Намууд гишүүнгүй байж болохгүй юу
Улс төрийн нам гишүүнчлэлтэй байх тогтолцооноос дэлхийн өндөр хөгжилтэй орнууд хэдийнэ татгалзаад эхэлсэн. Тухайлбал, АНУ-ын Бүгд найрамдах болон Ардчилсан намууд гишүүнчлэлгүйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.
Нам гишүүнчлэлгүй байх нь намын бодлого төвлөрөх, хэт их улстөржилтийг саармагжуулдгаараа ихээхэн ач холбогдолтой хэмээн тэдгээр намууд үздэг аж. Гэтэл манайхан бол тэр чиг хандлагаас тэс хөндлөн явж байх юм. Тэр ч бүү хэл сүүлийн үед намын нэр сэргээх гэдэг моодыг манай улс төрийн хүчнүүд сайтар дэлгэрүүлж, гишүүнчлэл нэмэх ажлыг ч нэлээд эрчимтэй хэрэгжүүлж чадаж байна.
Хэн нэгэн хүнийг өөрийнхөө намд элсүүлэхийг хүсвэл санаа бодол байр суурийг нь сонсч цагийн гарз хийх шаардлага ч байхгүй. Шуудхан гэрт нь давхиж ороод бэлэн намын батлах гардуулчихаад гарахад л хангалттай. Нэг ёсондоо намдаа хүчээр элсүүлж байна гэсэн үг шүү дээ. Хамгийн сүүлд гэхэд МАН-ынхны бат илэрхийлэл тараах ажил амжилттай хийгдсэн гэх. Бүр намын гишүүнчлэлийн тоо нь өмнөхөөсөө ч хол давсан гэсэн тооцоо гарсан байна билээ.
Аргач үгүй биз. Н.Энхбаярын намаас өрсөхгүй бол гишүүнгүй болчих гээд байсан юм чинь. Ёстой нөгөө хэн их хүнийг намдаа элсүүлэх вэ гэдэг уралдаан зарлаж байгаа юм шиг нэг хэсэг улайраа биз дээ. Нэг нь айлын хаалга тогшиж ороод бат илэрхийлэхээ гардуулна. Авахгүй гэвэл “Манайх чинь ерөөсөө шинэ нам биш шүү дээ. Зүгээр уугуул нэрээ л сэргээж батлахаа шинэчилж байгаа хэрэг” хэмээн суртал ухуулгын чанартай хэдэн үгээр амыг нь таглачихаад гуйхыг нь гуйгаад гуядахыг нь гуядаад өгч байгаа сураг дуулдсан. Харин нөгөө хэсэг нөхөд нь “Цаад Ардын нам чинь бол цоо шинэ нам. Бид чинь МАХН-ынхаа буурийг сахиад үлдэж байгаа юм шүү дээ. Намын дарга маань ч хэвээрээ” хэмээн Н.Энхбаяраараа брэнд хийж хот хөдөөгийн хэдэн хөгшчүүлийг хөөрхөн уярааж байгаад батлахаа атгуулчихсан.
Ингээд өөрсдийнхөө учрыг олж чадахгүй МАН ч үгүй, МАХН ч үгүй явж байж гишүүнчлэлээ ихэсгэх ажлыг зальжин хэр нь сүржин хийгээд амжсан. Харин эргээд гишүүдээ хэрхэн харж үздэгийг мэдэхгүй юм. Харин ч намын батлахаар толгойг нь эргүүлж ах дүү, авгай нөхрийг хооронд хэрэлдүүлчихээд бүр дээр нь сонгуульдаа ашиглаад төгсгөчихдөг тал бий. Тиймээс манайхны нам гээд байгаа нөхөд иргэдээ улстөржүүлж хүчээр шахуу элсүүлсэн гишүүнчлэлээрээ онгирч байхаар бодлогоо тогтвортойхон явуулах дэлхийн жишгийг дагахаар юу нь болдоггүй юм бол доо.
Б.Даваа
Эх Сурвалж: “Монголын Мэдээ”
URL: