“Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2015” бизнес чуулга уулзалт “Хөгжлийн төлөөх түншлэл” уриан дор болно

1

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” бизнес чуулга уулзалтыг “Хөгжлийн төлөөх түншлэл” уриан дор 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулна. Тус бизнес чуулга уулзалттай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхийлөгч Ж.Од, танхимын Ерөнхий захирал О.Амартүвшин нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Чуулга уулзалтын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө Улаанбаатар хотын амьдралд нэгэн чухал үйл явдал болсон. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 67 томоохон компани нэгдэж Улаанбаатар хотын Худалдааны танхимыг байгуулсан байна. Энэ бол нийслэл хотын хөгжилд чухал үүрэгтэй үйл явдал болж байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн төлөөлөл болж ажиллахад бэлэн зохион байгуулалт руу шилжсэн нь маш чухал. Энэ удаагийн бизнес уулзалтын үеэр 2015 оны Улаанбаатар хотын бүтээн байгуулалттай холбоотой үзэсгэлэн гаргах бололцоог танхим бидэнд олгож байгаа. Нөгөөтэйгүүр нийслэл бүтээн байгуулалтын ажлаа хувийн хэвшлийнхэнтэй хамтран хэрэгжүүлэхээр харилцан санал солилцон, нэг ойлголтонд хүрэх гэж байгаад таатай байна” гэдгийг онцлон хэллээ.


URL:

Сэтгэгдэл бичих