Хамжиж босгосон гэрээгээ “хага шидэх үү”?
Бид цөөхүүлээ боловч олуулаа мэт хагаралдан, өрсөлддөг муухай монгол зантай гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрдөг. Энэ яриа, ийм үйл явдал бас л давтагдаж байна. Олон жилийн турш үр шимийг нь хүртэхээр хэлэлцэж буй Тавантолгойн орд газрын гэрээг байгуулах үйл явц ийм байдлаар үргэлжлэв. Бид Тавантолгойгоо жинхэнэ утгаар нь ашиглаж, эдийн засагтаа мэдэгдэхүйц хөрөнгө оруулалт хийхийг хүсч байгаа боловч өнөөх л хувь тоглогчийн зангаасаа болж хойш тавьсаар байгаа юм. Гэрээнийхээ хугацаанд Монгол Улсад 94 тэрбум ам.долларын ашиг өгнө гэж тооцоолж буй тус ордод хөрөнгө оруулагчаа арай гэж сонгоод, шинэ Засгийн газар бүрдсэнээс хойш Монгол Улсын сайд М.Энхсайханы гардан хийж буй гэрээнд талууд гарын үсэг зурах мөч ерөнхийдөө ойртсон байв. Энэ тухай Ерөнхий сайд “Таван толгойн төслийн хэлэлцээр төгсгөлийн шатандаа орлоо. Хоёр тал үндсэн зарчмын шийдлүүддээ хүрч чадсаныг тэмдэглэхэд таатай байна. Засгийн газрын дараагийн ээлжит хурлаар хэлэлцэн зохих шийдвэрийг гаргаж, Таван Толгой төслөө албан ёсоор зарлан эхлүүлэх боломжтой боллоо.Таван толгой төслийн их бүтээн байгуулалт зөвхөн яриа маргаан бус бодит ажил болж эхэлснээр бүхэл бүтэн зургаан жил гаруй цаасан дээрээ гацсан төмөр зам хөрсөн дээрээ баригдаж дуусна. Төсөвт зөвхөн энэ жил 200 гаруй сая ам.долларын урьдчилгаа оруулна. Төмөр замд оруулсан 300 гаруй сая доллараа эргүүлэн олж авна. Хүмүүсийн хамгийн их асуудаг 1072 хувьцааны талаар зориуд тэмдэглэн хэлэхэд хэрэв УИХ хэлэлцэн зөвшөөрвөл хувьцаа эзэмшиж байгаа 1 сая 800 мянган хүний ноогдол ашигт зөвхөн энэ жил гэхэд урьдчилгаа мөнгөнөөс хүн тус бүрт 100 мянган төгрөгийг тусгай санд хуваарилах боломж байна” гэж орон даяар мэдэгдэв.
Эдийн засаг сөрөг тал руугаа шилжсэн энэ үед Тавантолгойн гэрээг өөрсөддөө ашигтайгаар үзэглэх нь монголчуудын хүлээж буй зүйлийн нэг мөн. “Чалко”-д төлж дуусгах 150 сая ам.долларын өр, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө гэх мэт оновчтой, зөв хувилбараар шийдэх асуудал олон байгаа боловч иргэд өөрсдийнх нь амьдралд шууд нөлөөлөхүйц эдийн засгийн өсөлтийг юуны түрүүнд хүсч буй юм. Харин өчигдөр өглөө болсон УИХ-ын хаврын чуулганы нээлтийн үеэр спикер З.Энхболд “Тавантолгойн гэрээг УИХ-ын чуулганаар заавал хэлэлцэх ёстой” гэж мэдэгдсэн нь бас нэгэн ойлгомжгүй асуудлыг үүсгэв.
М.Энхсайхан сайд өнгөрсөн сард гэрээний үйл явцын талаар хэвлэлийнхэнд мэдэгдэхдээ “Хэлэлцээр зөвхөн эцсийн үр дүнгээр л хэмжигдэнэ. Мега төсөл амжилт олно эсвэл шил мэт хагарч унана гэдгийг би олонтаа хэлж байгаа. Өөр сонголт байхгүй. Тийм учраас тэвчээртэй хэлэлцээрийн үр дүнг л хүлээх хэрэгтэй” хэмээж байв. Ерөнхий сайд дараагийн Засгийн газрын хуралдаанаараа Тавантолгойн гэрээний талаарх шийдлээ гаргана гэж мэдэгдсэн ч УИХ-ын дарга өөр санаатай байгаагаа хэлснээр хагас жил хамжиж ноцолдсон М.Энхсайханы ажил “хагарч унах” эсвэл дахин тодорхой хугацаагүйгээр хойшлоход хүргэхээр нөхцөл байдал үүсч мэдэх юм. Хамгийн чухал нь бид нэгэнт эрсдэлтэй байгаа эдийн засгаа чадавхжуулахад Тавантолгой гэдэг үүцээ ашиглахаас өөр аргагүй. Харин хэрхэн, яаж ухаалгаар бүхнийг хийхээс, цаг хугацаатай уралдахаас ирээдүйн сайн дүр зураг тодрох эсэх нь шийдэгдэх болжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Uls ornii ireeduig shiidej bj nuhatstai handah heregtei shuu dee
Таван толгойг хөдөлгөх ёстой гэхдээ харилцан үр ашигтай байдлаар Оюу толгой шиг болгож болохгүй