Айлчлал ард иргэдэд арай л хүнд туслаа

Энэтхэгийн анхны  эмэг­тэй Ерөнхийлөгч  Пратибха Девисингх Патилын айлчлал өнгөрсөн бямба гарагт өндөрлөлөө. Энэ айлчлал ма­­най улсад нэлээдгүй чу­хал бөгөөд эдийн засаг, батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах зэрэг өн­дөр ач холбогдолтой ажээ. Гэвч энэхүү айлчлал нь ард иргэдэд нэлээд хүндрэл уч­руулсан юм. Учир нь Энэт­хэгийн Ерөнхийлөгч, эрхэмсэг хатагтай Пратибха Девисингх Патилыг айлчил­сантай холбогдуулан “Мон­гол шилтгээн” амралтын баазад  бэсрэг наадам зо­хион байгуулсан. Энэ үед Гачуурт хүртэлх зам дагуу баахан халууцаж ядарсан цагдаа болон хүчний байгууллагынхан эгнэн зогсох аж. Энэ олон цэрэг, цагдаа ч яахав ажил үүрэг нь ийм хойно гэж хэлэх хүн олон байх. Гачуурт тосгон хүртэлх бүхий л зам дагасан цайны газар болон дэлгүүр, хоршоог хааж, үйл ажиллагаа явуулахыг хориглосон байх юм. Энэ юуны учир вэ.

Аль нэгэн улсын төрийн тэргүүн айлчлал хийж байгаа үед ажиллах зөвшөөрлөө аваад амьжиргааны түвшингээ дээшлүүлэх гэж хө­дөлмөрлөж буй иргэдийн ажлыг хаадаг нь юуны учир вэ. Хэтэрхий гэхэд дэндүү хэ­тэр­хий туйлшраад байгаа юм  биш үү. Хэрвээ манай улсын Ерөнхийлөгчийн айлч­лал Энэтхэгт болсон бол ийм зүйл болохгүй л байх. Тэгэхээр манай төрийн бодло­го, үйл ажиллагаа хэтэрхий их хүнд сурталтай байх шигээ. Айлчлал гэхээр л ард иргэдийн нуруунд асар их дарамт уч­руулж болохгүй биздээ. Гачуурт тосгонд үйл ажиллагаа явуул­даг тэр дэлгүүр цайны газрууд хэлмэгдэх биш буруу бодло­гын тод гэгч золиос болж байна. Ингэж бизнес эрхлэгчдээ дарамталчихаад яаж бизнес форум зохиодог юм болоо. Өглөө 7 цаг 30 минутанд бүх үйл ажиллагааг нь зогсоосон. Үдээс  хойш хоёр цагийн үед үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхлэхийг зөвшөөрсөн гэнэ. Хэн хүнгүй л хаа сайгүй бухимдалтай байна. Айлчилж ирсэн хэн нэгний нүднээс дэлгүүр хоршоогоо харуулахгүй нуу­гаад байх юм бол энэ улс хэзээ хөгжих юм бэ. Зам дагаад  шарилж сандайлан хуушуур идэн суух төрийн цагдаа ч хөөрхий. Ажил хийхдээ  аливаа нэгний ажлыг үгүйсгээд байх юм бол хэн хүнгүй л айлчлал гэхээр айж цэрвэх байх даа. Юутай ч дараачийн айлчлалаар хийж буй ажлаа хаяад хэд хоног улс нийтээрээ амарч байвал ажил цалгардахгүй л байх. Хэн хэнийхээ ажил амьдралыг бодож бодлогоо зөв хэрэгжүүлмээр л байна шүү.

Э.БАЯСГАЛАН

“Улс төрийн тойм” сонин


URL:

Сэтгэгдэл бичих