ЭЗ-аа солонгоруулахыг хүсвэл бодлоготойгоор нүүрсээ ашиглах хэрэгтэй
Монгол Улсын “хар алт”-ны нөөц ойролцоогоор 173.5 тэрбум тонн гэсэн судалгаа байна. Энэ тоо бол хамгийн сүүлийн байдлаар хийгдсэн судалгааны бодит дүн юм. Ийм хэмжээний нүүрсний нөөцтэй байхад дэлхийн зах зээл дээр өөрсдийгөө эхний эгнээнд бичигдэж байгаа гэж ойлгох хэрэгтэй.
Учир нь эдийн засаг нь сүүлийн жилүүдэд тогтмол өсч, дэлхийн зах зээлийн өнгийг тодорхойлж эхлээд байгаа өмнөд хөршид ч ийм хэмжээний газрын баялаг байхгүй. Тэр том газар нутаг ердөө л 60 тонн дөхсөн “хар алт”-ны нөөцтэй. Бидэнд ямар их боломж байгааг нотлохын тулд ганцхан жишээ дурдахад дэлхийн зах зээлд нүүрсний үнэ уналттай байгаа ч өнгөрсөн онд манай улс 19.5 сая тонн нүүрс экспортод гаргаж улсын төсөвт 272 тэрбум төгрөгийн татварын орлого оруулсан юм. Энэ нь чамлашгүй амжилт бөгөөд манай нүүрсний салбарт ямар их ирээдүй байгааг илтгэж байна.
Гэвч тэдэнд байхгүй зүйл бидэнд байгаа хэмээн цээжээ дэлдэх шаардлагагүй. Нүүрсний үнийг өсгөх гэж байна гээд хилээр нүүрс гаргахгүй суусны эцэст бид л хохирч үлдсэн түүхтэй. Тиймээс урдын алдааг давтахгүйн тулд гадны хөрөнгө оруулагчдыг эх орондоо татаж, газрын доорх баялагаа зөв ашиглах нь манайд л хэрэгтэй. Дэлхийн зах зээлд дээр нүүрсний үнэ унахад манай улсын эдийн засаг элгээрээ хэвтдэг бодлогоо яг одоо эцэслэх хэрэгтэй. Дэлхийн хэмжээний “тоглолт”-ыг улс төрийн болон эдийн засгийн хүрээнд хийх цаг ирсэн.
Энэ өдрүүдэд “Coal Mongolia 2015” олон улсын чуулга уузалт болж байна. Гадны уул уурхайн салбарын томоохон төлөөлүүд үүнд оролцож монголчууд уул уурхайн тал дээр ойрын жилүүдэд ямар бодлого барих гэж буйг анхааралтай ажиглаж байгаа. Бид өнгөрсөн жилүүдэд хөрөнгө оруулагчдыг түлхэж, тэднийг Монголоос дайжихад хүргэсэн улс. Одоо үүнийгээ залруулах хэрэгтэй. Ингэж байж л гаднаас орж ирэх валютын нөөц сэргэнэ.
Ердөө гуравхан жилийн өмнө 17 хувийн өсөлттэй байсан эдийн засаг өдгөө хямралын ирмэг дээр тулж ирлээ. Одоо буруутанг хайх биш буруу зүйлийг нь залруулцгаая. Ер нь эдийн засаг гэнэтхэн суга өссөн нь шууд газрын доорх баялагтай холбоотой. Тэр тусмаа нүүрс, зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр огцом нэмэгдсэнээс улбаалсан. Харин хэдхэн жилийн дараа дээрх баялагуудын үнэ унахад манай эдийн засаг сулран доройтож, хямралын төвшинд хүрээд байгаа нь үнэн.
Тиймээс эдийн засгаа дархлаатай болгохын тулд нэн шаардлагатай алхамуудыг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Нүүрсээ зөв зохистой ашиглаж, Оюутолгой, Тавантолгой гэх томоохон орд газруудын мега төслөө урагшлуулж, эргэлтэд оруулах нь зүйтэй. Ч.Сайханбилэгээр толгойлуулсан энэ засгийн газрын хийсэн бөгөөд хийгдэх ажлууд дундаас хамгийн чухал нь Оюутолгой, Тавантолгойг төслүүд.
Эдийн засгаа солонгоруулж, иргэдийнхээ амжиргааг дээшлүүлэхийг хүсвэл Монгол улс нэн түрүүнд хаана ч байхгүй баялаг болох нүүрсээ ашиглах ёстой. Ингэхийн тулд хамгийн гол нь төрийн зөв бодлого хэрэгтэй.
Гэхдээ эдийн засгаа аврах гэж байна гээд дэлхийн хэмжээний том уурхайгаа гэнэн бодлоор тавиад туучихгүйхэн шиг тал бүрээс нь хэлэлцэж, иргэд олон нийтийн санаа бодлыг тусгаж байж асуудлыг шийдэх нь зүйтэй. Эхлэхэд бэлэн болсон Тавантолгойн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлээд зөв шийдлийг олоод явах ёстой.
Г.Бат
URL: