Д.Бямбасүрэн: М.Энхсайхан Монголын эдийн засгийг мэднэ, бас хамгаалж чадна
Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн гуайтай уулзаж Монголын эдийн засгийн байдлын талаар цөөн асуултад хариу авлаа.
-Саяхан эдийн засгийн форум болж өндөрлөлөө. Ер нь Монголын эдийн засгийн байдлыг та юу гэж дүгнэж байгаа вэ?
-Байдал хүнд байгаа. Бидэнд төгрөгийн ханшийг тогтворжуулах ам.долларын нөөц байхгүй. Их хэмжээний юань гаднаас аваад идчихсэн байдаг. Тэрийг буцааж өгөх ёстой, 2017 онд. Түүн дээр өмнө авсан ам.долларын зээл, төлбөрүүд бий. Төр, засаг Монгол Улсын зээлийн ерөнхий хэмжээг үнэн зөв хэлэхгүй байгаа. Гаднын байгууллагууд аль өнгөрсөн намар 19.8 тэрбум ам.доллар боллоо гээд зарлачихсан. Үүнийг би олон удаа хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлсэн. Төр, засгийнхан нэг нь ч “Биш” гэж хэлдэггүй юм. Тэр дотор хувийн хэвшлийн зээлийг оруулаагүй. Нийт өр явсаар байгаад нэг зангилаанд дээр очиж шийдэгдэнэ. Тэр нь Монголын эдийн засгийг дээшлүүлэх үү, доошлуулах уу. Өнөөдөр байдал үнэхээр хүнд байна. Олон улсын валютын сан, зээлдүүлэгч нарааса авснаа эргүүлж төлнө. Янз бүрийн банкуудаас авсан зээлийг харахад ганц банк л гэхэд 200 саяыг төлөх графиктай сууж байна. Дээрээс нь аж ахуй нэгжийн өр өчнөөн. “Чалко”-д төлөх 133 сая, “Хан Ресурс”-ийн 100 сая, Оюутолгойн 100 сая гээд нэмэгдээд ирнэ. Ингээд 2016 оны хувьд байдал дээрдэхгүй.
-Одоо эдийн засгийн үзүүлэлтүүдийг харахад 2017 оны төлөв байдал ямар байхаар байна?
-2017 оны байдал сая “Синь Хуа” агентлагийн мэдээнд гарсан шиг дампуурал зарлахад ойртож очих тийм л төлөв харагдаж байгаа шүү дээ. Үүнийг би муу ёр зөгнөж хэлж байгаа юм биш, эдийн засгийн бодит байдал энэ. Хүнээс юм авч идсэн бол төлнө гэсэн тооцоо байх ёстой. Саяхан хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Монголын экспортын байдлыг зарлахдаа 29 хувь өслөө гэж байна лээ. Өсөлт зарлах сайхан. Гэтэл экспортод гарсан алт, зэсийн үнэ Монголд орж ирэхгүй байгаа. Энэ жил Оюутолгойд дөрвөн их наяд төгрөгийн борлуулалт хийнэ. Энэ хоёр тэрбум ам.доллар Монголд орж ирэхгүй. Гадагш гаргасан зэсийн үнэ тооцоололгүй гадагш гаргасан юмны үнэд ороод явна. Бид ийм л байдалд байна.
-Манайхан эдийн засгаа сэргээхийн тулд төсөл хөтөлбөрүүдээ явуулах нь зүйтэй гэлцдэг. Үүнд Тавантолгойн төсөл нэмэр болох ёстой гэлцдэг. Гэтэл “Чалко”-д өртэй Тавантолгойгоос бид монголчууд юу хожих вэ. Тэнд “Гуравдагч этгээдэд бүү үзүүл” гэсэн утга бүхий нууц гэрээний сураг чих дэлсч байгаад намжсан. Одоо Засгийн газар, УИХ дотор зөрчил ихтэй, тэгээд Тавантолгойг хэлэлцэнэ гэж байдаг. Тэрнээс гадна М.Энхсайхан ер нь энэ төслийг хариуцаж чадах хүн мөн үү. Зөв, буруу гээд шуугих юм ?
-Тавантолгой төслийг М.Энхсайхан хүлээж аваад ажиллаж байгаад би итгэл дүүрэн байгаа. Тэр Монголын эдийн засгийг мэднэ, бас хамгаалж чадах хүн. Гэхдээ түүнээс өмнө Тавантолгойд далд гэрээ энэ тэр хийгдсэн байхыг үгүйсгэхгүй. Сүүлийн үед янз бүрийн юм их л дуулдаж байна.
-Манай томоохон ордууд янз бүрийн замаар явж тэр их баялаг Монголын мэдлээс гарсан. Бид дотооддоо л болохгүй байна аа даа?
- Миний бодоход, хууль хяналтын байгууллагуудын ажиллагаа, бүрэн эрхийн хүрээнд асуудлыг шийдвэл яасан юм бэ гэж хардаг. Бүх баримтыг нь хурааж авч, үнэхээр улсын эрх ашгийн эсрэг гэрээ хэлцлүүд хийсэн байх юм бол нийтэд ил болгож, тэр хүмүүст нь хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Тэгж байж цэвэршинэ, тэгэхгүй бол бүтэхгүй.
-Тэгэхээр Монголд ашиггүй гэрээг цуцлах шаардлага тулгарна. Цаашлаад Нью Йоркийн арбитраар асуудлаа шийдүүлэх болно, мөн л манайхан унаж өрөнд орно шүү дээ?
-Тэгэхээр эхлээд хариуцлагагүй хүмүүстээ хариуцлага тооцож, энэ нөхдүүд Монголыг ингэж хохироож байжээ гэдгийг дэлхий нийтэд харагдахуйцаар ил болгох хэрэгтэй. Далд явах юм бол асуудал шийдэгдэхгүй. Улам гүнзгийрээд, улам хохироод дуусна. Европын Арбитрын шүүх гэрээ нэгэнт зурагдсан бол чи тэнэг юм уу, хохь чинь л гэж хэлнэ шүү дээ. Энэ хэний ч хэлэх үг. Буруутгах арга байхгүй. Гэтэл тийм гэрээ хийж байсан хүмүүсээ ил болгож хариуцлага тооцох учиртай. Тэгэхгүйгээр цэвэршихгүй.
Эх сурвалж: www.polit.mn
URL: