Яруу найрагч Х.Тэргэл гэр бүлийг нь үймүүлсэн бүсгүйн зургийг дэлгэв
Нэгэн цагт Монголын утга зохиолд “од” болж байсан яруу найрагч Х.Тэргэл хэмээх бүсгүй өдгөө Чикаго хотод амьдарч байгаа. Тэгвэл найрагч бүсгүй сайн найздаа нөхрөө алдсан тухайгаа олон нийтэд дэлгээд амжлаа.
Тэрээр гэр бүлийг нь сүйтгэсэн “Shoe`s love”салоны эзэн Г.Чимидзаяа хэмээх бүсгүйг хэвлэлийн баатар болгоодохов.
Яруу найрагч Хулганайн Тэргэл нь ийн өгүүлжээ…
АЛДАА БА ЗАЛУУ НАС
Охины минь эцэг цагдаагийн хүн байсан юм. Цагдаагийн дээд сургуулийн төгсөх курсын оюутан нүдээрээ инээсэн цэвэрхэн бор залуу байлаа. Яг үнэндээ би насаараа шахуу аавынхаа цэргийн ногоон цамцыг угааж, өмд индүүдсээр цэргийн хүнтэй суухаас залхсан байв.
Охины аав анхны эхнэрээс салсан, эхнэр нь охиноо аваад Герман хүнтэй суухаар явсан байсан юм. Багад нь аав нь ээж, хоёр дүүтэй нь хамт орхиод явчихсан, эхнэртээ хаягдаж зовлон үзсэн хүн, дахиж амьдралд алдахгүй байх гэж аминдаа айхтар дүгнэлт хийж, бас цагдаагийн дээдээ онц дүнтэй дүүргэж эдийн засгийн албанд ажиллана, голдуу энгийн хувцас өмсөнө гэхээр нь их л олзуурхан ээж аавтайгаа танилцуулж билээ. Ээж маань анх түүнийг хараад ёстой сайхан хүү байна, чам шиг араншинтай хүнд яг тохирох дуу шуугүй тогтуун хүн байна гэж бөөн магтаал урсгав. Бас жаахан амьдрал нь тийм сайн биш ээ гэж хэлэхэд өмд гутал, эд хөрөнгө харах хэрэггүй, хүнийг нь л харах хэрэгтэй гэж бангадуулав. Харин аав минь энэ хүн чамд хань болохгүй гэж билээ. Тэр үед аавыгаа хачин ихээр үзэн ядсансан. Харин хожим аав минь хүн таних нүдтэй байсан нь тун ч удаагүй батлагдсансан.
За тэгээд 26 нас хүрлээ, хүүхэд чинь оройтлоо бүр болохгүй бол одоо салсан ч яалтай билээ, гараасаа хөтлөх үртэй болж ав гэж ээж минь хэлж билээ. Ээж минь ч аав минь ч аль аль нь үнэн үг хэлсэн гэдэг нь амьдрал туршид минь батлагдаж яваа билээ. Тэр үед ээжийнхээ үгэнд орж охинтойгоо учран золгосон минь энгүй их зол завшаан байв.
За тэгээд охиныхоо аавтай амьдарч хоёр идэхгүй ч хоосон хонохгүй хэрүүл уруул багатай хадмын хаяанд амьдарч байв. Надад хэзээ ч сураагүй нэг зан байдаг юм. Тэр бол хүн харддаггүй, дургүй юм. Би өөрөө ч бас хардуулахыг үзэн яддаг. Зай завсар орж гарахаа хүрвэл хардсан ч, эс хардсан ч гардаг. Хүнд итгэж явах шиг өөртөө болоод өрөөлд ч сайхан зүйл үгүй.
Охины аав Цагдаагийн ерөнхий газрын харьяа Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар төлөөлөгч хийнэ. Сүүлдээ ихэвчлэн оройтож ирдэг болов, бас утсаа биенээсээ үл салгах, шөнө хэдэн цагт ч хамаагүй утас нь дуугарахад год харайн босоод л өөр газар утсаар ярьчихаад дарга дуудаж байна, тусгай ажиллагаатай гэнэ гээд л гараад явах. Би ч итгэх.
Тэр үед би Худалдаа аж үйлдвэрийн танхимд өрөө түрээслэж “Томчууд ба борчууд” нэртэй сонинг яруу найрагч Г.Мөнхцэцэгтэйгээ хамт гаргаж байлаа. Манай гэрт гэр бүлийн баяраар охины эцгийн найзууд хааяа ирэх. Тэдний дотор Чимэдзаяа гэж өндөр, эрүүн дээрээ том хар мэнгэтэй хөх хүүхэн байх. Тухайн үедээ “Х” гэж найз залуутай, дагавар охинтой эмэгтэй байв. Хамтран амьдрагч “Х” гэгч нь манай 33-р сургуулийн манай дүүгийн параллель ангийн хүүхэд байж билээ. Тэр залуу төд удалгүй Швед ч билүү Швейцар ч билүү явсансан.
Сүүлд сураг сонсохноо одоо нөхөр асны төрсөн дүү охинтой гэр бүл болж Англид амьдарч байгаа бөгөөд Чимэдзаяа, нөхөр асан, хамтран амьдрагч байсан залуу маань хүргэн, бэргэн, ах дүүс болсон гэдэг.
Хүний амьдрал гэж үнэхээр хэлж барамгүй баялаг ажгуу. Чимэдзаяа хааяа ажил дээр минь ирэх. Найзаа гээд саймширна. Мөн танай нөхөр өнөө ажилдаа хэр вэ, чи ёстой азтай, сайхан залуутай суусан шүү энтэр гэх ккк. Би гуай нь ч юу ч мэдэхгүй инээгээд хамгаа яриад сууж байх.
Мөн манай ажил дээр Хөвсгөлийн Алтанцэцэг гэж удган ирдэг, бид бас гэмгүй сайхан танилууд болж Чимэдзаяаг ч ирэхэд нь танилцуулав. Хааяа тэд манай ажил дээр цуглахад Чимэдзаяа удган хоёр хоорондоо их л саймширна, тэр үед Чимэдзаяа дотуур хувцасны лангуу ажиллуулж, Эрээн, Бээжин орж гардаг, намайг бодвол нэг экселтэй. Мөн аав ээж хоёр нь багшийн дээдийн хажууд байх амаржих эмнэлгийн дотор хортон шавьж устгах лангуу ажилуулдаг байв. Чимэдзаяа удган хоёр жуумалзаад л, нүдээрээ ирмэлцээд манай Бээжинд байдаг циркчин найз залууг үзээд өг дөө гээд л. Би ч хүний хувийн асуудалд дурлаад байх дургүй учир ажлаа хийгээд л орж гарч байх.
За тэгээд нэг өдөр ээлжийн амралтаа авсан, мөнгөгүй гэж байсан нөхөр асан минь гэнэт найзтайгаа Бээжин явлаа л гэв. Тэр үед бид төмөр замын хавьцаа амьдарч байсан тул охиноо тэврээд гаргаж өгье гэтэл учиргүй дургүйцэв. Мөнгөтэй компанийн захирал найз нь дааж Бээжин үзүүлэх гэж байхад авгай хүүхэд нь вокзал дээр зогсож байх тэнэг гэлээ, би ч за л гэв.
7,14 хоног Бээжин явсан нөхрөө би нь бас саналаа. Ирэхээр нь учиргүй баярлав. Хөөрхий хүнээр даалгаж Бээжин явсан хань асан минь өөртөө нэжгээд хувцас, охиндоо бас ганц хоёр хувцас, үгүй хөөрхий тэр “баян компанийн” захирал найз нь намайг ч марталгүй хоёр ноосон цамц авч өгчээ.
За тэгээд нөхрийн нүд, сэтгэл бүгд миний дэргэд биш өөр газар бэлчиж байх шиг санагддаг болов. Гэртээ ирэлгүй хоёр гурав хоногоор алга болоход гайхаж хайж сурсаар очвол найзындаа цоожлогдсон гэх. Тэр найзынх нь нэг өрөөг Чимэдзаяа хөлсөлж суудаг гэх.
Яг үнэндээ би хэзээ ч тэр хоёрыг хардаж байсангүй. Учир нь үнэндээ өөрийн минь хажууд хаана нь ч хүрэхгүй царай зүсээр гавихгүй тэр хүүхэн бидний дундуур орж яваа, би түүнтэй нөхрөө хуваалцаж, хэрэглэж байгаа гэж даанч нэг хар бууж байсангүй. Нөхрийнхөө машины суудлын завсраас Чимэдзаяагийн цээж зураг, сэвтэй үсний резин олж, хааяа нөхрийн машиныг Чимэдзаяа унаад явж байхад ч бас л санаанд ороогүй билээ.
За тэгээд нэг өдөр бараг хэрэлддэггүй бид хоёр хэрэлдэв. Ажилдаа гарахынх нь өмнөхөн ингэж байхаар салъя гэтэл, тэгье гэж хэлчихээд гараад явчихав. Би ажилдаа очсоных нь дараахан залгаж Чи салъя гэж уурандаа хэлсэн үү, эсвэл хэлье гэж хэлсэн үү гэж асуухад хэлье гэж хэлсэн гэв. За тэгвэл би чамайг ирэхэд салчихсан байх болноо гэж хэлээд утсаа салгав.
Ингээд л би Мөнгөнцэцэгийнхээ нөхөр улсын начин Шархүүгийн Лхагвасүрэнгийн зил 130 машин дээр хэдэн тавилгаа, охиноо бас нөхөр асны үеэл дүүг хамт аваад салан одсонсон.
Чимэдзаяа над руу утасдаж санаа тавина, энд ч сайн лам байна найз минь гээд дагуулж явах, дараа нь яагаад ч юм бэ нөхөр минь намайг ламд очсоныг мэдчихсэн хөөрхий чи ламдаад гүйж яваа гэл үү гэж тавлах! Ингэсэн ч би гэж тэнэг Чимэдзаяа нөхөртэй минь явж намайг тохуурхаж даапаалж шоолж байсныг бас л мэдээгүй юм. Би охиноо аваад хадмын гэрээс гараад явахад арван нэгэн сарын зэвэргэн салхи үлээж байсан үе таарсан. Чимэдзаяа намайг учиргүй өрөвдөж охинд минь өөрийнхөө охины өмсөж байсан хуучин эрээн шубыг биднийг харж үзэн бэлэглэв. Би ч үнэндээ Чимэдзаяад их баярлаж байлаа. Учир нь би нөхрөөс салсан тэр үед сонин минь гарахаа байчихсан, хүмүүс борлуулагчид мөнгийг минь өгөхгүй, би тогтсон ажилгүй, үнэхээр хэцүү үе байлаа.
ЗУРГААН САРЫН ДАРАА…..
Би хотын намын хороонд ажиллаж байлаа. Нэг өдөр ангийн найз яруу найрагч Хөтлөөр овоглогддог Банзрагчын Энхтуяа бид хоёр монгол зоогийн газар хоол идэж суув. Гэтэл гаднаас охины эцэг найзуудтайгаа хамт, уранхай жинс, углааш угласан Чимэдзаяагийн гараас хөтөлчихсөн тэд хэзээний халуун хайртууд мэт харагдана. Үнэндээ би нүдэндээ итгэсэнгүй ээ. Очиж очиж Чимэдзаяа….. Би арай гэж хөл дээрээ тогтож тэдэн дээр гүйж очоод
Өө, хөөрхий дөө гэж чи, энүүгээр намайг, охиноо сольсон юм биз дээ, чамд би гоёдож байжээ, за, за Хар Чээгий (найзуудынх нь хочилдог нэр нь) чи байсан юм биз дээ, за за хоолоо идэцгээ гэхэд Чимэдзаяа доошоо шатаар пижигнэтэл гүйв.
Би нөхөр асандаа хүүе хайртынхаа араас гүйж үз дээ гэж хэлээд эргэхэд нүд минь нулимсаар дүүрч, бүрэлзэж яаж сууж байсан сандлаа эргэн олж сууснаа ч санадаггүй юм.
Бидний амьдралыг салж, салгасан гэж биш охинд минь хүүхдийнхээ багадсан хувцсыг өгч, намайг ламаар авч явж тохуурхаж, доромжилж, тавлаж байсанд нь би асар ихээр гомдож билээ.
Гэхдээ би тэдэнд хэзээ ч салахгүй амьдрах ерөөл өргөсөнсөн. Тэр хүмүүс үнэхээр бие биедээ хайртай, дуртай болсон бол би хүний хайр сэтгэлийн асуудалд хэзээд хүндэтгэлтэй хандахыг хүсдэг.
Тэгээд ч жинхэнэ эмэгтэй хэзээ ч сэтгэлгүй хоосон бие тэвэрч хэвтдэггүй юм. Жинхэнэ эмэгтэй хэзээ ч нөхрийн нөхцсөн хүүхнийг зодож, гутааж доромжилж өөрийгөө доош оруулдаггүй юм.
Тийм ээ охины минь аав болохоор би тэр хүнд, тэр хүний хань ижил болохоор нь Чимэдзаяа чамд сайн сайхныг хүснэм. Тэнгэр бүгдийг хардаг. Тэнгэрийн дор үнэн амьдрах сайхаан.
Хэзээ ч төрсөн охиноо харж үзэж, Америкт бүр Чикагод хаяанд минь ирчихээд буцахдаа ч охиноо сайн байна уу гэж асуулгүй буцдаг охины минь аав чи, дагавар болон одоо өөрсдийн дундаасаа гарсан охиндоо сайн аав, сайн хань байгаарай. Хүний нэг өөрийн 3 өөр ээжийн охид, нийт 4 охины эцэг нэртэй, миний анхны хань, хайрт охины минь эцэг байсан чамайг бурхан өршөөг.
Чимэдзаяа чамайг охиныг минь ааваас нь, намайг нөхрөөс салгасанд хэзээ ч буруутгадаггүй, харин ч магадгүй би 11 жил ганцаар өрх толгойлсон ээж байж зүтгэж, охиноо гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэж өнөөдрийн амьдралдаа хүрч чадсандаа баярлаж явдаг ч, басамжлал, доромжлолыг чинь харин өршөөн нигүүлсэх гэж хичээж л явнаа.
Хүний араншин гэж янз янзаар асгардаг ажгуу. Хүний амьдралын учрал тохиолыг хэн ч үл мэдэх.
Тиймээс би охиндоо хожмын өдөр амьдралд тань хэн нэгэн эмэгтэй орж ирвэл бүү буруутгаж үзэн яд. Харин чамайг тавлан доромжилж байвал түүнд л хариуг барь. Тэр хариу бол хэдий чинээ сайн, сайхан, гэрэлтэж гийх тусам чинь чи хэдийн аз жаргалын эдлэнд залагдсан хатан хаан мэт сэтгэлийн жавхаа жаргалыг амсах болно гэж сургадаг аа. Учир нь цаг хугацаа гэж гадна, дотногүй бүхний ганц шалгуур хэн нь зөв сайхан амьдарч буйг харуулаад өгдөг жамтай билээ.
Яруу найрагч Хулганайн Тэргэл 2009 Чикаго хот.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ALI N TERGEL N YM B DEE
нэгэнт л өнгөрсөн амьдрал. Заавал энэ эмэгтэйг ингэж олон жил зууж занаж хүмүүст дэлгэх хэрэг байсан юм уу. Хүүхдүүд нь яаж хүлээж авах вэ бодох тэнхэл байсангүй юү. Өнөөдөр Тэргэл сайхан л амьдарч байгаа юм шиг байна. тэгээд болоо юм биш үү. Тэргэлээ ийм болохоор чинь нөхөр чинь хаясан юм биш үү