Тэтгэврийн шинэчлэлийн бодлогыг өөрчилнө

20150408002607

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэж санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Ё.Отгонбаяр, Д.Сарангэрэл, Л.Энх-Амгалан, А.Тлейхан, Г.Баярсайхан, Д.Хаянхярваа, З.Баянсэлэнгэ нарын гаргасан асуултад Үндэсний Аудитын газрын дэд дарга Б.Баттуяа, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг нар хариулт өглөө. Гишүүдийн зүгээс үндсэн чиглэлийн аргачлал, стандартыг өөрчлөх, хариуцлагын тогтолцоог тодорхой болгож үр дүнг тооцдог ирээдүйд чиглэсэн арга хэлбэрийг сонгох шаардлагатай байгааг хэлж байсан юм. Мөн  Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганаар  ”Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг  баталсан. Үүнтэй холбогдуулаад Эмийн зохицуулалтын бие даасан байгууллага байгуулахад ямар хүндрэл бэрхшээл тулгарч байгаа, цэцэрлэгийн болон бага ангийн багшийн ачааллыг багасгах, багшийн үнэлгээг нэмэгдүүлэх бодлогын хэрэгжилт, цагийн хөлсний доод хэмжээ хэд байгаа, цалин хөлсний үнэмлэмжийн бодлогыг өөрчлөх асуудлыг оруулахдаа ямар аргачлалаар бодож олгохоор тусгасан зэрэг асуудлыг  хөндөв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, А.Бакей, Л.Энх-Амгалан, Д.Сарангэрэл, З.Баянсэлэнгэ, Д.Сумьяабазар, А.Тлейхан нар өөрсдийн байр сууриа илэрхийлж үг хэллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, үндсэн чиглэлд хэрэгжих боломжгүй, лозунгийн шинжтэй зүйлийг тусгаж болохгүй. Бүх асуудлыг тал талаас нь оруулах гээд зүтгэдэг. Тэгээд Үндсэн чиглэл нь төлөвлөгөө ч биш, бодлогын баримт бичиг ч биш болдог. Хамгийн гол дэмжиж болох шалгуур хангасан ямар асуудлаа Үндсэн чиглэлд тусгах, ямар асуудлыг тусгахгүй байх вэ гэдгийг нарийн тогтоох ёстой. Хэрэгжүүлэх шатанд төрийн байгууллагуудын уялдаа холбоог хэн нь хариуцах, хэн нь хяналт тавих зэрэг эргэх холбоогүй байна. Яамдууд үндсэн чиглэлд тусгагдсан ерөнхий зорилтоо илүү нарийвчилж тодорхой төлөвлөгөө гаргаад тэр төлөвлөгөөний гүйцэтгэлээ танилцуулж байх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол хэрэгжилтийг ерөнхий байдлаар ярьж тайлбарлаж байна гэв.

Мөн байнгын хорооны хуралдаанаар “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Тогтоолын төслийг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба танилцуулав. Өнөөгийн тэтгэврийн даатгалын тогтолцоо нь нэг давхаргатай, эв санааны нэгдлийн зарчмаар буюу шимтгэлийн орлогоороо тэтгэврийн зардлаа санхүүжүүлдэг хуваарилалтын тогтолцоо юм. Харин 2030 оноос эхлэн Монгол Улсын хүн ам насжиж, ахмад настны эзлэх хувийн жин нэмэгдэж, ялангуяа 1960, 1970-аад оны хүн амын огцом өсөлтийн үеийнхэн тэтгэвэрт гарах үед энэхүү тогтолцоо нь үйлчилж чадахгүй нөхцөл байдал үүсэхээр байгаа ажээ. Тухайлбал, сүүлийн 10 жилд нийт хүн амын тоо 16,1 хувиар өссөн бол ахмад настны тоо 21,9 хувиар буюу илүү хурдацтай өссөн байна. Иймд насжилттай холбоотойгоор ирээдүйд үүсэх тэтгэврийн сангийн алдагдлыг багасгах бодлого хэрэгжүүлж, цалинд үндэслэн тогтоогдох тэтгэврийн тогтолцоог шимтгэлд суурилсан тэтгэврийн тогтолцоогоор аажмаар сольж, олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх замаар ахмад настанд зохистой хэмжээний тэтгэврийг урт хугацаанд тогтвортой олгох нөхцлийг бүрдүүлж, тэтгэврийн орлоготой болгох, тэтгэврийн даатгалын шимтгэл, тэтгэврийн нас, тэтгэвэр бодох аргачлалыг оновчтой тогтоох бодлогыг хэрэгжүүлэх зорилтуудыг тусгасан бодлогын баримт бичгийн төслийг боловсруулсан байна. Тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, энэ жилээс эхлэн Монгол Улсын хүн ам зүйн цоо шинэ нөхцөл байдал үүсч байгаа. Энэ нь тэтгэврийн ачааллыг эрс нэмэгдүүлж байна. 2015 он бол улс төрийн утгаараа бус харин хүн ам зүйн утгаараа үнэхээр түүхэн томоохон шийдвэр гаргах шаардлагатай жил юм. Иймд тэтгэврийн талаар төрөөс баримтлах бодлогыг шинэчилж, ирэх жилүүдэд тэтгэврийн насны хүмүүсийг орлоготой, тэтгэврийн насны хүмүүсийг ядуурлаас урьдчилан сэргийлэх чадвартай улс орон байлгахын тулд энэ асуудлыг зайлшгүй хэлэлцэх шаардлагатай гэж үзэж буйгаа хэллээ. Ингээд гишүүд асуулт асууж, санал хэлж дууссаны дараа “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ. /агшин.мн/


URL:

Сэтгэгдэл бичих