Тавантолгойгоо таваглачихлаа, дараа нь яах бол…

-Хөрөнгө оруулагч компани, банкуудын талаар таагүй мэдээлэл дуулдаж эхэллээ-

Засгийн газраас Тавантолгойн Цанхийн баруун хэсэгт хөрөнгө оруулагчдыг тодруулчихлаа. Таван их гүрэн сонирхлоо илэрхийлснээс манай улс төрчид гурвыг нь тодруулчихаад гудиггүй байх гэтэл болсонгүй бололтой. Эхний сонгон шалгаруулалтад 15 компани өрсөлдсөн бол хоёрдугаар шатанд үлдсэн зургаан хүчтэй оролцогч ана, мана тэмцэлдсэн.

Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг тэдэнтэй 18 удаа гэрээ, хэлцэл хийсний эцэст Америк, Орос, Хятадад боломж олгохоор шийдвэрлэсэн нь багагүй хэл ам дагуулсан юм. Тавантолгойн тойргийн гадна үлдсэн улсууд манай сайд дарга нарын төрийн айлчлалаар очихдоо амласан амлалтыг сануулж, хоёр улсын хоорондох стратегийн түншлэлийн гэрээгээ сахихыг соёлтойгоор мэдэгдсэн нь тэр.

“Тавантолгойд оролцох манай хүсэлтийг дахин авч хэлэлцэнэ үү” хэмээн Японы Засгийн газар хоёр дахь удаагаа саналаа ирүүлсэн нь байх ёстой асуудлын нэг байсан биз. “Ашигт малтмалын баялгаас 1-1.5 сая төгрөг бэлнээр олгоно” гэж ард түмнээ хуурдагтайгаа адил их гүрнүүдийг хуурна гэвэл хамтарсан Засгийн газрын сачий хүрэхгүй. Нөгөөтэйгүүр нэгэнт эцэслэн гаргасан сонгон шалгаруулалтын дүнг хүчингүй болгож дахин зарлах утгагүй.

Ингэснээр Цанхийн баруун хэсэгт АНУ-ын “Пибоди Энержи”, БНХАУ-ын “Шинхуа Энержи”, ОХУ-ын “Оросын төмөр зам” нөлөөгөө тогтоогоод байна. Энэ тоглолтын дараа Японы Засгийн газраас ирүүлсэн албан бичиг буюу хоёр дахь удаагийн санал манайхныг багагүй сандаргасны эцэст Японы
“Иточү”, ”Мицуй” компаниудын консорциум, Япон, БНСУ-ын консорциумын нэгдэлд Цанхийн зүүн хэсгийн нүүрсийг худалдан авах эрх олгоод байна.

Энэ мэтээр Тавантолгойгоо хэдэнтээ хувааж их гүрнүүдэд найр тавин таваглаж орхилоо. Дараа нь яах бол гэсэн хүлээлт нийгэмд байна. Өөрөөр хэлбэл, цөөн хэдэн хүн баяжаад улс орон, ард түмэнд ашиггүй үлдэх вий, гадаадынханд хууртаад хоцордог хуучин жишиг давтагдаж болзошгүй гэсэн хардлага байна. “Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ” гэгчээр үүсээд буй хардлага хий хоосон зүйлээс үүдээгүй нь лавтай.

Тэгвэл, хаана нь юу байна, ямар “но” илрэв гээд асуулт гарна. Хариуг нь хөрөнгө оруулагч компани, банкууд дотроос хайх хэрэгтэй байх. Тендер болгонд цээжинд давхидаг сайд, дарга, тэдний танил талын хувийн компани манайд олон бий. Тэдэнтэй адил олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт бүрт орж, ямар нэгэн байдлаар хувь авдаг компани, банк байдаг. Тухайлбал, Тавантолгойн хөрөнгө оруулагчдын зөвлөх банкаар “Айвенхоу Майнз” компанид хувьцаа эзэмшдэг мөртлөө Оюутолгойд зөвлөхөөр оролцож байсан “Голдман сакс”-ын нэр дуулдаж байна.

Ашиг сонирхлын зөрчилтэй энэ банк өнөөдөр Тавантолгойд шургалаад амжжээ. Монголд дур, зоргоороо авирлаж байгаа “Голдман сакс”-ын ард манай улс төрчид, нөлөө бүхий эрх мэдэлтнүүдийн нэр холбогддог. Төр, засгийн зүгээс хариуцлагатай, ил тод уул уурхайг хөгжүүлнэ гэсэн зорилго дэвшүүлдэг. Нөгөөтэйгүүр сонгон шалгаруулалт хийнэ гэдэг ганц, нэгэн компанийн асуудал биш.

Дэлхийд нэр хүндтэй шилдэг компани, банк оролцох, эрсдлийг хувааж үүрэхэд чиглэсэн хариуцлагын тогтолцоо бий болгоход чиглүүлэх ёстой. Гэтэл манайд нөхцөл байдал эсрэгээрээ хэрэгжиж байгаагийн жишээ ийм. Тавантолгойд оролцохоор тодорсон болон цаашид нэр хаяг нь тодорхой болох талуудын эрх ашиг, сонирхлын зөрчил цаашид энэ мэтээр илэрч монголчуудын сэтгэлийг чилээж, сэтгэлийг зовоох нь дамжиггүй.

Ч.Зотол


URL:

Сэтгэгдэл бичих