Казиногийн тухай хуулийг долоо хэмжиж, нэг огтолъё
Монголд казино байгуулагдахад бэлэн боллоо гэхэд хэлсдэхгүй. Учир нь Засгийн газраас өргөн барьсан казиногийн тухай хууль, казино байгуулах, ажиллуулахыг хориглох тухай хуулийн төслийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өчигдөр Эдийн засгийн байнгын хороо хэлэлцээд цаашид хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргав.
Ч.Сайханбилэгийн засгаас казино тоглоомын үйл ажиллагааг эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах, зохих ёсны хязгаарлалттайгаар зөвшөөрөх, төрийн зүгээс тавих хяналтын тогтолцоо, арга механизмыг тодорхой болгосон найман бүлэг бүхий Казиногийн тухай хуулийг төслийг УИХ-д өргөн бариад байгаа билээ. Хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр казиногийн үйл ажиллагаа эрхлэх болзол, казино болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хориглох болон бусад үйл ажиллагаатай холбоотой төрийн зохицуулалт, бүрэх эрх, хяналтын тогтолцоог бий болгохтой холбогдсон харилцааг зохицуулсан байна. Хуулийн төсөлд тусгаснаар дэд бүтэц хөгжсөн хоёр байршилд, хоёр аж ахуйн нэгжид казино байгуулах эрх олгоно.
Урьдчилсан тооцоогоор 80 ширээтэй, 1500 автомат тоглоомын машинтай, жилд дунджаар 124 сая ам.долларын орлого олдог, сарын хоёр сая төгрөгийн дундаж цалинтай 800 хүний ажлын байртай казинотой болно. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн удаа хэлэлцсэн. Учир нь монголчууд казинод тоглох эрхтэй юу, хэн тэнд тоглох боломжтой вэ гэдгийг нэлээд нухацтай хэлэлцсэний дүнд Монгол Улсад анх удаа албан ёсоор байгуулах казинод монголчууд тоглох эрхгүй байхаар тусгажээ. Тодруулбал, 21 нас хүрсэн зөвхөн гадаадын иргэн, эсвэл харъяалалгүй иргэн Монголын казинод тоглох эрхтэй.
Одоогийн байдлаар казино яг хаана байгуулагдах нь тодорхойгүй байгаа. Үүнийг хууль батлагдсаны дараа Засгийн газар тогтоох гэнэ. Урьдчилсан таамгаар нэг казиног нь Замын-Үүдэд байгуулах болов уу гэсэн таамаг байна. Учир нь өнгөрсөн намрын чуулганаар батлагдсан Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хуульд “Замын-Yүд бүсэд казино байгуулж болно” гэж заасан байгаа юм.
Казиногийн үйл ажиллагаанаас улсын болон орон нутгийн төсөвт орох орлогын хэмжээ нь казиногийн байршил, хүчин чадал, ажилчдын тоо зэрэг үзүүлэлтээс шууд хамаарах ёстой. Тодорхой нөхцөлүүдийг зааж, урьдчилсан байдлаар эхний жилд 138 орчим тэрбум төгрөг, дараагийн жилээс дунджаар 74 орчим тэрбум төгрөгийн орлого татвар, төлбөр, хураамж хэлбэрээр төсөвт орох боломжтой гэж үзсэн байна. Энэ нь нэг казиногоос орох орлого бөгөөд хэрэв хоёр казино байгуулвал орлогын хэмжээ 74 тэрбум төгрөгөөс 148 тэрбум төгрөг хүртэл нэмэгдэнэ гэж Засгийн газар тооцоолоод байна.
Эдийн засгийн хямралтай нүүр тулгараад буй манай орны хувьд казино байгуулах нь төсөвт их хэмжээний татвар, орлого бий болно. Энэ нь сайн мэдээ ч гэсэн казиног дагсан хар тамхи, бие үнэлэлт, мөнгө угаалт, дээрэм, гэмт хэрэг гэх мэт мөнгөтэй холбоотой бусармаг зүйлүүд орж ирэх магадлалтай юм. Ямартаа ч уг хуулийн төслийг тал бүрээс нь бодож, тунгаан байж батлах нь зүйтэй. Бидэнд казиногийн хуультай холбоотой олон хар дурсамжууд бий гэдгийг ч санах хэрэгтэй байх.
Тодруулбал өмнө нь 1998-2000 оны хооронд АН-ынхан эрх барьж байхдаа энэ хуулийг батлуулж байсан. Уг хуулийн төслийг 1998 онд Д.Баттулга, Х.Байгаль, С.Батчулуун нарын гишүүд санаачлан батлуулсан ч тун удалгүй лоббинд автсан хэргээр “аав”-ын хаалга татаж байв. Мөн батлуулсан хууль нь ч хүчингүй болж байлаа.
залуу.ком
URL: