Оросын хакерууд Цагаан ордны киберсистемийг гэмтээжээ

ba3c9bed0a9270c1517a0220fe16733c_x3Оросын хакерууд Цагаан ордны компьютерийн систем рүү нэвтэрсэн талаар CNN телесуваг мэдээллээ. Тэд Барак Обамагийн нууц уулзалтуудын хуваарийг мэдэхээр оролдсон бололтой.

Америкийн Ерөнхийлөгчийн засаг захиргааны компьютерууд руу нэвтрэхийн тулд тэд эхлээд АНУ-ын Төрийн департментын систем рүү урьдчилан орсон гэнэ. Америкийн тусгай албад хакеруудыг шахаж гаргах оролдлого хийсэн хэдий ч тэд буцаж ирж чаджээ. Оросын хакерууд Төрийн департментыг хэдэн сарын турш хяналтдаа байлгаж байж болзошгүй хэмээн шинжээчид баталж байна.

АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдал хариуцсан дэд туслах Бен Родсын үзэж буйгаар, хакерууд Цагаан ордны нууц компьютерийн сүлжээ рүү нэвтэрч чадаагүй гэжээ.

“Цагаан ордонд нууц бус, нууц, өндөр зэрэглэлийн нууц гэсэн олон янзын компьютерийн системүүд байдаг. Манай нууц системүүд рүү орж чадсан гэж бид тооцохгүй байгаа” хэмээн тэрээр дурдсан байна.

“Оросын кибер заналхийлэл бидний өмнө тооцоолж байснаас хавьгүй илүү аюултай байна” гэж үндэсний тагнуулын албаны захирал Жеймс Клэппер ХМТ-ны нэгдүгээр сард болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэж байсан билээ.


URL:

Сэтгэгдэл бичих