Малайзад монгол эмэгтэй амиа алджээ
Малайзын New Straits Times online сонины мэдээлснээр Куала Лумпур дахь Таман Малур байшингийн зургаан давхраас 29 настай монгол эмэгтэй унаж, амиа алдсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр хэрэг өнгөрсөн ням гарагийн 11:30 цагт гарсан бөгөөд анх хөршүүд нь хашгирах чимээ сонсож цагдаад дуудлага өгчээ. Цагдаа нар хэргийн газар ирэхэд өндрөөс унаж амиа алдсан байдалтай эмэгтэй хүний цогцос байжээ. Хөршүүдийн мэдээлснээр амиа алдсан эмэгтэйн гэрээс хашгирах дуу сонсогдсон бөгөөд хүн амины хэрэг байх магадлал өндөр аж. “Хохирогч гэртээ гурван монгол эмэгтэйн хамт амьдардаг байсан. Хэргийн газрын эхний үзлэгээр ширээн дээр байсан эд зүйлс аяга таваг хагарсан байдалтай байсан. Магадгүй санаатай хүн амины хэрэг байж болзошгүй. Хэргийг нягтлан шалгаж байна” хэмээн Куала Лумпурын цагдаагийнхан мэдээлжээ.
URL: