Я.Батсуурь эрхээ хамгаалуулахаар НҮБ-д хандана

bae546897338201504080009 “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурийг цагдан хориод хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байна. Хорих 461 дүгээр ангид  хоригдож  буй түүнийг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасан “Аж ахуйн нэгж, байгууллагын өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд онц их хэмжээгээр завшиж үрэгдүүлсэн”, 265 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан “Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан эрх мэдэл албан тушаалаа урвуулж, онц их хэмжээний хохирол учруулсан” гэсэн үндэслэлээр яллагдагчаар тооцсон гэдэг. Энэ нь яг үнэндээ бол “Эрдэнэс Тавантолгой” ХК гэрээ цуцалсны торгууль болгож Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнгийн “Говь Повер” компанид 5.4 тэрбум төгрөгийг төлөх ёстой гэсэн шүүхийн шийдвэртэй холбоотой аж. Нэгэнт шүүхээс шийдвэр гарсан тул торгуулийг төлөх үүрэг гүйцэтгэх захиралд ногдож таарна. Гэхдээ Я.Батсуурийг хорьсон шалтгааныг үүнээс гадна улс төрийн ашиг сонирхолтой холбон тайлбарлах хүмүүс ч бий.

Тиймдээ ч эрүүл мэндийн шалтгааны улмаас батлан даалтад гарч, хэргээ шалгуулах хүсэлтийг холбогдох газруудад нь хэдэнтээ тавьсан боловч татгалзсан хариу авсанбайх гэх юм билээ. Нэгэнт батлан даалтад гарах хүсэлтийг нь хүлээж авахгүй нь тодорхой болсон тул Я.Батсуурь өлсгөлөн зарлахаар шийдсэн. Гэвч Хорихын эмч нар зөвшөөрөөгүй учраас өөрийгөө хилс хэрэгт холбогдон  хэлмэгдэж байна хэмээн НҮБ-д хандаж эрхээ хамгаалуулахаар шийдсэнийг ойрын эх сурвалж дуулгалаа.

Я.Батсуурь өмнө нь АНУ болон Бангкок дахь НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисст байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан нэгэн. Тэр ч утгаараа хилс хэрэгт хэлмэгдсэн болон улс төрийн хэрэгтнүүдийн эрхийг хамгаалдаг Олон улсын байгууллага, түүний эрх зүйн зохицуулалтын талаар сайтар мэднэ. Ганцхан жишээ дурдахад Я.Батсуурь Монгол Улсыг төлөөлөн Тайландад Элчин сайдаар ажиллаж байхдаа  Малайзыг ч мөн хариуцдаг байсан. Тэр үед Монголын иргэн Ш.Алтантуяагийн амийг зэрлэгээр хөнөөсөн аймшигтай хэрэг гарч, Малайзын улстөрч, хууль хүчнийхэн оролцсон нь батлагдсан ч хэргийг тэгсхийгээд дарах оролдлого гарч байсан билээ.

Элчин сайд Я.Батсуурь нь энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагааг холбогдох Олон улсын байгууллагын анхаарлын төвд аваачиж чадсаны үр дүнд монгол бүсгүйн амийг бүрэлгэсэн этгээдүүдэд шүүхээс ял оноосон юм. Тиймээс энэ хэрэг болон өөр бусад асуудлаар хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллагатай хамтарч ажиллахдаа хуримтлуулсан туршлага, хэлхээ холбоогоо өөрийгөө хамгаалахад ашиглахаар шийдсэн биз ээ.

Хэрэв Я.Батсуурийн гэх энэ хэрэг олон улсын хэмжээнд яригдвал манай төр засгийн нэр хүндэд тийм ч таатай зүйл болохгүйг учир мэдэх хүмүүс ярьж байна. Гадаадын хөрөнгө оруулалтад халтай муу нэр дээрээ дотооддоо иргэдээ улс төрийн хэрэгт хилсдүүлсэн нэр зүүвэл ёстой л нөгөө “муу дээрээ муухай, муухай дээр улцан” гээч л болох байх даа.


URL:

Сэтгэгдэл бичих