Байгаль нуурын хөвөөнд түгшүүртэй байна
Амралтын ид үе эхэлж гадаад, дотоодын амрагч, жуулчдаар дүүрэн байгаа энэ үед Байгаль нуурын хөвөө түгшүүртэй байгаа ажээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Байгаль нуурын эрэг дэх “Зүүн Хагуун” хэмээх жуулчны баазад буун дуу гарч нэг амрагч толгойдоо хүнд шархаджээ. Эрхүү хотоос найзындаа амрахаар ирсэн, хамгаалагчийн ажилтай, 41 настай нэгэн эр энэ хэргийг үйлдсэн байна. Гэвч тэрбээр “Жуулчны баазын хил хязгаараас гарахгүй” гэсэн баталгаа өгч жирийн амрагчийн нэгэн адил чөлөөтэй явж буй нь айдас төрүүлж байгаа гэнэ. Гэрчүүдийн ярьснаар хэрэг үйлдэгч согтуу үедээ буу гарган хандсан зүгтээ галлаж байжээ. “Дэлгүүр рүү орсон хүн гарч ирээд тал бүр тийш буудсан. Тэгснээ цагаан өнгийн ачааны тэргэнд сууж явуут дундаа онгорхой цонхоор өмнөөсөө ирж явсан машинууд руу галласан”хэмээн жуулчны баазын менежер мэдүүлжээ. Гэмт этгээдээс хоёр гар буу, “Сайга” маркийн өөр нэг буу, их хэмжээний сум илэрсэн байна.
Байгалийн хөвөөн дэх хэрэг явдал үүгээр шувтарсангүй. Өнгөрсөн пүрэв гаригт Израилийн нэрт хөгжимчин Эдуард Семенов дээрэмчдийн халдлагад өртжээ. Тэрбээр Эрхүүд аялан тоглож, Ольхон нуурт очиж, дараа нь Байгалийн өмнөд эрэг дэх Бабха гол дээр болсон “Байгалийн бөө” хэмээх рок-фестивальд оролцсон байна. Түүнийг Утулик өртөөн дээр байхад үл таних хүмүүс халдаж толгой руу нь чулугаар цохин хамаг мөнгө, бичиг баримтыг нь хаман оджээ. Хөгжимчний хэлснээр дээрэмчид түүнийг алахыг оролдсон гэнэ. Израиль хөгжимчин уг нь Буриадад зочилж Улаан-Үд хот, Максимиха жуулчны баазад болох фестивальд оролцохоор төлөвлөж байжээ. Тэндээсээ Монголд ирэхийг ч сонирхож байсан гэнэ. Гэвч түүний эдгээр төлөвлөгөө бүтэх эсэх нь одоо тодорхойгүй болжээ.
URL: