“Бульдозер” Жи Жианье авлигын хэргээр шийтгүүлэв
Хятадын эртний нийслэл, Жиансу мужийн үйлдвэрлэлийн төв Нанжинийг хотжуулан шинэчлэх урам зоригийнх нь төлөө түүнийг “Бульдозер” хэмээн хочилдог байв. Гэвч “тоосго өрөх” хэтэрхий их хүсэл тэмүүлэл нь түүнийг шоронд аваачиж байна. Найман сая хүнтэй Нанжин хотын даргын албыг 2010-2013 онд хашсан Жи Жианье авлигын хэргээр 15 жилийн ял сонслоо. Хамсаатан, түншүүд нь “хөндлөнгөөс оролцохоос” сэргийлэхдээ хөрш Шандун мужид шүүх хурлыг явуулсан байна. Жи Жианье 1990-2012 онд Куншан, Янжоу (экс Ерөнхийлөгч Зян Зэминий төрөлх хот) зэрэг Жиансу мужийн бусад хотыг удирдаж байхдаа хахууль, бэлэг сэлтээр 11.3 сая юань (1.6 сая евро)-тай болж амжжээ. Тэрээр авлигын хэргээр шүүхэд дуудагдсаны дараа олон саяын хөрөнгөө хураалгасны дотор тансаг зэрэглэлийн Dodge автомашин, үл хөдлөх хөрөнгө, хэдэн мянган еврогоор үнэлэгдэх уран зургууд байгаа аж. Жи Жианье хэргээ хүлээж, хийсэн үйлдэлдээ уучлал гуйсан тул шүүхээс шийтгэлийн хэмжээг нь бууруулахаар шийдсэн байна. Өнгөрсөн жил Коммунист намаас хөөгдсөн тэрээр Ерөнхийлөгч Си Жинпиний эхлүүлсэн авлигын эсрэг кампанит ажлын бас нэг золиос болов. Хятадын удирдагч авлигад автагдсан “барс” буюу дэглэмийн өндөр албан тушаалтнууд, “ялаанууд” буюу жижиг албан хаагчдыг ч ялгаагүй “авлах” зорилго тавиад байгаа билээ.
Авлигын эсрэг кампанит ажил эхэлснээс хойш баригдсан хамгийн том “загас” нь төрийн аюулгүй байдлын дарга асан Жоу Юнкан юм. Тэрээр авлига авсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, албаны нууцыг задруулсан хэргээр өнгөрсөн долоо хоногт албан ёсоор буруутгагдаад байна. Жоу Юнканы шүүх хурал Тянжин хотод болох бөгөөд 1966-76 оны “Соёлын хувьсгал”-ын галзуурлын улмаас Мао Зедуны бэлэвсэн эхнэр болон “Дөрвийн бүлэг”-ийг шүүхээр шийтгэж байснаас хойш Коммунист намын хамгийн өндөр албан тушаалтныг шийтгэх гэж буйж энэ юм. Жоу Юнкан нь Худалдааны сайд асан, Далян, Чонкин зэрэг том хотыг удирдаж байсан хүчирхэг, нэр хүндтэй Бо Силайн улс төрийн загалмайлсан эцэг аж. 2013 онд авлигын хэргээр бүх насаараа хоригдох ял сонссон Бо Силай нэгэн үе Хятадын дараагийн удирдагчаар нэрлэгдэж байсан юм. Түүний эхнэр Гу Кайлай авлигаар олсон хар мөнгөө Хятадаас зувчуулахад тусладаг байсан британи түншээ хөнөөсөн хэргээр 2012 онд цаазаар авахуулсан билээ.
Өнгөрсөн хоёрдугаар сард Анхуй мужийн дэд захирагч Ни Фак 13 сая юань (1.9 сая евро), урлагийн бүтээл, үнэт чулуу хахуульд авсныхаа төлөө 17 жил хоригдох ялаар шийтгүүлжээ. Авлигын хэргээр “дээлээ нөмөрсөн” бас нэг томоохон түшмэл нь Төмөр замын сайд Лю Жихун юм. Тэрээр 2013 оны долдугаар сард ялын дээд хэмжээ сонссон ч ялыг нь хоёр жилээр хойшлуулжээ. Ялыг нь хойшлуулснаар цаазын ял нь бүх насаар нь хорих ял болон өөрчлөгдөж байгаа аж.
Э х сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Монголд дээд албан тушаалтануудыг хятадын хууль шиг адилхан цэвэрлэгээ явуулахад яагаад болохгуй гэж.Цаг нь ирэхээр….