Хогоо морин тэргээр зөөх гээгүй л бол моторт техникийг нь нэмэгдүүлье

Нийслэлийн оршин суугч байна гэдэг хүссэн хүсээгүй нийтийн эрх ашигт захирагдахын нэр. Хот хэмээх айлын ам бүлд багтагсад угаадсаа гудамжинд асгахгүй, хог хаягдал түлж, хогоо хашаанаасаа гаргаж хаяхгүй байж гэмээнэ цэвэр цэмцгэр орчинд суух нь бичигдээгүй хууль.

Гэвч эдүгээ Улаанбаатар хотод энэхүү бичигдээгүй хууль эсрэгээрээ “хэрэгжиж” бараг хүн бүр өөрийн дураар хүссэн газартаа хогоо хаяж, үнсээ асган, орчноо бохирдуулж сууна. Өөрөөр хэлбэл, хот хог хэмээх тулгамдсан асуудлаа ардаа орхие гэвэл нийслэлчүүдийн ухамсарт байгаа” хог”-ийг юун түрүүнд цэвэрлэх нь хамгийн дөт зам.

Дээрээс нь хотын хог цэвэрлэгээ, тээвэрлэлтийн ажилд хүн хүч, машин техникийг хангалттай өгөх учиртай. Тэгсэн цагт зарим нэг гудамжныхан тэр аяараа хогоо хашаандаа хоёр гурван cap хадгалахгүй. Нөгөө хэсэг нь хүний нүд харуулдаж байгаад хэн нэгний үүдэнд, эсвэл хажуу талынхаа суваг далан руу хог хаягдлаа аялуулахгүй биз.

Сая гаруй хүн амтай нийслэлд эдүгээ 180 орчим хог тээврийн машин үйлчилдэг гэх тоог Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсээс өгдөг. Эдгээр машины 150 орчим нь гэр болон байшин хорооллын айлуудын хогийг тээвэрлэдэг.

Харин үлдсэн 30 гаруй машин нь нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх ажилд дайчлагддаг байна. Түүгээр ч барахгүй Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн зүгээс хотын 152 хороо бүгд хог тээвэрлэх машинтай хэмээж байгаа. Гэтэл гэр хорооллын айлуудын хогийг 2-3 cap ачдаггүй алга болчихдог гэх гомдол иргэдийн зүгээс тасардаггүй.

Иргэд хороо хорин руугаа яагаад хог хаягдлаа ирж авахгүй байгаа талаар сураг ажиг тавихад харьяа ТҮК-иасаа хогны машин царай алддаг хорооныхон машин хүрэлцэхгүй буйн зовлон тоочдог ажээ. Ямар ч байсан нийслэлийн хороо бүр хогны машинтай гэсэн атал хэсгийн ахлагч нар айлуудынхаа хогийг тээвэрлэх машин олох нь хамгийн хүндрэлтэй ажил гэдгийг хэлдэг юм билээ. Энэ бол нийслэл хог тээвэрлэх машинаар “ангаж” буйн илрэл.

Гэтэл үүн дээрээс арван мянган хүн амтай хороо байна уу таван мянган иргэнтэй хороо юу гэдгийг нь үл харгалзан тухайн хороонд нэг л хогийн машин ногддог. Энэ бол хотод хог хөглөрөх бас нэгэн шалтгаан.

Уг нь аливаа ажил ямар нэгэн стандарт, тооцооны үндсэн дээр явагдах ёстой. Уул шугамандаа энэ дайны хүн амтай хотын хогийг тээвэрлэхэд наанадаж 400 гаруй машин хэрэгтэй аж. Хот хангалттай тооны машинтай болбол хогны асуудал чихнээс хонх уяхаа намжаах нь баараггүй. Мэдээж иргэдийн туслалцаатайгаар шүү дээ.

Ингээд Улаанбаатар хот хэзээ 400 гаруй хог тээврийн машинтай болох талаар чих тавилаа. Хотын дарга Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтэст болбол энэ намрын нийслэлийн төсвийн тодотголоор 100 ширхэг хог тээврийн машины асуудлыг шийдэж өгөхөөр амласан сурагтай. Хэрэв энэ үеэр хөрөнгө мөнгөний асуудал барагтайхан байвал ирэх онд уг асуудлыг шийдэж өгөх гэнэ.

Нэг ширхэг хог тээврийн машины доод талын үнэ 50 орчим сая төгрөг, арай дөнгүүр дээгүүрээ бүхээгтэй нь 80 сая төгрөгөөс дээш яригддаг аж. Тэгэхээр хүндхэн төсөвтэй нийслэлд дутагдалтай байгаа хог тээврийн машины тоог хэвийн хэмжээнд аваачихын тулд наанадаж хоёр жил зарцуулах янзтай. Нэг үгээр бол нийслэл 2013 онд дөнгөж данган 400 орчим хогны машинтай болно гэсэн үг.

Харин жил ирэх тусам нийслэлийн хүн амын тоо нэмэгдсээр байх нь тодорхой. Үүнийг даган хог тээврийн машин дахиад л хэрэг болно. Тиймээс энэ асуудлыг даруйхан шийдэх цаг болсныг хэн хүнгүй хэлдэг. Нийслэлээс улсад төвлөрүүлэх орлогыг энэ онд 26.7 тэрбум төгрөгөөр баталж Улаанбаатар хот тулгамдсан асуудлаа шийдвэрлэх, бүтээн байгуулалтын ажилд зориулан 79 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлын эх үүсвэрийн боломж олгосон.

Гэвч нийслэлчүүдийн аятай тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд эдүгээгийн төсөв мөнгө хаанаа ч хүрдэггүй. Нийт хүн амын тал нь амьдардаг нийслэлийн жилийн төсвийн хэрэгцээ уг нь 798 тэрбум төгрөг байх учиртай гэнэ. Хэрэв Улаанбаатар хотод энэ дайны мөнгө байдаг бол хэрэгцээтэй замаа барьж, иргэдийнхээ тав тухтай амьдрах орчныг толгой өвдөхгүйгээр шийдэх боломжтой аж.

Гэтэл уг мөнгөний арван хувь буюу 79 тэрбум төгрөгийг жилийн төсөв хэмээн захиран зарцуулах эрхтэй. Нийслэлчүүд нийт хэрэгцээт мөнгөнийхөө дөнгөж арван хувиар бүхнийг болгодог хэмээн хотын удирдлагууд учирладаг. Цаашид орон нутгийн бие дааж хөгжих нөхцөлийг бүрдүүлэх, төвлөрлийг сааруулж, эрх мэдлийг нэмэгдүүлэх, төвөөс хараат бус байдлыг багасган орон нутгийг жигд хөгжүүлэх бодлого баримтална хэмээн дээр дооргүй ярих болсон нь сайхан мэдээ.

Гэвч хүндхэн төсөвтэй нийслэл энэ онд улсад дахиад л 26 тэрбум төгрөгөө “булаалгасан”. Уг нь улсад төвлөрүүлдэг энэ мөнгөөр хот хогны машины асуудлаа ойрын жилүүдэд толгой өвдөхгүйгээр нэг мөр шийдэх боломж бий. 26 тэрбум төгрөг гэдэг бага мөнгө биш. Тиймээс цаашид улсын төсөвт мөнгө төвлөрүүлэхээ больж, энэ мөнгөөр тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэе. Бас хэдэн сайхан хог тээврийн машин худалдаж авъя. Тэгвэл хотын хог мөн ч их нимгэрнэ дээ.

Хогоо морин тэргээр зөөх гээгүй л бол моторт техникийг нь нэмэгдүүлье.

Т.Сэлэнгэ


URL:

Сэтгэгдэл бичих