“Буян”-гийн Б.Жаргалсайханы ээж, цагдаагийн бэлтгэл хошууч Ш.Ичинхорлоо: Хүү маань шударга болохоороо улс төрд ад үзэгддэг юм байлгүй

“Хорвоогийн хоног өдрүүдэд нүд эрмэхийн зуур өнгөрөх юм. Саяхан би шинелиэ өмсөөд гунхалзсан бүсгүй ажил руугаа алхаж байсан санагдах юм. Гэтэл одоо тэтгэвэрт гарч бурхан болохоо хүлээж суудаг болчихож” хэмээн өгүүлэх буурайг Ш.Ичинхорлоо гэдэг.

Тэрээр 84 настай, Монголын анхны эмэгтэй мөрдөн байцаагч нарын нэг. Онц ноцтой гэмт хэргийг эрчүүдээс дутахааргүй мэргэжлийн ур чадвар гарган илрүүлж байсан дайчин бүсгүй. Түүнийг ажил мэргэжлээс гадна төрүүлж өсгөсөн үр хүүхдүүдээр нь амархан танина. Хуулийн байгууллагад хүчин зүтгэсэн хуульчид болон худалдаа, үйлдвэрийн салбарт толгой цохиж яваа бизнесмэн болох “Буян” комианийн захирал Б.Жаргалсайханы ээж юм.

Бид энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа өдгөө гавъяаныхаа амралтыг эдэлж яваа Монголын саран ээжийн “Есөн эрдэнэт эх” өргөмжилт, Сүхбаатарын гавъяаны улаан тугийн одонт, цагдаагийн бэлтгэл хошууч Ш.Ичинхорлоо гуайг урьсан юм.

Тэрээр болзсон цагтаа биднийг “Сэхээтний хороолол” гэгдэх  дөчин мянгатын дугаар байрны гадаах салхивч дор хүлээж байлаа, “Гадаа нарлаад жаахан суухаар нутгаа санаад байх юм. Урин цаг ирж, цэцэг жимс дэлгэрэхээр бүүр их санах юм гээч. Энэ цэцэрлэгийн хашаанд ургасан өвс ногоог наранд үхүүлж байхаар хадаж аваад малчдад өгчих юмсан. Одоо тэгээд энэ өвсийг хадаад малчдад хүргэх буянтай хүү байхгүй болчихож” хэмээн уулзсан цагаасаа эхлэн эх орон,байгаль цаг уурын тухай яриа өрнүүлэх тэрээр хашаанд ургасан өвс хэнд ч хэрэггүйгээр хатаж шарлаж байгаад санаа зовох аж.

Өдгөө 84 настай гэхэд хөнгөн шингэн, түүртэлгүй гүйж харайх бололтой гэмээр харагдаж байв. Гэхдээ нас өндөр гарсан учраас зарим зүйлээ мартсан гэдгээ учирлаж байлаа.

Ш .Ичинхорлоо гуайнх бурханы ном судар өрөөстэй энгийн нэгэн айл. Аав, ээжээс өвлөж ирсэн учраас түүнийгээ нандигнан шүтэж, өглөө бүр зул, цайны дээжээр тасладаггүй гэнэ. Бурханаас гадна ургамал цэцэг өрж, ханаараа хүүхдүүдийнхээ бага балчир үеийн зургийг тусгайлан өлгөж хаджээ. Оройдоо хүү Б. Цогтсайхан нь ирж очин хань болдог гэнэ. “Гэр бүлтэй ч, эжийдээ санаа зовсондоо тэр юм байлгүй. Оройд гүйгээд ирдэг юм, хөөрхий минь. Бусад нь таны бие сайн уу гэхээс ирж хань болж байгаа юм алга аа, Ажил нь болдоггүй байх” гэсээр ийн хөөрөлдлөө.

-Та гэртээ цэцэг их тарьж ээ?
-Хүүхдүүд авчирч өгсөн юм. Муу эжийгээ урт наслаасай гэж бодсон юм байлгүй урт наслуулагч ургамал, муу зүйлээс зайлуулагч өөр юу гэлээ дээ нэрийг нь мартчихаж. Осолдохгүй өглөө бүр усалж тордохоо л мартаагүй шивдээ,эмээ нь.

-Таныг Монголын анхны мөрдөн байцаагч таван эмэгтэйн нэг гэх юм билээ. Энэ талаар яриагаа эхэлье?

- Манайх Төв аймгийн Эрдэнэ суманд амьдардаг байлаа. Хэдэн ч он юм бэ дээ, бүү мэд, Аав, ээж маань өвчний улмаас бурхан болж, эгч бид хоёр өмссөн хувцастайгаа нийслэлд орж ирж билээ. Би ээжээс хоёулхнаа. Манайх уг нь малын захтай малчин айл байсан ч, нэгдэлд шилжээд өөрийн гэсэн өмчгүй болсон. Эгч бид хоёр идэх талх, уух цайгаа олохын тулд хоёулаа нэгдлийн үйлдвэрт ажилд орж байснаа тодхон санадаг юм.

Удалгүй сонирхлынхоо дагуу би хуулийн чиглэлээр МУИС-д элсэн орж, хотын прокурорт мөрдөн байцаагчаар ажилд орсон. Хожим хотын прокурорын мөрдөн байцаах албанаас 16 мөрдөн байцаагчийг ширээ, сандалтай нь Улсын мөрдөн байцаах газарт шилжүүлж байсан юм даг. Тэр шилжсэн байцаагчдын нэг нь би, Тухайн үед Улсын мөрдөн байцаах албыг анх байгуулж байсан үе байх.

Гэхдээ мөрдөн байцаах албаны тогтворгүй үе. Миний санахад МАХН-ын Тев Хорооны Улстөрийн товчооны 1964 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын харъяа Мөрдөн байцаах газар байгуулж байсан. Өөроөр хэлбэл, прокурорын байгууллагаас Цагдан сэргийлэх байгууллагад мөрдөн байцаах ажлыг шилжүүлсэн нь тэр. Тэрнээс хойш тоггвортой болсондоо. Би Монголын цагдаад 25 жил ажилласан. Монголын цагдаад насаараа зүтгэсэндээ одоо ч баярладаг.

Цагдаа бол төрийн байгууллагын механизм, ард иргэдээ хамгаалдаг байгууллага. Цагдан сэргийлэх байхгүй бөл төр оршин тогтнож чадахгүй. Ийм болохоор төр, засгаас цагдаагаа харж үздэг, хайрладаг байх учиртай. Хэрэв цагдаа байхгүй бол хулгайч, дээрэмчин тонуулчин чинь толгой цусдана шүү дээ. Үүнийгээ л төр, засаг мэдэж байвал болж байгаа нь тэр. Надад мөрдөн байцаах албанд хийж үзээгүй ажил гэж байхгүй ээ.

Тушаалаар ажилладаг болохоор хаана хүн амины хэрэг, хулгай тонуул гарна тэндл явна. Эмэгтэй гэж ялгах юм байхгүй. Тэгээд ч эмэгтэй цагдаа ховор байсан үе болохоор бүгд л тушаалаар гэмт хэргийг таслан зогсоох, илрүүлэхээр явна.

-Таныг хүүхдийн байцаагчаар мэргэшсэн гэх юм билээ?

-Би ихэнхдээ хулгай дээрэм, хүүхдийн хэрэг мөрддөг байсан. Хожим тэтгэвэрт гарахын өмнөхөн ахлах мөрдөн байцаагч болсон. Хулгай дээрмийн хэрэгт ихэвчлэн хөдөө явна. Нөгөө хулгайч нар чинь дээрэм тонуул хийгээд нийслэлд авчраад зарчихна. Тийм болохоор хулгай хийсэн газрыг нь заалгаж, хохирлыг нь тооцохоор хулгайчаа дагуулаад хөдөө явна шүү дээ. Замдаа ямар өлсгөөд алалтай нь биш өнөөхдөө хоол авч өгч өгнө. Гэхдээ найзлахгүй л дээ.

Үйлдсэн хэрэг нь хэнд ч тодорхой байгаа учраас тэр. Харин хүүхдийн хэрэг мөрддөг байхад хэцүү үе бишгүй таарч байлаа. Өөрийн хүүхдүүд шигээ хүүхдүүдийг байцаахад жаахан төвөгтэй. Хүүхэд оролцсон хэрэгт ер нь доод тал 2-3 хүүхэд байна. Тэгээд тэрнээс их. Яагаад гэхээр хүүхэд юм болохоор нэгэндээ их амархан уруу татагдаж, муу зүйл рүү хурдан орчих аюултай. Хоёр нь нийлж хулгай хийчихвэл нөгөө хэд нь дуурайгаад л. Эвий дээ, хүүхэд юм болохоороо тэр биз.

Хүүхдийн байцаагчаар ажиллаж байгаад хожим ахлах мөрдөн байцаагч боллоо. Ахлах мөрдөн байцаагч болохын тулд 20 гаруй жил зүтгэсэн байх шүү. Тэр үед чинь одооных шиг ийм амархан албан тушаалд очиж байгаагүй. Монголын цагдаад үхэн үхтлээ зүтгэж байгаад л сая нэг юм ахлах мөрдөн байцаагч болно. Одоо бол 2-3 жил ажиллуулчихаад л алба, хэлтсийн дарга болгочихож байна.

Уг нь цагдаа хүнд хүчир ажлыг гарын таван хуруу шигээ таниж мэдсний дараа нь дарга болговол дээр юмсан. Ядаж, удирдаж байгаа албандаа алдаа гаргахгүй. Гэхдээ одооны мөрдөн байцаагч бидний үеэс илүү мэргэшсэн юм шиг байна лээ. Тэгэхээр дэвшүүлэх нь арга үгүй биз дээ.

-Одоогийн цагдаагийн алба тэр дундаа мөрдөн байцаагч нарыг шүүмжилмээр юм байдаг уу?

-Шүүмжлэх гэхээсээ илүү магтмаар санагдаад байдаг юм. Яахав, тодорхой хэсэгт нь шүүмжилмээр юм байдаг биз. Би тогоонд нь чанагдчихсан болохоор одоо ч гэсэн цагдаагийн формтой хүнийг харахаар дотно санагдаад, заримдаа нулимс гарах дөхнө. Ер нь Монголын цагдаа дэлхийн хэмжээнд л үнэлэгдэж байна шүү дээ. Гэмт хэрэг гарлаа л гэнэ. Удалгүй хэрэгтнийг олчихно. Энэ нь мөрдөгч залуусын ур чадвартай холбоотой.

Тэгээд ч залуучууд юм сурахдаа амархан байдаг хойно. Мөрдөн байцаах газраас ахмад биднийг урьж, залуучууддаа зөвлөгөө өгүүлж байдаг. Тэднийг харахад эрч хүчтэй, ажилдаа гаршсан сайн хүүхдүүд шиг харагдана лээ. Гэхдээ шүүмжилмээр ганц хоёр зүйл бас байна аа. Бидний үед онц ноцтой гэмт хэрэг бишгүй л гардаг байсан. Тэр болгонд олон нийтэд зарлахгүй.

Илрүүлсэн ч зарлахгүй. Энэ нь цаад утгаараа дараа дараагийн гэмтнийг төрүүлэхгүй, муу үлгэр жишэ үзүүлэхгүй гэсэн төрийн бодлого байсан юм. Одоо бол тэр хүнийг яг тэгж онц хэрцгийгээр хөнөөжээ гээд л мөрдэстэй болгон хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байна. Энэ нь хүний араатан шинжийг нэмэгдүүлэх аюултай. Хүн чинь өөрөө амьтан юм болохоор араатан шинжийг нь нэмэгдүүлээд байвал гэмт хэрэг хийхээс буцахгүй болчих талтай.

-Залуу байхад дарга нартаа загнуулах үе бишгүй л байсан биз?

-Тэгэлгүй яахав. Шүүхээс хэрэг мөрдөн байцаалтад буцаад ирвэл толгойгоо эргэтэл загнуулна шүү дээ. Аливаа хэргийг сайн мөрдсөн гэж бардаж болохгүй. Учир гэмт хэрэгтнүүд чинь мөрдөн байцаалтдаа бүгдийг үнэнээр нь өччихөөд шүүхийн шатанд очихоор “Мөрдөн байцаагч дарамталж мэдүүлэг авсан, Би худал хэлсэн” гээд мэдүүлгээ өөрчилж, эргэн буцаах талтай. Тийм болохоор мөрдөн байцаагч хүн ямар ч тохиолдолд хянуур байх учиртай юм шүүдээ.

Харин шагнуулахаар мөн ч их баярладагсан. Тухайн үед баярын бичиг өгчихөд л урам ороод өгнө. Бас даргын сайшаалын урмаас эрч хүч авна.

-Залуу мөрдөгч бүсгүй нүд дальдрам онц ноцтой хэрэг мөрдөж байсан болов уу? Эмэгтэй хүн гэдэг талаас нь дарга нар нь зөөлөн хандах юм уу?

-Үгүй. Цагдаагийн байгууллагад тангараг өргөсөн л бол эрэгтэй, эмэгтэй ялгаагүй төрийн хүн. Аймшигтай хэрэгт бишгүй дээ их явж байлаа. Сүүлдээ харсаар байгаад дасан зохицоод айхаа мартчихдаг юм билээ. Үүр шөнөөр хүртэл хувцасаа өмсөөд л явна шүү дээ. Цагдаа бол ард түмний амар амгалангийн төлөөх хүн учраас биеийн амрыг бодож татгалзах эрхгүй.

Ирээдүй хойчид ч байх учиргүй. Одоо ажиглаж байхад одоогийн мөрдөн байцаагч нар ширээний ард суучихаад “Чи хэргээ хүлээ” гээд тулган шаардаад суух юм. Уг нь бол тэгж болохгүй. Түүнийг хийсэн гэж батлах хөдлөшгүй баримтыг олчихоод асуух хэрэгтэй. Мөрдөн байцаагч гэдэг бол шулуун шударга зантай, гярхай байх ёстой.

-Хоёулаа нэлээд их ажил ярилаа. Та гэр бүлээ танилцуулаач, Танай хүүхдүүдийг хуулийн бизнесийн салбарт тэргүүлж яваа гэдгийг хүмүүс сайн мэднэ шүү дээ?

- Ханийг маань Базарсад гэдэг байсан. Уг гарвал нь Булган аймгийнх. Бид хоёр таван эрдэнэтэй. Одоо тавуулаа энх тунх, сайн сайхан явна. Нэг охин, дөрвөн хүүтэй, Базаррагчаа, Базарханд, Цогтсайхан, Жаргалсайхан, Батсайхан гээд. Хамгийн гом нь хотын прокурорт прокурор хийж байгаад тэтгэвэртээ гарсан, Б.Цогтсайхан, Б.Жаргалсайхан хоёр болохоор “Буян” комнанид, эмэгтэй нь Монголын зургийн инситудад, бага хүү Б.Батсайхан болохоор Булган аймгийн Засаг даргын Тамгын газарт ажилладаг.

Хүүхдүүдээс маань Жаргалсайхан намайг илүү дууриасан. Хэлье гэснээ шууд хэлчихдэг, дэндүү шударга талдаа. Харин бусад нь дөлгөөхөн. Аавынхаа зан төрхийг өвчсөн. Одоо Цогтсайхан маань өтөл надтай хамт амьдарч байгаа. Уг нь гэр бүлийнхэн нь Германд амьдардаг юм. Гэтэл ээжийгээ бодсон юм байлгүй ойрдоо надтай л хамт байх боллоо. Гэхдээ намараас буцах юм гэсэн. Бусад нь яахав дээ, утсаар ярьж, хааяа нэг эргэж ирнэ.

Жаргалсайхан “Ээж өвдөөгүй биз, Өвдөж болохгүй шүү” гэж дандаа хэлнэ. Хүү маань санаж бодох юм байхгүй. Хэлье гэснээ шууд хэлчихдэг ч, их зөөлөн сэтгэлтэй хүүхэд. Хүн амьтныг загначихаад эргээд дотроо уучилчихсан байдаг юм. Нялуун зангүй болохоор улс төрд ад үзэгдэж, хүн амьтан буруугаар ойлгодог байж мэднэ. Хүнийг муу хэлэхдээ алаг мах идэхээс амархан гэдэг хойно доо.

-Жаргалсайханыг зарим хүмүүс зан төрх нь шулуунаас гадна их л баян хүн гэдэг?

-Баяныг нь би мэдэхгүй ээ, Мииий хүүд баян тарган гэхээр юм байдаг юм уу. Мэдэхгүй. Хүүхдүүд маань цайны сүүгээр тасалчихгүй яваа болохоор хэн нь баян гэдгийг нь мэдэхгүй юм. Би чинь одоо өтөлсөн хүн шүү дээ. Бараг л бурхан болохоо хүлээж байгаа хүн. Харин хүүхдүүдийнхээ баяр баясгалан, тэднийхээ сэтгэлийн хүчээр өвчин зовлонгүй энх тунх амьараад л байна. Гэхдээ ханийгаа өнгөрснөөс хойш их ганцаардлаа. Хүн чинь хоёулаа байх тавилантай юм байна.

-Та ханьтайгаа хаана, яаж танилцаж байсан юм бэ?

-Эмээ нь санахгүй нь. Манай хүн чинь Хөдөө аж ахуйн яаманд мэргэжилтнээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан юмдаг. Одоо бодох нь, ээ, хөдөө явах гэж байхад нь танилцсан юм байлгүй. Миний санахад Базарсад анх худаг усны газарт ерөнхий нягтлан бодогч байлаа. Тэр үед худаг усны газраас гэр өгч, бид хоёр чинь хоёр талаасаа цагаан ортой нийлж байсан, Манай хүн мэргэжилдээ дэндүү мэргэшсэн хүн байсан. Хожим бид орон сууцанд амьдарч эхэлсэн.

Энэ мэтчилэн бид таван хүүхдийнхээ төлөө тэднийгээ хүнээс дутаахгүй өсгөх гэж мэрийж ирсэн. Тэдний гурав нь ОХУ-д, хоёр нь Монголдоо дээд боловсрол эзэмшсэн.

-Өдөр, шөнөгүй ялгаагүй төрийн ажил хийдэг байсан та хэдий завандаа хүүхдүүддээ өсгөв?

-Хань маань үр хүүхдээ өсгөсөн гэхэд болно. Гэхдээ би хэлж, сургалгүй яахав. Ер нь бид хоёр хүүхцүүдээ “24″-ийн цэцэрлэгт өгчихдөг байсан санагдаж байна. Тэгэхгүй бол нөхөр маань хөдөө томилолтоор явна, би цаг наргүй ажиллана. Манай хүүхдүүд хуулийн гэр бүлд өссөн болоод ч тэрүү хүний хэлж ярихыг анхааралтай сонсож, зөв талаас нь ойлгоно. Тэднээс хамгийн адгуу, сэргэлэн нь Б.Жаргалсайхан байх. Бусад нь даруухан талдаа.

-Одоо та ач гучаа өсгөдөг үү?

-Үгүй ээ. Би хүүхэд харахаар ядраад байдаг юм. Тэгээд ч 90 нас дөхөж яваа би яаж хүний хүүхэд харах билээ. Тэднийг өөрсдөө хүүхдээ хар гэдэг.

-2008 онд болсон үймээнийг Б.Жаргалсайханыг зохион байгуулсан хэргээр мөрдөн байцааж, цагдан хорьж байлаа. Тухайн үед таньд хэцүү санагдаж байв уу?

-Яагаад хорьсныг мэдэхгүй ээ, эмээ нь. Хорьж цагдаж л байдаг шүү дээ. Гэмт хэрэгт холбогдоогүй нь үнэн юм чинь тэгж байгаад гарах байлгүй гэж л бодож байсан. Хүүхдүүд ч хэлэхдээ ахыгаа буруугүй учраас удахгүй гарна гэдэг байсан болохоор санаа амар байлаа. Би өөрөө хуулийн хүн ч гэсэн үр юм хойно санаа зоволгүй яахав.

-Хааяа хөдөө гарч хоёр үнээ шувтраад амьдрах юмсан гэж бодож, нутгаа санадаг л байх даа?

-Өтөл би өөрийгөө яая гэж байж яаж үнээ  шувтрах билээ. Тэрний оронд гэртээ зурагтаа үзээд хэвтэж байсан нь дээр байлгүй. Гэхдээ хүн өтлөөд ирэхээрээ нутгаа өөрийн эрхгүй санах юм. Хүүхдүүд маань намайг нутгаа санаад байгааг анзаарсан юм байлгүй хэдэн жилийн өмнө Төв, Булганы нутгаар аваачсан. Тэр үед амьдарч байсан бууриа хараад аав, ээжийгээ л их саналаа. Бас сэтгэл уяраад дотор онгойгоод сайхан болсон.

Ер нь хүний хань л байхгүй бол хичнээн сайхан байлаа ч ганцаарддаг юм байна. Өтөл би ханиасаа хойш л ганцаардлаа. Одоо ч хэзээ бурхан болох бол гэж хүлээх юм байна шүү дээ. Үхэхдээ үр хүүхдээ зовоохгүй өнхөрчих юмсан л гэж бодох юм.

-Танд дахиад зөндөө нас бий шүү дээ?

-Мэдэх юм алга даа, охин минь,

-Та аав ээжийнхээ тухай яриач?

-Манай аав ээж эгч бид хоёрыг балчир байхад насан өөд болсон юм билээ. Тэгээд бид хоёрыг аавын дүү өсгөсөн гэж ахмадууд ярьдаг байсан. Бид чинь нялх байсан учраас мэдэхгүй юм. Тэд эгч бид хоёрыг хүний дайтай хүн болгосон доо. Надад аав, ээжээс маань бурхан өвлөж ирсэн. Би гэртээ лам залаад ном уншуулаад байдаггүй. Өглөө бүр зул өргөж, цайныхаа дээжийг өргөнө, Өөрөө маань уншина.

Үүний маань ачаар үр хүүхэд маань сайн сайхан яваа байх. Заримдаа би хүүхдүүдээ загнадаг юм. Тэд ерөөсөө бурханд мөргөж харагддаггүй. Тэгээд бурханд мөргөөч гэж загнахаар “За, бид дотроо залбираад мөргөж байгаа шүүдээ, ээжээ” гэнэ.

-Саяхан цагдаагийн байгууллага 90 жилийнхээ ойг нүсэр тэмдэглэлээ. Та 25 жилийнх нь түүхийг бичилцсэн хүний хувьд сайхан л санагдаж байсан байх?

-Тэгэлгүй яахав. Формтой хүүхэд харахад л сайхан санагдаад байдаг юм. Монголын цагдаа үеийн үед сайн ажиллаж ирсэн. Үүнийг ард түмэн мэднэ. Энэ дашрамд, Улсын мөрдөн байцаах газрын удирдлагуудад өтөл би баярлалаа гэж хэлмээр байна.Тэд чинь ямар баяр болно тэр үед ахмад мөрдөн байцаагчдаа хүлээн авч, үргэлж хүндэтгэл үзүүлнэ шүүдээ.

Энэ чинь бидэнд бас их урам болно. Ингээд удахгүй болох мөрдөн байцаах албаны ой болон цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн мэндийг үе, үенйн цагдаа нарт дамжуулаарай.

Д.Болормаа
Эх сурвалж: “Зууны мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих