Итгэл төрүүлсэн 10 хувь
Доржийн магнай тэнийх нь. Ээжийнхээ хаяаг бараадаж, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг тэрбээр өрх тусгаарлах хүсэл тээж явдаг. Харамсалтай нь, сарын 800 мянган төгрөгийн цалин нь өнөө, маргаашаа аргацаагаад л дуусдаг учраас орон сууц авах талаар мөрөөдөөд ч хэрэггүй. Одоогоор эхнэр нь нялх хүүхдүүдээ хараад гэртээ сууж байгаа учраас ганц хүний цалингаар дөрвөн хүн амьдарч буй. Гэвч энэ айлын амьдралд гэгээ нэмэх нэгэн сайн мэдээ чих дэлслээ. Орон сууцны үнийн 10 хувийг урьдчилгаанд төлөөд л найман хувийн хүүтэй зээлд хамрагдах боломж нээгдэх гэж байгааг Дорж дуулаад, эхнэртэйгээ зөвлөлдөв.
Тэр дороо төлөвлөгөө гаргаж, авах байраа ч сонгож орхилоо. Энэ оны сүүлчээр ашиглалтад орох байр, 46 ам метр талбайтай хоёр өрөө нь 70 сая төгрөг болох юм байна. Үүний 10 хувь буюу долоон сая төгрөгийн таван саяыг нь автомашинаа зараад олчихно. Үлдсэн хоёр сая төгрөгийг нь байр ашиглалтад ортол бага багаар нь төлөөд дуусгачихна.Ингээд 20 жилийн хугацаатай, найман хувийн хүүтэй зээл авахад сардаа 520 мянган төгрөг төлж таарах нь. Доржийн эхнэр хүүхдүүдээ ээжээрээ харуулж, өөрөө ажилд орохоор сэтгэл шулуудлаа.
Засгийн газраас баталгаа гаргах замаар ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож бууруулах талаар албаны хүмүүс ярьж эхэлсэн. Ажлын хэсэг ч гарсан байгаа. Энэ шийдвэр биеллээ олбол олон мянган Дорж орон сууцтай болох боломж нээгдэх юм. Банк, барилгын салбарт ч ашигтай, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд ч дэмтэйг хэдхэн тооноос харчихаж болно.
2013 оны зургадугаар сараас найман хувийн хүүтэй зээл олгож эхлэхэд ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлт хурдаа авч, хагас жилийн дотор 140 хувиас давсан байгаа юм. Гэвч өнгөрсөн оны тавдугаар сараас энэ үзүүлэлт саарч, эдүгээ 40 хувиас доош орсноос банкууд орон сууцны зээл гаргах нь багассаныг харж болно. Учир нь, урьдчилгаа 30 хувийг төлөх чадвартай хүмүүс нь авдгаа авчихжээ. Найман хувийн хүүтэй зээл олгож эхэлснээс хойш хоёр жил хүрэхгүй хугацаанд ипотекийн зээлийн өрийн үлдэгдэл гурав дахин өсөж, 2.9 их наяд төгрөгт хүрсэн байгаа юм.
Энэ хөтөлбөр хэрэгжихээс өмнө 30 мянган хүн л ипотекийн зээлтэй байсан бол одоо 68 мянгаас давжээ. Харин одоо яг л Дорж шиг, орон сууц авах хүсэлтэй ч урьдчилгааны 30 хувиа төлөх боломжгүй иргэд үлдсэн учраас банкуудын гаргах ипотекийн зээл багасаад байгаа хэрэг. 30 биш, 10 хувийн урьдчилгааг бол Дорж төлчихнө шүү дээ.
Өнгөрсөн онд 7000 орон сууц борлогдоогүй үлдсэн, энэ жил нэмээд 25 мянган орон сууц ашиглалтад орохыг Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа “Өдрийн сонин”- д ярилцлага өгөхдөө хэлжээ. Доржийг дэмжиж байж л энэ 32 мянган орон сууцны худалдан авагчийг бий болгох юм. Ингээд борлуулалт сайжирвал барилгын салбар ч босоод ирнэ. Одоогоор энэ салбар маань 2009 оныхоос ч хүнд байдалд орсон. Тэр үед дуусаагүй 171 барилгын талаар ярьж байсан бол одоо 400 объект “царцчихаад” буй. Гэтэл барилгын компаниуд банкны салбарт ч түвэг удаж байгаа юм.
Тухайлбал, 2013 оны есдүгээр сараас эхлэн ганц жилийн хугацаанд барилгын салбар дахь муу зээлийн хэмжээ 58 тэрбумаас 139 тэрбум төгрөгт хүртлээ өсөж, 141 хувиар нэмэгдсэн байна. Өнгөрсөн аравдугаар сарын байдлаар барилгын салбарт олгосон нийт зээлийн 8.4 хувь нь асуудалтай болсныг Дэлхийн банкнаас гаргасан тайланд онцолсон байв. Тэгвэл Засгийн газраас Доржийг дэмжиж, орон сууц худалдаж авах боломжтой болговол барилгын компанийн борлуулалт нэмэгдэнэ. Ингэснээр барилгын компани өрөө төлж, банкны салбар дахь чанаргүй зээлийн хэмжээ багасна. Дорж, барилгын компани, банк сэтгэл хангалуун үлдэхэд эдийн засаг ч сайжрах юм.
Дашрамд, 2011 онд 17.3 хувьд хүрсэн ДНБ-ий өсөлт маань 2012, 2013 онд ч огцом доошлох байсныг эдийн засагчид тайлбарладаг. Гэвч Засгийн газар, Монголбанкнаас Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлснээр эдийн засаг зөөлөн газардсаныг мэргэжилтнүүд сануулдаг билээ. Энэ хүрээнд барилгын компаниудад хөнгөлөлттэй зээл өгч, орон сууцны нийлүүлэлтийг нэмсэн. Нөгөө талаас, иргэдэд найман хувийн хүүтэй зээл олгох замаар эрэлтийг бий болгосон. Харин одоо нийлүүлэлт байгаа ч эрэлт алга. Монголд 44 хүн тутмын ганц нь л ипотекийн зээл авсан гэж үзвэл эрэлт мэдээж бий л дээ. Гэхдээ энэ нь яг л Дорж шиг, худалдан авах чадваргүй эрэлт юм. Тиймээс урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож байж л бодит эрэлт нэмэгдэх төлөвтэй. Гэвч ямар ч шийдвэр араасаа эрсдэл дагуулдгийг мартаж болохгүй.
Одоо ярьж байгаагаар бол, банкууд урьдын адил орон сууцны үнийн дүнгийн 70 хувьтай тэнцэх хэмжээний зээл олгох юм. Харин иргэн урьдчилгаа төлбөрт 10 хувийг нь гаргах бол Засгийн газар 20 хувийг нь батлан даана. Өөрөөр хэлбэл, Засгийн газар үнэт цаас гаргах замаар эх үүсвэр бүрдүүлж, түүгээрээ Доржийн урьдчилгааны 20 хувийг “түр байршуулах” юм. Харин Дорж тэр мөнгийг хамгийн түрүүнд барагдуулж дуусах учиртай. Өнгөрсөн хоёрдугаар сард л гэхэд банкууд 1463 иргэнд нийт 83 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосноос үзэхэд бүтэн жилд энэ хэмжээ нэг их наяд төгрөгт хүрэхээр байна.
Тэгэхээр Засгийн газар жилдээ 17 мянган Доржийн 20 хувийн урьдчилгааг батлан даахад 200 тэрбум төгрөг гаргах шаардлагатай болох юм (Багаар бодоход!). Гэтэл Дорж мөнгөө төлж чадахгүйд хүрвэл яах вэ? Төлбөрийн чадвар муутай, эрсдэл ихтэй хүмүүст ипотекийн зээл олгосноос болж л АНУ 2008 онд санхүүгийн хямралд орсон. Тэр нь дэлхий даяар халдварлаж, санхүүгийн хямрал болтлоо өргөжсөн шүү дээ. Гэхдээ муу ёрлохгүй байх нэг шалтгаан бий. Ипотекийн зээл үргэлж л эрсдэл багатай байдаг. Хэн ч гэсэн орон гэрээсээ хөөгдөхгүйн тулд зээлээ төлж л таарна. Тухайлбал, эдүгээ Монголын банкны салбар дахь нийт зээлийн 5.5 хувийг чанаргүй зээл эзэлж байна. Харин ипотекийн зээлийг аваад үзвэл энэ үзүүлэлт хамаагүй бага буюу ердөө 0.5 хувь байгаа юм.
Д.Мөнхчимэг
URL: