж байгаа. Офицеруудын ордноос БММЗ чиглэлд 14, гурав дөрөвдүгээр хороолол чиглэлд 14, Ботаникаас Вокзал чиглэлд найман троллейбус тус тус явж байна.

-Троллейбусны тоо болон чиглэлийг нэмэгдүүлэх боломж байгаа уу?

Уг нь боломж байгаа л даа. Даанч хөрөнгө мөнгөний тал дээр хэцүү. Манайх троллейбусаа Монголдоо үйлдвэрлэдэг болсон. Нэг тролейбус бүтээхэд  ойролцоогоор  60 сая төгрөг зарцуулдаг. Гэхдээ гадаад улсаас оруулж ирснээс зөвхөн тоног төхөөрөмжийг нь худалдаж аваад эндээ хийх нь хямд  тусдаг. Сүүлийн таван жилээс төр засагтай хамтарч энэ тал дээр ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд ашиглалтад байгаа троллейбусны насжилтыг уртасган, зорчигчдын тав тух, аюулгүй байдлыг хангах, техник технологийн шинэчлэлт хийхийн зэрэгцээ шинэ загварын троллейбус, электробус, дуобус угсран үйлдвэрлэх ажлын эхлэлийг амжилттай тавьсан. 2011 ондоо багтааж хоёр троллейбус үйлчилгээнд нэмж гаргах бөгөөд дараа жилдээ арвыг өөрсдөө үйлдвэрлэж гаргана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Цаашдаа төрөөс илүү сайн дэмжиж паркийн шинэчлэлд анхаарлаа тавьж ажиллавал ард иргэдэд хямд үнээр үйлчлүүлэх боломж нээгдэж дээр хэлсэнчлэн урьд нь байсан хуучин шугамыг сэргээж дахин  чиглэл гаргаснаар заавал 400 төгрөгөөр биш 200 төгрөгөөр  явж, гурван чиглэлээ найм ба түүнээс ч олон болгох бүрэн боломж бий болж эдийн засагтаа ч хэмнэлт гаргана гэсэн үг.

-Манай монгол инженерүүдийн угсарч байгаа электробус, дуобус зэрэг шинэ троллейбусны онцлог нь юу вэ?

Цахилгаан машины ашиглалтын зардлыг бууруулж, үйлчилгээний найдвартай ажиллагааг баталгаажуулан, өрсөлдөх чадварыг сайжруулах зорилгоор 2007 онд JEA-800M электробус \акумляторын систем\, 2008 онд JEA-800F дуобус \дизель, цахилгаан хөдөлгүүрийн хосолмолын систем\-ийг угсран үйлдвэрлэж гаргасан. Эдгээр троллейбус нь цахилгаан хангамжийн системээс хамааралгүй ажиллах боломжтой гэдгээрээ илүү онцлогтой.

Э.ЭНХЧИМЭГ


URL:

Сэтгэгдэл бичих