Моноподьлож бус, манлайлж өрсөлддөг юм, Мобикомынхоон!

МобикомНэггүй мянга, нимгэнгүй зузаан гэж байдаггүй. Бүх л юм жижгээс, бүр эсийн төвшнөөс эхэлдэг нь энэ ажээ. Ердийн нэгэн хаалга ертөнцийг хоёр туйлд, нэг үндэстнийг хоёр хуваасан түүх ч дэлхийд байх. Тийм хэмжээнд хүрэхгүй ч, “нэг монгол”-ыг хоёр талцуулсан “Хаалганы хэрүүл” манджээ. Үйл явдлыг сийрүүлбэл, бидний нэрлэж заншсан “ТЕДИ” төвийн байр “Тахь Ко” ХКомпанийн мэдлийнх. Өмчийн эзэн энэ том объектоо бусдад түрээслүүлдэг. Бусдад ч гэж, ерөнхий түрээслэгч нь манай улсын үүрэн холбооны зах зээл дээр албан ёсны “давамгайлагч” Мобиком болон Ньюком Проперти компани. Өдөрт орж гарах үйлчлүүлэгчдийнхээ тоогоороо Нарантуул захыг гүйцэхгүй ч, Их дэлгүүртэй эн зэрэгцэх Мэдээлэл холбооны худалдаа үйлчилгээний анхны нэг цэгийн төв “ТЕДИ” 2004 онд ашиглалтад оржээ.

2014 оны аравдугаар сард Скайтел компани өмчийн эзэн “Тахь Ко” ХКомпанитай түрээсийн гэрээгээ байгуулж, 15 жилийн ойгоо тохиолдуулан олон улсын жишигт нийцсэн “Үүрэн холбооны үйлчилгээ, гар утасны худалдааны төв”-өө “ТЕДИ”-гийн залгаа байранд нээжээ. Гэтэл, хоёр байрыг холбосон хүзүүвчний хаалгыг Мобикомынхон хааж дангинатал цоожлов. Хэрүүл эндээс мандаж, “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрынхан” дүгнэлтээ гаргаж, улсын байцаагчийн дүгнэлтээр бурууг Мобикомд өгөв. Хаалгаа нээхийг Монгол төрийн нэрийн өмнөөс агентлагийн тамгаар баталгаажуулан үүрэгдэв, харамсалтай нь хэрэгжүүлсэнгүй.

Өмчийн эзэн “ТахьКо” ХКомпанийнхан түрүү Долоо хоногт хаалгыг хүчээр нээсэн ч хэрэглэгчдээ алдахаас айсан Мобикомынхон механикаар хаагаад дийлээгүй учир “амьд хаалга” тавьжээ. Тэр нь мөнгөтэй хүний захиалсан хөгжмийн аянд “танц эргэж” буй хамгаалалтын албаныхан. Хоёр хоёроороо ээлжилсэн хамгаалагчид нүд цавчилгүй хүзүүвчийн урсгалыг хянаж, үйлчлүүлэгчдийг Скайтелийн төв рүү орохыг хориглоно. Хаалгыг нь Берлиний ханатай зүйрлэсэнтэй адилтган томруулбал, Солонгосыг өмнөд, хойд гэж хуваадаг алдарт 38 дугаар өргөрөгт л ийм “амьд хаалга” зогсч, нэг үндэстнийг тусгаарладаг юм. Тэгэхдээ, ямар ч хаалга нурдаг нь түүх. Олны мэддэг “Берлиний хана”, “Хятадын Цагаан хэрэм”-ний түүхийг энд дурдахад л хангалттай.

“Шударга өрсөлдеөн, хэрэглэг-чийн төлөө газар”-ын зорилго, үйл ажиллагаа нь байгууллагын нэрнээсээ тодорхой харагддаг. Хэрвээ тэд энэ зорилгодоо үнэнч, үүний төлөө ажилладаг юм бол Мобикомын давамгайлагч байдлаа хөгжлөөр өрсөлдөж биш хүчээр хадгалах гэсэн атгаг санааг нь халж, хаалган дээр очих л хэрэгтэй. Монгол төрийн шийдвэр гадаадын хөрөнгө оруулалтын өмнө хүчгүй байж болохгүй. Тэд зах зээл дээрээ “давамгайлагч” байж болно, харин Монголын хуулиас давуу эрх эдлэх ёсгүй.

Монголын үүрэн холбооны хэрэглэгчийн зах зээлийн 40 гаруй хувийг эзэгнэдэг, 20 жилийн түүхтэй Мобикомоор хана босгуулж хаалгыг нь түгжүүлж чадаж байгаа Скайтел ч бас мундаг юмаа.

Гэхдээ агуу том Цагаан хэрэм ч Хятадыг эзлэн нэгтгэж Юань гүрнийг байгуулахад монголчуудыг, хожим нь бас л Хятадыг эзэлж Чин улс байгуулахад манжуудыг зогсоож чадаагүй. Энэ түүхийг монгол хүн биш учраас “Мобиком”-ын гадаад захирал уншаагүй, мэддэггүй байж болох л юм. Гэхдээ Английн иргэнийхээ хувьд нутаг нэгт, энэ үндэстний нэрийг дэлхийд мөнхөлсөн алдарт Исаак Ньютоны “Хүмүүс хана хэрэм, хаалгыг олноор босгох мөртлөө цөөхөн гүүр барих юмдаа” гэх үгийг сонссон л баймаар юм. Зах зээлийн нийгмийн олон жилийн түүхтэй, бараг зохиогч нь шахуу улсын иргэний хувьд Скайтелийнхан хоёр операторын хэрэглэгчдийн дунд гүүр тавьж байна гэдгийг мэдмээр л юм. Гэтэл сөрөөд хаалга, хана босгох нь их л дээрэнгүйн шинж. Зөвхөн Скайтел гэж ганц компанид биш, гар утас хэрэглэгч нийт монголчуудад дээрэнгүй хандаж байгаа хэрэг юм. Шударга ёсыг хүссэн, амьдаараа “тоосго туйпуу” болохыг хүсээгүй ард түмэн ямар ч хана хэрэм хаалгыг нураадаг нь хүн төрөлхтний туулж ирсэн түүх билээ.

Ер нь хүмүүс яагаад хаалганы цаана байх, хана босгох дуртай байдаг вэ? Яагаад гэвэл авлига, шударга бус бүхэн хаалганы цаана л болдог. Монголчууд “илжиг модон хударгандаа дуртай” гэдэг. Тэрэн шиг Мобикомынхон хаалгандаа дуртай байх нь бас л аргагүй бололтой. Яагаад гэвэл, энэ компанийг байгуулахдаа, эхлээд тендерт ялсан компанийг нь шахаж гаргаад Мобикомыг нөхөж ялуулах, татварын онцгой орчин бүрдүүлэх гээд тус компанийн нилээд түүх нь хаалганы цаана болсон байдаг юм байна. Энэ тухай нэрт нийтлэлч, Монголд гар утасны компани орж ирж байх үөд улс төрийн халуун тогоо, мэдээллийн гүнд нь ид явсан Баабар 2009 оны арваннэгдүгээр сарын 16-нд бичсэн “Авлигын сургамж” гэсэн гарчигтай нийтлэлд, “Эхлээд хамтарсан компани байгуулсан, тендерийн комииссынхныг бүгдийг нь Японд өдрийн 1000 долларын “тэтгэлэгтэй курс”-т суулгасан, үүнийхээ “ач”-аар тендерт ялсан Бельгийн компанийг шахсан” зэргийг тоочин бичжээ.

Мобиком бол монополь байснаас гадна Монголын зах зээл дээр “нялх Сэнгүм” аятай аашилж өөрийгөө мөхөөж, харилцаа холбооны салбараа мохоож яваа компани юм.

Монголын харилцаа холбооны салбарыг, төвлөрлийг бууруулж, өрсөлдөөнийг бий болгох орчин бүхий зохицуулалтын зөв бодлоготой гэж Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас дүгнэсэн байдаг. Тэгтэл төрийн хуулийг үл тоож, Засгийн газрын агентлагийн шийдвэр дээр гишгэж, дугаараар нь барьцаалж, хаалга ханаар хорьж хэрэглэгчдээ сүлжээндээ хүчээр барих гэсэн Мобикомын энэ болхи үйлдэл Монголын харилцаа холбооны салбарыг л муухай л харагдуулж байна. Тэднийг монголчууд бид мөн ч их эрхлүүлсэн дээ. Монголд орж ирсэн эхний таван жилдээ үүрэн холбооны зах зээлд өрсөлдөөн оруулахгүйгээр, татвараас 100 хувь чөлөөлүүлнэ л гэсэн, чөлөөлсөн. Дараагийн таван жилдээ татварын 50 хувийн хөнгөлөлт эдэлнээ л гэсэн, эдлүүлсэн. Хэрэглэгчээ дээдэлдэг байгууллага болноо л гэсэн, бид хүлээсэн.

Гэтэл УИХ-ын гишүүд бүхий хэрэглэгчид нь өөрөө бичээгүй байхад өөрийнх нь утаснаас мессеж ирсэн нэгэн хэрэг өнгөрсөн өвөл мандав аа. Мань Мобикомын захирал харин “Ийм юм болсон нь харамсалтай, үүнийг магадлая, манайд хамаагүй” гэж, дээдэлнэ гэсэн хэрэглэгчдээ дорд үзээд таг болсондоо. Хэрэглэгчийн төлбөр хэт өндөр гарлаа гэх маргаан Мобикомд үргэлж гардаг. Үүнийгээ хүлээн зөвшөөрч дараа төлбөрт зарим хэрэглэгчийн төлбөрийг зөрүүтэй гаргасан тухайгаа 2013 оны аравдугаар сарын 6-нд мэдэгдсэн албан бичиг, 2014 онд 200 ажилтнаа халсан хэвлэлийн мэдээ байдаг л юм. Гар утас бол орчин цагт талх адил хүн бүрийн хэрэглээ болсон учраас харилцаа холбоо, ялангуяа гар утасны компани хямрал, хүндрэлд бараг өртөөгүй, өртөх ч боломжгүй салбар. Тэгтэл ажлын байраа хадгалж хямралыг давдаг байхад хоморголон халж, хямралыг өдөөх аргыг Мобиком сонгосон нь бас л гадаадын хөрөнгө оруулалттай компаниас л гарах “Монгол хамаагүй” гэх авир юм.

Хэрэглэгчээсээ илүү төлбөр луйвардах, олон ажилтнаа хоморголон халах хүртлээ санхүүгийн хүндрэлтэй айл уу гэвэл, үгүй. Халааснаасаа гаргаж төлсөн бидний мөнгөөр тэд яаж тансагладаг тухай ганцхан жишээ дурдъя. Мобикомын захирлаар Дэвид Холлидэй гэж англи нөхөр гэрээгээр ажилладаг. Мобиком бол англи захирлынхаа шийдвэрээр англи эзэнтэй хуулийн фирм, англи хуульч зэрэг англичуудыг асар өндөр үнээр хөлслүүлэн ажиллуулдаг төдийгүй захирлынх нь цалин хангамжийг монгол хүн сонсвол итгэхийн аргагүй том тоо сонсогддог.

Тэд монголчуудын төлсөн утасны төлбөрөөр ингэж л дураараа дургидгаас гадна “давамгайлагч” компанийн хувьд Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны зөвшөөрөлгүйгээр “Байнгын хямдралтай урамшуулалт” үйлчилгээ гаргаж бусад оператор компаниа ноёлох үйл ажиллагаа явуулж буй Гүйцэтгэх захирлаа ТУЗ, хөрөнгө оруулагчид нь яаж ч чаддаггүй нь хачирхалтай.

Энэ нийтлэлээ зах зээлийн хуулийн үндсэн тодорхойлолтоор төгсгөе. Дэлхий нийт тэр чигээрээ явж байгаа орчин цагийн нийгэмд монопольдож бус, манлайлж өрсөлддөг нь зах зээлийн хууль. Зах зээлийн эдийн засгийг хүндлэх, үнэлэх болсон хүн төрөлхтөний жам нь хэрэглэгчийнхээ өмнө юу чаддагаа харуулж, өөрийнхөө нэр төрийг баталж байж бараагаа борлуулдаг, хэрэглэгч нартаа үйлчилж, тэднийг өөртөө татах утга юм. Харин манайд хэрэглэгчээ, үйлчлүүлэгчээ аль болох мэхэлж, хаалга ханаар ч хамаагүй хашиж байгаад хөлжиж мөлжиж амьдрахыг хичээх юм. Энэ нь ганцхан Мобикомд байна уу, Монголын нийт салбарт байна уу. Хэрвээ та Мобикомын хэрэглэгч бол утасныхаа төлбөрт хэдийг төлдөг, Мобиком тэр хэмжээнд таны итгэлийг хүлээсэн үү, үгүй юү гэдгийг өөрөөсөө асуугаад үзээрэй.

 

Л.ТУЛГА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих