“Номин Холдинг” ба Төрийн тусгай хамгаалалт
Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд: -“төрийн тусгай хамгаалалт нь аюулгүй байдлыг нь хангах зорилгоор хуулиар төрийн тусгай хмагаалалтад авахаар тогтоосон төрийн байгууллага, тэдгээрийн зарим үйл ажиллагаа, албан тушаалтан, иргэний амь бие, ордон, өргөө, зориулалтын орон сууц, тээврийн хэрэгсэл бусад зүйлийг хамгаалахад чиглэсэн мэргэжлийн болон бусад байгууллага, албан тушаалтны харилцан уялаатай цогцолбор үйл ажиллагаа мөн” хэмээн заажээ.
Энэ хуулийн, энэ заалтыг сонгон авч уншигч та бүхэндээ тусгайлан хүргэж байгаа явдлын учир начирыг одоо тайлбарлая.
Төрийн тусгай хамгаалалтын бүс нутаг болон “Их тэнгэр цогцолбор”-ын захирал М.Гантулгатай ч нь “Номин холдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Энхбаяр 2004 оны 7 сард “үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэх гэрээ” байгуулж, тус цогцолборын 24-р байрыг 15 жилийн хугацаатайгаар түрээслэж өөрсдийн бизнесийн үйл ажиллагааг явуулахаар тохирсон байдаг.
Дархан цаазат газар, байгалийн үзэсгэлэнт болон түүх дурсгалын харуул хамгаалалттай бүсүүд бол бүр дүүрч, өнөөдөр тэнд хэн дуртай нь юу ч хийж болдог болсон цаг. Гэхдээ л Номингийн босс хүч чадал, эрх мэдлээ хэнд гайхуулах гэсэн юм очиж очиж бүр Төрийн тусгай хамгаалалтын бүсэд бүхэл бүтэн ордон, байшин байрыг эргэн тойрны газартай нь 15 жилээр түрээслэж, бусдад дамжуулан түрээслэж ирсэн байна.
Ингээд энэ хууль бусаас гадна дур зоргоороо төрийн тусгай хамгаалалтын бүсэд эзэн хариуцагчгүй мэт аашилж ирсэн явдлыг нь таслан зогсоож, төр өөрийн мэдлийн обьектоо, газраа буцааж авах гэтэл өөдөөс нь “май” гэж хариулаад гэрээ энэ тэр хийчихээд байхад та нар хэн бэ хэмээн зандарч эхэлсэн байна.
Хэн ч бодсон”Төрийн тусгай хамгаалалтын бүс” гэдэг нь наад зах нь манай хуулиар төрийн тусгай хамгаалалтад байх ёстой, учиртай дарга цэргүүдийн орон гэр, манай улс оронд урилгаар болон зочлон ирж байдаг гадаад дотоодын төрийн тэргүүн нар, зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангахаар тусгайлан сонгосон тийм бүс нутаг гэж ойлгогддог.
Гэвч үгүй шүү, бидний байгуулсан гэрээг төр зөрчиж байна. Хувийн бизнес хийх эрхийг минь боогдууллаа хэмээн Номингийнхон шүүхэд хандаж, гомдлоо баталгаажуулахыг хүсэн нэхэмжлэл гаргажээ.
Монгол бол Ардчилсан орон тул гомдол нэхэмжлэлийг нь шүүх хүлээн авч шалгаж нягтлаад, “Номин холдинг”-той байгуулсан тэрхүү түрээсийн гэрээ нь “Төрийн хамгаалалтын бүс, хамгаалалтад авсан барилга, бусад зүйлд эрх бүхий тушаалтан, төрийн хамгаалалтын эрх бүхий албан хаагчаас бусад хүн зөвшөөрөлгүй, эсхүл зэвсэг, тусгай хэрэгсэлтэй нэвтрэн орох, зэрэг, зэвсэг техникийн хүч хуралдуулахыг хориглоно” гэж заасан төрийн хамгаалатын тухай хуулийн 8.3 заалт болон бусад хэд хэдэн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол улсын хууль, журмыг зөрчсөн байх тул энэхүү хувийн хэвшлийн байгууллагатай байгуулсан гэрээ нь хууль бус юм гэдгийг тогтоосон байна.
Тэгээд “Номин холдинг” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгч А.Сарангэрэл гаргажээ.
Гэвч шүүхийн энэхүү шийдвэр өнөө болтол хэрэгжихгүй байсаар байна. Шүүхийн шийдвэр өнөөдөр хэн нэгэн иргэн, албан байгууллагыг хэн байхаас үл хамааран хүчин төгөлдөр биелэгдэх учиртай байдаг. Тэр битгий хэл хууль зөрчин байж байгуулсан энэхүү түрээсийн гэрээ анхлан байгуулсан хуулийн этгээдүүдэд ч гэсэн ял оноох учиртайг шүүхийн шийдвэрт дурдсан байгааг энд тэмдэглэх хэрэгтэй.
Г.Чугаа /түдэй.мн/
URL: