Ц.Отгонтуяа: Рентген шинжилгээнд байнга орох нь дархлааг сулруулдаг
Эмчилгээ, үйлчилгээ сайтай гэгддэг гурав дахь шатлалын эмнэлгүүдээс улсын хоёрдугаар төв эмнэлгийг сонгож үйлчлүүлдэг хүн цөөнгүй. Тиймээс тус эмнэлгийн Дүрс оношлогооны тасгаар орж, сүүлийн үеийн тоног, төхөөрөмж, оношлогоо эмчилгээтэй танилцав. Тус тасгийн эрхлэгч, анагаах ухааны магистр Ц.Отгонтуяатай ярилцлаа.
МАНАЙ КОМПЬЮТЕР ТОМОГРАФИЙН АППАРАТ 16 ЗҮСЛЭГТЭЙ
-Сүүлийн үед хүмүүс аль болох тоног төхөөрөмж сайтай, орчин үеийн эмчилгээ, оношлогоотой эмнэлэгт очиж үзүүлэх сонирхолтой болжээ. Үүнд, дүрс оношлогооны тасаг хамгийн чухал нөлөөтэй. Тиймээс та тасгийнхаа үйл ажиллагааг танилцуулахгүй юу?
-Манай тасаг өнгөрсөн оны хоёрдугаар сард захирлын тушаалаар байгуулагдсан. Өмнө нь үйл онош зүйн тасаг гээд лаборатори, зүрхний тасагтайгаа хамт байсан. Биеэ даасан тасаг болоод нэг жил болж байна. Манай бүрэлдэхүүнд хэт авиа оношлогоо, рентген, компьютер томографи, уян дуран гэсэн дөрвөн кабинет ажиллаж байна. Хэт авиан хоёр кабинет ажиллаж байгаа. Рентген кабинет дотроо рентген зургийн, харалтын, флюро графийн гэсэн гурван аппаратын тусламжтай, мөн дээр нь компьютер томографийн аппарат давхар ажиллаж байна.
-Ходоодны уян дуранг чинь бас сайн гэж ярьдаг. Хаанахын хэзээ орж ирсэн аппарат вэ. Оношлогооны давуу талаас нь сонирхуулаач?
-Уян дурангийн кабинетын хувьд хоёр дурантай үйл ажиллагаа явуулж байна. Манай компьютер томографийн аппарат нь 16 зүслэгтэй, Японы Тошиба брэндийнх. 2012 оноос хойш ажиллаж байгаа. 2000 онд манай эмнэлэгт Монгол Улсын хэмжээнд анх удаа Жайкагийн тусламжтайгаар компьютер томографийн нэг зүслэгийн аппарат ажиллаж байсан. Энэ үеийг бодвол одоо хүчин чадал нь сайжраад харьцангуй сайн аппараттай болсон. Рентген харалтын аппарат дижитал программтай. Үүнд ходоод, улаан хоолой, бүдүүн гэдэсний болон мэс заслын дараах гуурсаар хийх шинжилгээнүүдийг хийдэг. Рентген дижитал аппарат гэж тусдаа байгаа. Энэ нь хүний биед байдаг бүх ясны зургийг аваад 2-3 минутын дараа дижитал хэвлэгчээр хэвлээд 15 минутын дотор хариуг нь өгдөг. Монгол Улсын хэмжээнд мөрдөж байгаа бүх стандартыг хангасан, чанартай зураг гардаг аппарат. Ходоод, бөөрний шинжилгээг тодосгогч бодисын тусламжтайгаар рентген шинжилгээгээр тодорч гарч ирдэг. Компьютер томографийн аппарат нь толгой, цээж, хэвлий, нугалам буюу үенээс бусад шинжилгээний хариуг хийж байгаа. Эхо аппаратаар цуллаг эрхтэн, умай дайвар, түрүү болон бамбай булчирхай, үений болон хөхний эхо-г хийж байна.
РЕНТГЕН ШИНЖИЛГЭЭНД ЭМЧИЙН ЗААВРААР ОРОХ ЁСТОЙ
-Ер нь энэ төрлийн элдэв шинжилгээнд урьдчилан сэргийлэх үүднээс иргэд сайн дураараа хамрагдаж болох уу. Танай тасагт гол төлөв ямар хүмүүс ирж үйлчлүүлдэг юм бэ?
-Манай рентген шинжилгээ хортой, тодорхой хэмжээний стандарт мөрдөх ёстой. Заавал эмчийн заавраар шинжилгээнд орно. Хэрэв үйлчлүүлэгч маань жирэмсэн, хөхүүл, бага насны хүүхэд бол заавал эмчийн заавраар орох ёстой. Бид энэ хүмүүст хамгаалалтын хормогч өмсүүлж зураг авдаг. Манай флюро графийн аппарат Монгол Улсын хэмжээнд анхны дижитал аппарат. Богино хугацаанд олон хүний уушгинд рентген шинжилгээ хийж, урьдчилан сэргийлэх үзлэг хийхэд тохиромжтой. Жирэмсний үед рентген шинжилгээнд ороход хортой байдаг ч маш бага тунгаар өгдөг учраас хамгаалалтын хормогч өмсгөөд энэ шинжилгээг хийдэг аппарат байгаа.
-Манайхан цус, шээс өгөх, ходоод дурандуулах зэрэгт л сүрхий дэглэм барьдаг. Бусад үед төдийлөн тоодоггүй. Дүрс оношлогоонд харуулахын тулд өмнө нь ямар дэглэм барьж, юу бэлтгэх ёстой вэ?
-Тухайн хүн ямар шинжилгээ хийлгэхээс шалтгаална. Тухайлбал, ходоод гэрэлд харах бол заавал бэлтгэл шаарддаг. Яагаад гэвэл ходоод хоосон өлөн байх, тодосгогч бодисоо авчирсан байх ёстой. Тухайн хүн ямар нэг зүйлээс харшилдаг бол түүнийгээ хэлсэн байна. Бусад төрлийн шинжилгээг бэлтгэлгүйгээр хийж байгаа. Эмчийн бичиг заавал байх ёстой түүнийхээ дагуу ороод шинжилгээгээ хийлгэнэ. Бусад тохиолдолд урьд өдөр нь ирж уулзаад дугаар авна. Ер нь өдөртөө ирсэн өвчтөнд үйлчилгээ хийгээд явуулдаг. Өдөрт флюроо графийн аппаратад 30-60, том зургийн аппарат буюу рентген дижитал аппаратад 40, заримдаа 60, 80 хүн орох нь ч бий. Ходоод, улаан хоолойг гэрэлд харах, бүдүүн гэдэс, бөөрний тодосгогчтой шинжилгээнд бэлтгэлтэй орно. Үүний тулд гэдэс хоосон, өлөн байх ёстой.
-Энэ олон аппаратаар шинжилгээ өгөхөд хүний биед сөрөг нөлөө үзүүлэх үү?
-Эмнэлгийн рентген цацрагийн хуульд хүмүүс урьдчилан сэргийлэх үзлэгээр жилд хоёр удаа цээжний зураг буюу рентген зураг авахуулж болно. Яагаад гэвэл хүнд хоргүй. Ямар нэг өвчин үүсгэх магадлал өгөхгүй. Цаашдын амьдралд нөлөөлөхгүй гэсэн үг. Тухайн хүн сайн дураараа олон эрхтэний зураг авахуулдаг. Энэ бол тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Гэхдээ өвчин үүсгэх төвшинд гэдэг харьцангуй ойлголт. Жирэмсний бага сард ялангуяа таваас дотогш сартайд өөрөө мэдэхгүй 1-2 сартайдаа рентген туяанд орсон бол урагт нөлөөлөх магадлалтай. Өндөр настай, дархлаа дарангуйлагдсан, таваас доош насны хүүхдүүд рентгенд харуулах шаардлагагүйгээр зураг авахуулбал дархлаанд нөлөөлнө. Рентген туяа дархлалын эсийг дарангуйлдаг нөлөөтэй. Хүүхдийн дархлаа суларна гэдэг нь өвчлөмтгий болно гэсэн үг. Хамгийн гол нь эмчийн бичигтэй, заалттай орно гэдэг нь энэ. Хүмүүс ирчихээд “Миний энэ хэсэг өвдөөд байгаа юм. Зургийг нь авахуулья” гэдэг.
-Манайхан ходоодыг олон дурандуулвал шархтай болдог гэж ярьдаг. Энэ үнэн үү?
-Тийм биш. Ходоодны эмч үзээд энэ хүнд дуран шаардлагатай үгүйг шийднэ. Түүнээс ходоод өвдсөн тоолонд дурандуулаад тэрнээс шарх үүснэ гэж байхгүй. Рентген туяанд ажиллаж байгаа техникч, эмч нарын эрүүл мэндэд нөлөөлдөг. Харин үйлчлүүлж байгаа иргэдэд айхтар сөрөг нөлөө харьцангуй бага. Рентгенд байнга орсноор дархлаа дарангуйлагдана. Рентген шинжилгээ харьцангуй хор багатай, тунг нь бага өгдөг. Компьютер томографи бол өндөр тунгаар туяа өгнө. Үүнийг бага насны хүүхдэд эмчийн заавраар хийхгүй бол болохгүй.
-Хүчтэй туяанд ороод гарсны дараа ямар эмчилгээ хийдэг вэ. Зарим жирэмсэн эхчүүд ЭХО-д харуулсаныхаа дараа сүү уудаг. Ер нь рентений хороос өөрийгөө яаж хамгаалдаг вэ?
-Хорноос хамгаална гэж байхгүй. Нэгэнт авсан тунг эргүүлээд гаргаж болдоггүй. Нэг удаа ороод гарсан хүн бидэн шиг учраас аюул байхгүй. Бид нар үүнтэй ажилладаг болохоор Цацрагийн хяналтын төвөөс рентген туяаг хэмждэг мэдрэгчтэй аппаратыг өгсөн. Үүнийг ажиллах хугацаандаа байнга зүүж явна. Энэ аппарат дээр би туяанд ямар хугацаатай орсон байна гэдгийг сар бүр хэмжүүлнэ. Сард авах норм хэтэрсэн байвал тодорхой хугацаагаар ажлын нөхцлөө өөрчлөхөөс аргагүй болно. Хэрэв удаан хугацаанд байвал туяаны өвчин үүсдэг. Тиймээс бидний ажиллаж байгаа нөхцөл цацрагийн хяналтын баталсан хана, хаалга нь хамгаалалттай, аппарат, тоног төхөөрөмж нь зөвшөөрөгдсөн зөвшөөрөлтэй. Туяа хүнд очихоос илүү ионжсон буюу сарнисан туяа гэж явдаг. Тиймээс байнга агааржуулалттай байвал сарниж алга болдог.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: