Гурван настай хүү төрсөн эцгийнхээ гарт амиа алдлаа
Дөрөвхөн настай охин төрсөн эцэг болон хойд эхийнхээ гарт амиа алдсан гэх сэтгэл сэрдхийлгэм мэдээ олныг цочирдуулж тухайн үед бяцхан охины төлөө нэгдэж Чингис хааны талбай дээр гэрэлт зул өргөж байсан цаг саяхан.
Тэгвэл дахин нэгэн аймшигт хэрэг гарчээ. Тодруулбал өнгөрсөн мягмар гаригийн орой 22:00 цагийн үед гуравхан настай бяцхан хүү төрсөн эцгийнхээ гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.
Хэрэг үйлдэгч нь нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршин суудаг 42 настай Б гэгч бөгөөд тэрбээр архидан согтуурсан үедээ төрсөн хүү болох гурван настай Г-г зодсон байна. Хүү тархиндаа болон биеийнхээ бусад хэсэгт маш хүнд гэмтэл авсан бөгөөд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргэхээр авч явсан ч үхлийн шарх авсан хүү тэсэлгүй замдаа амьсгал хураасан байна. Бяцхан хүүг толгойн тус газарт нь сандлаар цохисон нь хүүг үхэлд хүргэх шалтгаан болжээ.
Одоо хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй бөгөөд сэжигтэн Б 461-р ангид цагдан хоригдож байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Ийнхүү бас нэгэн бяцхан хүүхэд төрсөн эцгийнхээ гарт амиа алдлаа. Саяхан л бид хөршийн холбоог сайжруулъя, хүүхдийн эрх зөрчигдөж байна, хүчирхийлэл хэрээс хэтэрлээ хэмээн Чингисийн талбай дээр лаа барин зогсож байсан цаг саяхан. Магадгүй төрсөн эх нь хүүхдийнхээ аминд хүрчээ гэх энэ төрлийн гэмт хэрэг нийгэмд байх үзэгдэл мэт бодогдож, цочроо өгөх өө болих вий дээ. нью.мн
URL: