Ц.Элбэгдорж: Давхар дээлний хуулийг дахин өргөн барихаар төлөвлөж байна

ebiУИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Үдээс хойших хуралдаанаар Ерөнхийлөгчийн тайланг сонсож байна. Дараагаар нь Казиногийн тухай хуулийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулах юм. 14 цаг 40 минут: Ерөнхийлөгч тайлангаа танилцуулахаас өмнө хоёр зүйл дурдлаа.
Тэрбээр: 1- Миний хийсэн гэж ярих гэж байгаа ажил ганц хүний биш олон хүний ажил юм. Иймээс олон хүний хийсэн ажилтай миний ажил давхацна.
2- Ерөнхийлөгчөөр сонгогдоод үндсэн зорилгоо би хэлж байсан. Би ажлаа бүтээхийн тулд ганцаараа зүтгэхээс илүүтэй олон түмнээс гарч байгаа сайн санаа санаачилга хичээл зүтгэлийг ажил болгохын төлөө ажиллана. Миний ажлын ихэнх нь энэ агуулгад багтаж байгаа гэсэн юм.
2009 оны зургадугаар сарын 18-нд тангараг өргөж Ерөнхийлөгчийн албан үүрэгт ажилд орсон. Үүнээс хойш хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа би 9 зүйлд хуваалаа. Иргэдийн оролцоо орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлээр, хууль, шударга ёсыг бэхжүүлэх. Монгол, монголоо бүтээгчдээ дэмжих. Байгальд ээлтэй ажлыг дэмжих, Монгол хүн монголын түүх ёс заншил, түүнийг дэлгэрүүлэх түгээх чиглэлээр , гадаад бодлого буюу нэр хүндийг өсгөх чиглэлээр, олон нийтийн санал санаачилгыг дэмжих, цаашид юу хийх вэ гэдэг чиглэлээр ярина гэдгээ тодорхойллоо.
Ингээд түүний ажлын тайлангаас онцлох ишлэлүүдийг хүргэе:
- Иргэний танхимыг бий болгосноор бодлогын чанартай асуудлуудыг боловсруулахад иргэдийн дуу хоолойг сонсох, оролцуулах болсон. Ерөнхийлөгчийн албан өрөөг иргэний танхим болгох санаачилгаас эхэлсэн юм. Иргэний танхимд 453 арга хэмжээ, уулзалт, хэлэлцүүлэг болсноос 17-д нь би оролцсон. Цаашлаад бүх аймаг, дүүрэг иргэний танхимтай болж, 80 хувь нь иргэний танхимтай болсон. Монголын Улсын хөгжил бол иргэн нь оролцдог, иргэн нь бүтээдэг байхаас эхэлнэ.
- Орон нутгийн хөгжлийн санг санаачлан хэрэгжүүлснээр орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлж чадсан. 2013 онд ОНХС-аар дамжуулан 6440 төсөлд 189 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн байна. Хөдөө, орон нутагт явахад сумд нүүрээ угаасан юм шиг цэвэр цэмцгэр болсон нь ОНХС-гийн үр дүн
- Үндэсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр. Үндэсний аюултай байдалтай холбоотой асуудлаар УИХ-д 3 удаа хаалттай мэдээлэл хийсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл байнга хуралдаж, хааяа 7 хоног бүр хуралдаж байгаа.
- Шилэн дансны хуулийг баталж хэрэгжүүлж байна. Мөнгөний зарцуулалт ил тод байвал гамтай, зөв зүйтэй зүйлд зарцуулагдана гэж бодож байна.
- Хууль дуудахад ирдэггүй этгээд байдаг байсан. Хуулиас зугтсан иргэнийг хуулийнхан барих л болно.
- Хэдэн жилийн өмнө санал асуулгаар АВЛИГА хамгийн тулгамдсан асуудал байсан бол одоо бол албан тушаалтнуудын яриагаар Авлигатай тэмцэх газар тулгамдсан асуудал болсон.
- Сүүлийн дөрвөн жилийн дотор Монгол Улс авлигын түвшний үзүүлэлтээрээ 40 улсаар урагшилсан. 15 цаг 20 минут:
- Шинэ технологиор дамжуулж шинэ үйлдвэрлэлийг нэвтрүүлэх боломж бидэнд бүрэн бий.
- Үйлдвэрлэл бол улсын нэр хүндтэй холбоотой. Манайд үйлдвэрлэлийн соёл хамгийн их дутагдаж байгаа.
- Говьд байгаа нар салхины эрчим хүчээ ашиглаж чадвал Ази Номхон далайн эрчим хүчийг хангаж чадна.
- Мод тарих өдрийг санаачилснаас хойш 7 сая мод тарьсан.
- Уул уурхайн салбарт замбараагүй лиценз олголт хязгаарлагдсан. 2012 оны 4-р сараас 2014 оны 06-р сар хүртэл ашигт малтмалын зөвшөөрөл огт олгоогүй.
- Агаарын бохирдолтой хийн үйлдвэр байгуулах, хийн хэрэглээг нэвтрүүлэх замаар тэмцэнэ. 15 цаг 50 минут: – Гадаад нэр томъёог хөрвүүлэн хэрэглэж эхэллээ. Жишээ: Кофег борхош, шоколадыг боргол гэх мэт.
- Монголоос гарсан үнэт зүйл монголд эргэн ирдэг болсон. Тухайлбал, “батаар” хэмээн нэрлэгдсэн үлэг гүрвэлийг эргүүлэн авчирсан нь хамгийн олон үзэгчтэй үзмэр болсон.
- Цэргийн хүмүүжлийг олгоход анхаарлаа. МОХ-ны удирдлагатай ярилцаад Оюутан-цэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.
- “Өдрийн сонин”-ын эрхлэгч Ж.Мягмарсүрэнгийн санаачилгаар Архигүй Монгол уриалгыг гаргаж, төсвөөс архи худалдаж авахыг хориглов.
- Нийт 40 хууль санаачилснаас 28 нь батлагдсан. 8 хууль буцаагдсан, 9 хууль хүлээгдэж байгаа. Бүрэн эрхийн үлдсэн хугацаандаа 30 гаруй хуулийн төсөл санаачилж, өргөн барина.
- УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болдоггүй Давхар дээлний хуулийг дахин өргөн барихаар төлөвлөж байна.
- Намуудын тухайд хариуцлагын асуудал бүр байхгүй болсон. Иймд гишүүнчлэл, хариуцлагын асуудлыг хуульчлах шаардлагатай байна.
- Монголд баялаг бүтээх боломжтой болсон. 16 цаг 40 минут: Ерөнхийлөгчийн тайлан 16.40 цагт өндөрлөв. Одоо УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч эхэлж байна. УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: Намуудын байр суурь унаж байна. Намуудын талаар ямар байр суурьтай байна. Бас Таван толгойн ордын талаар ямар байр суурьтай байна? Ц.Элбэгдорж: Намуудын асуудлаар ерөнхийдөө ярьсан. Өнгөрсөн 25 жил бид улс төрийн намын тухай хууль, санхүүжилтийн тухай зэрэг чиглэл рүү орох ёстой болсон. Намууд дээр санаа оноо байвал тамгын газар дээр авч ирээд ярилцъя гэж бодож байгаа. Таван толгой дээр бодох ёстой зүйл бол Монгол улсын үндэсний эрх ашиг. Үндэсний эрх ашиг бол улсын хөгжил юм. Энэ хөгжилд нэмэр болох үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй. Цагийн юмыг цагт нь хийх хэрэгтэй. Цаг гэж том өрсөлдөгч байна. Монголчууд талцаж байгаа нь монголыг мохоох гэсэн хүмүүсийн хувьд хүчилтөрөгч нь болж байна.
Б.Бат-Эрдэнэ Мэдээний эх сурвалж: http://time.mn/


URL:

Нэр: hyyhed Огноо: 10 April 2015

bas ltegne ingene gesen um bn daa Elbeg gyai

Сэтгэгдэл бичих