Хушны самарт тавьсан экспортын хоригоо цуцалбал яасан юм бэ
Монгол Улс хуш модны самар экспортлох өргөн боломжтой улс боловч таван жилийн өмнөөс экспортлохоо больсон билээ. Уг нь хуш модон ой дэлхий дээр зөвхөн Монгол, Оросын нутагт ургадагтул бид бараг л монополь зах зээлийг бий болгож чадах байлаа. Орос-Хятад, Орос-Солонгосын хил залгаа нутгуудад хуш мод ургадаг ч чанарын хувьд манайхыг гуйцдэггүй гэж байсан.
Энэ тухай мэдээлэл бэлтгэн нийлүүлэгч нарт тэр бүр байдаггүй. Хушны самрын идээ нь Газар дундын тэнгис орчим оршин суугчдын хоолны нэгэн чухал орц болдог бөгөөд энэ хоолны үнэ чамгүй өндөр байдаг гэнэ. Мөн самраас гарган авсан тос нь эрүүл хүнсний нэгэн чухал бүтээгдэхүүн болдог юм гэнэ билээ.
МУИС-ийн Ой судлалын хүрээлэнгээс гаргасан тайланд “Самрын чөмөгний найрлагад тос, тослог 59.9 хувь, уураг 19.6 хувь, нүүрстөрөгч 16.7 хувийг эзлэхийн зэрэгцээ цардуул эрдэс бодис, витамин зэрэг бусад бодис агуулагддаг.
Энэ чанарыг харгалзан самрыг эмчилгээ, гоо сайхан, хүнсний зориулалтаар өргөн хүрээтэй ашигладаг. Өнөөдрийн байдлаар хушны самрыг тос, цөцгий, майонез, шоколад зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд өргөн хүрээтэй ашиглаж байна.
Сүүлийн үед самраас хүний биед ашигтай магни, төмөр, зэс, фосфор, иод, эрдэс бодисыг нээн илрүүлээд байгаа нь эмчилгээний зориулалтаар ашиглах боломжтойг харуулж байгаа юм. Түүнчлэн самрын тосыг гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигладаг шинэ технологи нэвтэрч, ОХУ самрын тосыг АНУ, БНХАУ, БНСУ болон бусад оронд өргөн хүрээтэй экспортолж байна. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр боловсруулсан нэг литр самрын тос 80-90 ам.долларт хүрч байгаа мэдээ байна.
Оросын эрдэмтдийн тооцоолсноор Сибирийн Их тайгаас жилдээ 10-12 сая тонн самар хурааж болох ажээ. Тэрбээр “Хүн төрөлхтөн самрыг олон мянган жилийн турш ашиглаж ирсэн боловч өнөөг хүртэл хушны самраас гарах ашиг шимийг бүрэн судлаагүй байна” гэж бичжээ.
Харин Монголын талаар “Манай улсын хувьд хушин ойгоос жилдээ дундчаар бага ургацын жилд 3.0-3.5 мянган тонн, их ургац жилд 5.0-6.0 тонн самар хураан авч ашиглах боломжтой гэсэн тооцоо бий” гэсэн атлаа “Хушны самрыг ашиглахыг бүрмөсөн хориглох нь чухал байна” гэсэн нь сонин. Байгаль орчны яам ч яг энэ жишгээр ажиллаж 1994 онд хуш модыг “Ховор ургамал амьтны жагсаалт”-д оруулж, улмаар Байгаль орчны сайдын 2006 оны наймдугаар сарын 264 дүгээр тушаалаар “үйлдвэрлэлийн зориулалтаар хушны самар бэлтгэх”-ийг хориглосон билээ.
үнэхээр манай орны газар нутгийн 7,.7-хон хувийг эзэлдэг ой мод, тэр дундаа хушин ой багассаар байгаа тул ийм шийдвэр гаргасан нь нэг талаар зөв. Гэхдээ хэчнээн хорьсон ч боловсруулаагүй самар авах зар түгсээр байгаа нь самрын бизнес алга болоогүй, харин ч далдуур цэцэглэн хөгжиж байгаагийн илрэл биш гэж үү. Нэгмөсөн ил гаргаж ирээд татвар авбал яасан юм бэ.
Тодорхой хэмжээнд зохион байгуулалтад оруулаад ойн хишгээ хүртмээр байна. үүний тулд ор тас хориглох биш, ойгоос түүсэн самрыг зөвхөн дотоодын аж ахуйн нэгжүүдэд худалдах, эцсийн бүтээгдэхүүн болгож байж экспортлох гэх мэтээр хууль эрхзүйн орчинг нь бүрдүүлэх шаардлагатай байна. Ингэж чадвал манай орны ойгоос жил бүр гарах 6000 тонн самар эргээд ойн нөхөн сэргээлтэд зарцуулагдах хөрөнгийн найдвартай эх үүсвэр байж чадах юм.
Х.Батсайхан
Эх сурвалж: “Монголын мэдээ”
URL: