Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д ажлынхаа тайланг танилцуулав
Монгол Улсын Ерөнхихйлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд Төрийн тэргүүний хувьд 2009 оноос хойш хийж гүйцэтгэсэн ажлынхаа тайланг танилцууллаа.
Тэрээр ажлынхаа тайланг Иргэдийн оролцоо, орон нутгийн эрхийг нэмэгдүүлэх, Үндэсний аюулгүй байдлыг хангах, төрийн цэргийн бодлогыг хэрэгжүүлэх, Хууль, шударга ёсыг бэхжүүлэх, хуулийн засаглалтай улс болох, Монгол монголоо дэмжих, бүтээгчдээ дэмжих бодлого, Хүрээлэн байгаа орчин, байгальд ээлтэй хөгжлийн чиглэл, монгол хүн, Монголын түүх, уламжлал, соёл, ёс заншил, түүнийг дэлгэрүүлэх, түгээх, дэмжих, Гадаад бодлого буюу Монгол Улсын олон улсыннэр хүндийг өсгөх, Бусад буюу олон нийтээс гарсан санал, санаачлагыг цаашид хэрэгжүүлж ажиллах нь гэсэн 9 чиглэлээр танилцуулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн чуулганы нэгдсэн хуралдаанд тавьсан тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, О.Содбилэг, Ө.Энхтүвшин, З.Баянсэлэнгэ, Л.Эрдэнэчимэг, Сү.Батболд, А.Бакей, С.Одонтуяа, Д.Арвин, Х.Болорчулуун, Л.Болд, С.Дэмбэрэл, Г.Уянга, Д.Сарангэрэл, С.Бямбацогт, Ц.Даваасүрэн нарын гишүүд асуулт асууж хариулт авав.
Асуулт хариултаас тоймлон хүргэвэл:
Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл: – Намуудын асуудлаар болон Таван толгойн талаар ямар байр суурьтай байна вэ?
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: – Өнгөрсөн 25 жилд бидний явж ирсэн зам, сургамждаа үндэслээд улс төрийн намын тухай хууль, санхүүжилтийнх нь асуудал, ер нь цаашдаа улс төрийн сан гэж байвал ямар байдлаар байх вэ гэдэг чиглэл рүү орох хэрэгтэй болсон. Одоо шилжилт хүлээж суух хэрэггүй. Ардчилсан улс оронд улс төрийн намууд ямар байдалтай байх вэ, монголд ямар онцлогтой байх юм бэ гэдэг асуудлыг шийдэх хэрэгтэй гэж бодож байгаа. Үүн дээр намуудын тодорхой санал санаачлага байвал Тамгын газар дээр нэгтгэж ярилцья гэж бодож байна. Мэдээж хуулийн төслөө өргөн барихын өмнө эргээд сонирхсон нам, хүмүүст танилцуулах боломжийг гаргана. Гэхдээ сонгуулиас өмнө Улсын Их Хурал, Засгийн газрын бүрэн эрх эхлэхээс өмнө энэ асуудлыг нэг тийш нь шийдэх нь зүйтэй гэж бодож байна. Тавантолгойтой холбогдсон асуудалд хариулахад, өнөөгийн нөхцөлд Монгол Улсын үндэсний эрх ашиг гэдэг бол хөгжил юм. Энэ хөгжилд хувь нэмэр болох энэ үйл ажиллагааг дэмжиж үндэсний эрх ашиг дээрээ нэгдэнэ гэдэг бол хөгжлийн асуудал дээр нэгдэж ажиллах хэрэгтэй. Хоёрт, цагийн юмыг цагт нь хийхгүй бол бидэнд цаг хугацаа, бусад улс орон гэсэн том өрсөлдөгч байгаа. Цагийн юмыг цагт нь хийж чадахгүй бол цаашаа улам их илүү зардал гардаг. Гуравт, Улсын Их Хурал асуудлыг хэлэлцэж чадна, чадахгүй гэсэн асуудал биш. Улсын Их Хуралд өөрийнх нь хийх ёстой ажил байгаа, Засгийн газарт, аж ахуйн нэгжүүдэд өөр өөрийнх нь хийх ажил бий. Миний өмнөх байр суурь хэвээрээ байгаа. Аж ахуйн нэгжийнхээ хүрээнд хоорондоо гэрээ, хэлэлцээрээ хийгээд явчих боломжтой асуудал. Хөрөнгө оруулалтын хуулиар хэдэн төрлийн татвараа яаж тогтворжуулах юм бэ гэдэг асуудлаа Засгийн газар хуулийн дагуу шийдэхэд л энэ асуудал бүрэн явах боломжтой шүү дээ. Бид асуудлаа шийдчихээд өмнө нь хууль гаргаагүй юм шиг, ийм бүтэц байхгүй юм шиг харах хэрэггүй. Ер нь муухай хэрүүл, талцал, сүйтгэл рүү бид явж ормооргүй байгаа юм. Монголчуудын хоорондоо талцаж, хэрэлдэж байгаа байдал бол монголыг мохоох гэсэн тэр хэсгийнхний хувьд хүчилтөрөгч шүү дээ. Ийм юмыг бид бага гаргаж нийлж, нэгдэж, хамтарч ажиллах хэрэгтэй гэсэн бодолтой байгаа. Та бүхэнд ганц жишээ хэлэхэд, 39 сая тонн нүүрсийг жилдээ төмөр замаар зөөнө гэж бодоход өдөртөө 1400 вагон ачна . Өдөртөө 1400 тэвш нүүрс явж байж 39 саяд арай гэж хүрч байгаа. Та нар суугаад 1400 тэвш зурах гээд оролд. Залхуу чинь хүрнэ. Энэ бол зураг эвлүүлэхээс шал өөр асуудал. Тийм учраас энд хөрөнгө оруулалт хийнэ, бүтээн байгуулалт хийнэ гэдэг бол үнэхээр чухал асуудал. Тэгэхээр түвшин түвшиндээ, хуулийнхаа хүрээнд л асуудлаа шийдсэн нь зөв болов уу гэж бодож байна.
Улсын Их Хурлын гишүүн А.Бакей:- Ерөнхийлөгчөөс Улсын Их Хуралтай харилцах харилцаа, Ерөнхийлөгчөөс Засгийн газартай, Шүүх засаглалтай харилцах харилцаа буюу төрийн байгууллага хоорондын институци хоорондын харилцаанд өнгөрсөн хугацаанд засаж сайжруулах зүйл юу байна гэж үзэж байна вэ. Энэ чуулганы хугацаанд багтаж олон асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа. Тэрний нэг нь улс төрийн намын тухай хууль, улс төрийн намын санхүүжилттэй холбоотой асуудал. Энэ хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачилж оруулж ирэх гэж байгаа нь сайшаалтай байна. Иймд энэ хуулийн төслийг аль болох эрт оруулж ирэхийг хүсье..
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын Их Хурал хоорондын харилцааны асуудалд хүндрэлтэй, болохгүй зүйл байхгүй. Өнөөдрийн байгаа хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа уялдуулж явуулах боломжтой байгаа. Зарим нэг тулгамдаж байгаа асуудлыг шийдье гэвэл Үндсэн хуулиас гадна Үндсэн хуулийг дэлгэрүүлсэн тулгуур гол хуулиудаар энэ асуудлыг яриад явах боломжтой. Улс төрийн намын санхүүжилт, намтай холбогдсон асуудлыг хууль болгоод Улсын Их Хурал дээр хэлэлцээд явбал шаардлагатай бол саналаа өгөөд явья гэж бодож байсан. Гэтэл бичээд гаргасан хуулийн төсөл байхгүй, цаг алдаж байгаа. Энэ асуудлыг үнэхээр шийдэх шаардлагатай байдал харагдаж байна. Иймд энэ сонгуулийн өмнө шийдье гэвэл шийдсэн шиг шийдэх хэрэгтэй. Одоогоор хуулийн төслийг боловсруулах ажлыг зохион байгуулах шатанд байна. Цаашид хуулийн төслийг үр бүтээлтэй батлах, хэрэгжүүлэх дээр шаардлагатай бол хамтарч ярилцья гэсэн бодолтой байгаа. Гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тайлантай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 18.45 цагт өндөрлөв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн УИХ-д танилцуулсан тайланг бүрэн эхээр нь хүргэе
URL: