Хүүхдийн хорихоос зургаан хүмүүжигч оргосон бололтой
Зайсангийн хүүхдийн засан хүмүүжүүлэх хорих 411 дүгээр ангиас өнгөрсөн ням гаригт зургаан хүмүүжигч орголоо гэсэн мэдээлэл манай сонины редакцид ирсэн юм.
Мэдээллийн дагуу тус ангид очсон боловч жижүүрийн байрнаас цааш нэвтрүүлэхгүй, “Хоригдол оргосон талаар ямар ч мэдээлэл өгөхгүй. Манай ангийн дарга нар байхгүй байна” гэхээс өөр үг хэлээгүй юм.
Эх сурвалжийн мэдээлснээр уржигдар тус хорих ангиас нэр бүхий зургаан хоригдол нарлах цагаар харгалзагч нарын нүдийг хариулан оргосон аж. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас энэ талаар тодруулахад “Ямар нэган хоригдол оргож, боссон мэдээлэл бидэнд ирээгүй. Хорих ангиудаас бидэнд тодорхой мэдээлэл өгөөгүй учир үүнийг батлах боломжгүй” гэлээ.
Харин биднийг тус анги дээр очиход эргэлтээр ирсэн бололтой хэсэг хүмүүс зогсож байхтай таарч, тэднээс энэ талаар сонссон эсэхийг нь асуухад “Өглөө эрт жижүүр нь үүдээ нээх ёстой байдаг. Гэтэл үдийн 12.00 цагийн орчимд эргэлтийн цаг бүртгэгч нь ирээгүй байсан” гэв.
Хэрэв дээрх хоригдлууд оргосон нь тодорхой болбол эрэн сурвалжлах ажиллагааг эрчимжүүлж, аль болох яаралтай баривчлах шаардлагатай юм. Зайсанд хоёр ч хорих анги байрладаг бөгөөд дамжин өнгөрч хуваарилах, насанд хүрээгүйчүүдийн засан хүмүүжүүлэх ангиуд байрладаг.
Мөн хоригдол оргосон байх магадлалтай засан хүмүүжүүлэхээс урьд нь ялтан оргож байсан эсэхийг албаны хүнээс тодруулахад мөн л баримттай мэдээлэл өгөөгүй бөгөөд хоёр жилийн өмнө дөрвөн хоригдол ялтан шилжүүлэн ачих үед зугатаах үедээ баригдсан байдаг гэнэ.
Ямартай ч хоригдол оргосон байж болзошгүй мэдээллийн мөрөөр цаашид эрэн сурвалжлах болно.
Т.Батсугар http://www.niigmiintoli.mn/
URL: