Төмрийн сэгээр төмөр хүлэг босгожээ
Дорнод аймагт «хаммер» жийп угсарч байна гэсэн сургаар «Ивээл» хороололд байрлах «Бинго» төвийг зорилоо. Ерөө гэгч хүнийг сураглавал, жаахан завгүй л байна даа гэсээр угтав.
Тэрбээр уг авто засварын газрыг хувиараа ажиллуулдаг аж. Таныг «хаммер» жийп угсарч байгаа гэж сонсоод зорьж ирлээ гэвэл, за яг ч тийм биш юм даа гэсээр хийж буй ажлынхаа талаар яриа өрнүүллээ.
Дээхэн үеийн оросын цэргийн зориулалттай ГАЗ-66 машины раман дээр сэлбэг эд анги хийж, засч сэлбэн шинэ машин бүтээжээ. Анхны сэдэл санаа нь арваад жилийн өмнө төрсөн ч ажил, амьдрал гэж амжихгүй явсаар долоон сарын өмнөөс «барьж» авчээ.
Рамыг, хоёр кабинтай нь 327 дугаар ангиас, моторыг нь Улаанбаатараас, хаалга үүдийг нь Баян- Уул сумын цэргийн ангийн актласан машинаас, бусад жижиг эд ангиудыг нь төмрийн хогон дээрээс гэхчлэн «түүжээ».
Мотор нь бензин их иддэг учир бага иддэг мотороор сольж тавьжээ. ГАЗ-66 машин нь байлдааны зориулалтын машинуудаас бартаа туулах чадвараараа дэлхийд гайхагддаг гэнэ шүү. Уншигч та зураг дээрээс харж байна. «Хаммер» гэхэд нэг ч их хилсдэхээргүй энэ машиныг хэний ч хамжаа туслалцаагүйгээр Ерөө гэгч энэ залуу долоон сар «ноцолдсоны» хүчинд босгоод авсан нь энэ.
Үндсэндээ дотоод заслаа хийгээд суудлаа тавьчихвал дууслаа даа гэж байсан. Нийтдээ зургаан сая төгрөгөөр босч байгаа энэ «хаммер»-аараа хөдөө замд эвдэрч суусан машинуудыг чирч авчрах зорилгоор ашиглах гэнэ. Сонирхвол, хурдны хувьд «Ланд»-ыг арай гүйцэхгүй ч бартаа туулах чадварын хувьд нэг дахин илүү. Хуучин машин тэргээ янзлуулъя, шинэчлэе гэсэн захиапга тасардаггүй ч сэлбэг юм нь дутуу, их хулээгддэг болохоор амжил болдоггүй юм гэж тэрбээр ярьж байсан.
Өмнө нь ардаа ачаатай бээжин жийп машины кабиныг ч бас өөрчилж байжээ. Хэрэггүй гээд хаягдсан төмрийн сэгийг эвлүүлэн бүхэл бүтэн машин техник бүтээнэ гэдэг хэн хүнээс гарамгүй авьяас чадвар, ухаан юм. Техник сэтгэлгээгээ улам хөгжүүлж, ихийг хийж бүтээгээрэй гэж Мишигийн Ерөө ахдаа уншигчдынхаа өмнөөс хүсэн ерөөе.
Б.Туяа
Эх сурвалж: “Монцамэ”
URL: