Хүүгийн төлбөрийг бид төлөөд, тэд өсгөөд…
Монголын хөрөнгийн бирж ашигтай ажилласан гэх сураг дуулддаг боллоо. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 100.4 сая төгрөгийн ашигтай ажилласан гэнэ. Энэ бол тус хувьцаат компанийн сүүлийн 20 гаруй жилийн түүхэнд байгаагүй амжилт. Өмнө нь тэд үргэлж алдагдалтай ажиллаж, өнгөрсөн оны сүүлчээр зардлаа танахаар болж, удирдлагууд нь 30 хувиар цалингаа бууруулсан билээ. Тэгвэл ашигтай ажиллаж байгаагийн учир юунд байна вэ?
Их энгийн. Тэдний үйл ажиллагаа идэвхжээд иржээ. Хөрөнгийн биржээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн Засгийн газрын богино хугацаат үнэт цаасны жижиглэнгийн арилжааг хийх болсон. Өмнө нь Засгийн газрын үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалдаггүй байсан байна. Тодруулбал, арилжааны банкууд Сангийн яамнаас гаргасан үнэт цаасыг Монголбанкаар дамжуулаад багцаар нь “залгичихдаг” байжээ.
Энэхүү арилжааны өгөөж хадгаламжийн хүүгээс өндөр тул банкныхан эрсдэлгүй, эвтэйхэн наймаа хийчихдэг байж. Тухайлбал, 2012 оны арванхоёрдугаар сард Монголбанкаар дамжуулж арилжааны банкуудад худалдсан үнэт цаасны өгөөж 12.57 байхад тухайн үеийн хадгаламжийн хүү 11.7 хувьтай тэнцэж байлаа. Тэд иргэд, аж ахуйн нэгжээс хадгаламж татчихаад, эргүүлээд эрсдэл болон зардал багатай бонд худалдан авч ашиг хийж байв. Дахин нэг статистик эш татахад, тухайн үеийн зээлийн өсөлтийн хурд оны эхэнтэйгээ харьцуулахад бараг гурав дахин саарсан байна. Энэ бол банкууд зээл олголгүй, бонд худалдаж аваад л өгөөжөө хүртсэн гэсэн үг.
Өнөөдөр ч байдал дээрдсэнгүй. Тэдний Засгийн газраас тооцож халааслаад байгаа хүүгийн төлбөр та бидний татварын мөнгөнөөс гарч байгааг бодохоор эгдүү хүрмээр. Банкууд багцын арилжаагаар бонд худалдаж авсан хэвээрээ л байна.
Харин Хөрөнгийн бирж ашигтай ажилласан шалтгаан нь тэд бондын жижиглэнгийн худалдааг хариуцаж авсантай холбоотой. Өөрөөр хэлбэл, бондыг 100 хувь Монголын хөрөнгийн биржээр дамжуулж арилжихгүй байгаа гэсэн үг. Үүнийг хялбархан баталгаажуулж болно. Монголбанкны сайтаас Засгийн газрын үнэт цаасны багцын арилжааны мэдээг сонирхвол өгөөж нь хоёр оронтой тооноос буураагүй л байх вий.
ИНФЛЯЦ БУУРАХАД, БОНДЫН ХҮҮ ӨСӨӨД Л
Бондын хүүг хэн тогтоодог вэ? Энэ асуултад дуу нэгтэйгээр “зах зээл” гэж хариулна. Манай Засгийн газрын бондын 15-аас дээш хувийн хүүг зах зээл тогтоож байгаа гэсэн үг. Харин зах зээл гэж хэнийг нэрлээд байгаа нь ойлгомжгүй. “Нарантуул” худалдааны төвд бужигнах мянга мянган хүнийг зах зээл гэж нэрлэж болно. Түүнчлэн, “Манай дотоодын хууль тогтоомжоор 50-аас дээш оролцогч байвал зах зээл гэж үздэг” гэж Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Д.Ангар онцолжээ. Тэгвэл бондын багцын арилжаанд хэчнээн тоглогч оролцдог билээ? Үндсэндээ арилжааны 14 банк оролцогчдын 90 орчим хувийг эзэлдэг гэж эдийн засагчид онцолдог. Тэгэхээр 50 оролцогч байх тоондоо хүрдэггүй ажээ.
Оролцогчдоос гадна хүүнд инфляц гэх “нөхөр” маш ихээр нөлөөлдөг. Засгийн газар анх 2012 онд Монголбанкаар дамжуулж үнэт цаас гаргахад 12 орчим хувийн хүүтэй байсныг дээр дурдсан. Тэгвэл тухайн үеийн инфляц 14 хувьтай тэнцэж байв. Уул шугамандаа инфляц дээр өөрийн өгөөжийг нэмээд л хүүг тогтоочихдог аж. Манай ихэнх үйл ажиллагаа байх ёстойгоос эсрэгээр явдгийн нэг л жишээ энэ.
Өөр нэг хачирхалтай жишээ нь өнөөгийн бондын өгөөж юм. Тодруулбал, манай инфляц 9.3 хувьтай тэнцэж байхад, бондын өгөөж эсрэгээрээ 15-аас дээш болж, цойлоод гараад ирэх юм. Инфляц 14 хувиас хэдийнэ буугаад нэг оронтой тоо руу орж, эдийн засагчид энэ оны инфляцын түвшинг долоо гэж тооцож байхад бондын өгөөж урсгал сөрж “давхиад” байгаагийн учир юу вэ. Хүү тогтоогчид илүү их ашиг л хүсч байна гэсэн үг. Харин өсч буй хүүгийн төлбөр нь миний, таны цалингаас авдаг хувь хүний орлогын албан татвараар суутгагдсаар л байгаа билээ.
НЭГ НЬ АШИГ ОЛЖ, НӨГӨӨДҮҮЛ НЬ ТӨЛДӨГ ЗАРЧИМ
Зах зээлийн зарчмыг баримтлаад, урсгалынхаа дагуу зөв явж буй улсыг хөгжингүй орон гэж нэрлэх боломж бий. Тухайлбал, Швейцарийн Засгийн газрын бондын өгөөж өнөөдрийн байдлаар хасах 0.06 хувьтай тэнцэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, засагтаа мөнгө зээлүүлээд хүү төлж байна. Найдвартайг нь харуулж байгаа хэрэг. Түүнчлэн энэхүү хүү нь тухайн орны зах зээлийн суурь хүүд нөлөөлдгийг тэд мэддэг. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгчид бага хувийн хүүтэй зээл авснаар эдийн засаг нь эрчимжинэ. Тиймээс ч засагтаа мөнгө зээлүүлчихээд, хотойлгүй хүү төлөөд байгаа хэрэг. Өөрсдөө ч бага хүүтэй зээл авч, бизнесээ өргөжүүлэх боломжтой болж байгаа юм.
Харин бид нэг нь ашиг олоод, нөгөөдүүл нь төлөх зарчим баримталдаг учраас бондын хүүгээ тээр өндөрт шидчихээд, татвар төлөгчид хүүг нь төлөөд байгааг яах вэ. Зах зээлийн хүү тогтох суурь зарчим алдагдсаныг учир мэдэх эрхмүүд ч онцолдог. Тухайлбал, Монголын хөрөнгийн биржийн захирал Д.Ангар “Засгийн газрын үнэт цаасны хүү бага байх нь тухайн Засгийн газартаа ашигтайгаас гадна хамгийн гол нь дотоодын аж ахуйн нэгжүүдийн санхүүжилт босгох боломжийг нээж, зардлыг бууруулдаг” гэж хэлжээ.
Тэгвэл манайд санхүүжилт босгох боломж тааруу байгааг статистик нотолно. Өнгөрсөн оны хоёрдугаар сард 55.6 хувьтай тэнцсэн зээлийн өсөлтийн хурд өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар 9.2 хувьтай тэнцэж, эрчимтэйгээр урууджээ. Харин банкууд зээл гаргахын оронд Засгийн газартаа мөнгө зээлүүлээд, өндөр өгөөжийг нь хүртэх замыг сонгосон. Ашиг олох сонирхолтой банкуудын хувьд буруутгах аргагүй.
Ингэхгүйгээр бизнес эрхлэгчдэд зээл олгож, “эх оронч” зан гаргах нь эрсдэлтэйгээс гадна зардал өндөртэй.
ХҮҮГИЙН ТӨЛБӨР ТӨЛЧИХЛӨӨ, ЭМНЭЛЭГТ ҮЗҮҮЛЬЕ, БОЛОХ УУ?
“Өнөөгийн бидний байгаа санхүүгийн салбар чинь энэ шүү дээ” гэж Монголын банкны холбооны тэргүүн О.Орхон Эдийн засгийн форумын үеэр хатуухан хэлсэн. Нээрээ бидний байгаа царай л энэ. Тэглээ гээд банкны салбараа чичлээд байвал бултаараа дампуурах нь үнэн. Тиймээс тэд өндөр өгөөжөө хүртэг. Ажиллаж байгаа учраас л ам тосдоо биз. Харин тэдний Засгийн газарт зээлүүлээд, бидний хүүгийн төлбөрөөс нь төлөлцөөд байгаа мөнгөөр юу хийж байгаа вэ?
Статистикийн хорооны сайт руу шагайгаад үзвэл өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл хасах 185.3 тэрбумтай тэнцэж байна. Өөрөөр хэлбэл төдий хэмжээний алдагдалтай байгаа гэсэн үг. Энэхүү алдагдлыг өнөөх өндөр хүүтэй бондоор нөхөж байгаа. Нөхсөн мөнгөөрөө төрийн албан хаагчдын цалин мөнгийг тавихаас эхлээд эргэж мөнгө болохгүй өчнөөн төчнөөн урсгал зардалд зарцуулж байгаа нь бараг л “солиотой” гэмээр үзэгдэл.
Бүдүүлэгхэн зүйрлэвэл, Хөвсгөлийн Түнэл сумын иргэд гэрт байрладаг эмнэлэгт эмчлүүлж байхад, эмч нар нь цалингаа тоо ёсоор нь, авах ёстой цагтаа халаасалж байгаатай л адил. Уг нь эмнэлгээ байртай болгоход эхлээд анхаарах ёстойг хэн ч ойлгоно. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих санхүүжилтэд мөнгөө зарцуулахын оронд нөгөө л цалин пүнлүү, засвар үйлчилгээний зардалд үрж байгаа нь урсгал сөрж сэлээд, эцэст нь живэхэд тулахтай эгээ адил бөлгөө. Ингэхэд би, бид, Түнэл сумын иргэд цалингаасаа өнөөх өндөр хүүг нь төлөлцөж байгаа юм чинь зуухан галлагаатай гэрт биш, паартай устай байшинд эмчид үзүүлэх нөхцөлийг ханга хэмээн шаардаж болох уу, үгүй юү!
Э.Хулан
URL: