Д.Тэрбишдагва “Монгол шуудан”-д өөрийн “хүн”-ээ тавих гэж байгаагийн учир юув
“Монгол шуудан” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал Ц.Батсайхан ажлаа хүлээлгэн өгч, түүний оронд ОБЕГ-ын даргаар ажиллаж байсан Т.Дуламдоржийг томилжээ. Энэ томилгоо тус компанийн ажилтнуудын эсэргүүцэлтэй тулгарч, тэд өчигдөр жагсаал хийж, лоозон барин эсэргүүцсэн юм. “Монгол шуудан” компанийн хувьд 100 хувь төрийн өмчит. 2014 онд байгуулсан гэрээ дууссан учир хуучин дарга ажлаа өгч, шинэ даргыг томилж байгаа гэх тайлбарыг ТӨХ-ноос өгсөн аж. Гэвч үүний цаана улс төрийн нөлөөлөл байгаа гэдгийг шинэ даргын томилгооноос харж болохоор байна. Учир нь ОБЕГ-ын даргаар ажиллаж байсан Т.Дуламдорж нь УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын “хүн” гэдэг. Түүнийг УИХ-ын гишүүн байхад туслахаар нь ажиллаж байсан Т.Дуламдорж нь Шадар сайд болох үед нь ОБЕГ-ын даргын суудалд тухалсан. Мэргэжлийн бус хүнээр аливаа нэг салбарыг удирдуулдагийн цаана улс төрийн томилгоо л бий.
Энэ ч утгаараа Д.Тэрбишдагвыг Н.Алтанхуягийн Засгийн газарт Шадар сайдаар ажиллаж байхад Т.Дуламдорж ОБЕГ-ын дарга хийв. Харин Шадар сайдаас буусных нь дараа Т.Дуламдоржийгоо “Монгол шуудан” компанийн гүйцэтгэх захиралаар аваачсан боловч, томоохон эсэргүүцэлтэй тулгарлаа. Өмнөх дарга Ц.Батсайхан нь олон жил тус компанийг удирдаж, ашигтай ажиллуулсан хэмээн ажилтнууд нь ярьж байсан юм. Учир нь өмнөх даргынх нь хийсэн ажлыг дүгнээ ч үгүй байж, салбарын бус хүнээр удирдлуулах гээд байгаад тэд бухимдсан бололтой.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шахалт үзүүлж, ийнхүү албан тушаалд өөрийн “хүн”-ээ тавих гэж буйгийн учир юув. Ямар нэг тохироо хийгдэв үү…УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын хувьд түүний “хүн” гэгдэх Т.Дуламдоржийг хүлээн зөвшөөрөхгүй гэх маргаантай нэг цаг дор Төрийн ордонд мэдээлэл хийсэн. Ингэхдээ тэрбээр “Баяр наадмын үеийг далимдуулан олон хуулийн төслүүдийг баталдаг байдал тогтох нь. Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл, Өршөөл үзүүлэх гэхчлэн олон хуулийн төсөл ирэх улсын баяр наадмын үеэр хэлэлцэх дараалал тогтоожээ. Энэ байдлыг өөрчилж, нэн шаардлагатай хуулийн төслүүдийг яаралгүй, нухацтай хэлэлцэх хэрэгтэй” хэмээн мэдэгдэв. Иймд тэрбээр яаралтай хэлэлцэх шаардлагатай хуулийн төслүүдийг эхэнд нь хэлэлцэх асуудлыг тавихаар болсноо дуулгажээ. Ямар учраас тэр цаг үед ийм мэдээлэл хийв. Хэнд сануулга өгч, юу хэлэх гэж ийнхүү хэвлэлийн хурал зарлав гэдэг нь сонин. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл батлаад хэлэлцэж буй уг дарааллыг нэг гишүүн хэлээд нааш нь татна гэж бараг байхгүй. Харин УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл л хэлэлцэж, урагш нь татаж хэлэлцэх үү, баярын өмнөхөн хэлэлцэх үү гэдгийг шийдэх юм. Иймээс УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэн нэгэнд “би үг дуугарч байгаа шүү” гэдгээ харуулах гэсэн шиг ингэж хэвлэлийн хурал хийлээ. Ямартай ч тэрбээр өөрийн “хүн”-ийг “Монгол шуудан” компанийн гүйцэтгэх захиралд зүтгүүлж байгаагийн учир тайлагдах биз ээ.
Ц.Цацрал
URL: