Зарим барилгын ажлыг албадан зогсоожээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зохион байгуулж буй “Хүний төлөө-Зөв тус” аянаар дэд бүтцийн салбарт хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг мөрдүүлэх, ажил, үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагад зөвлөн туслах, мэргэжил арга зүйгээр хангах, сайн дадал, туршлагыг хуваалцан үзүүлэх сургалт зохион байгуулах зэргээр барилга, байгууламжийн болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулахад тус дөхөм болохуйц ажлыг хийж байгаа юм. Түүнчлэн зөрчилтэй, зөрчлөө арилгаагүй, улсын байцаагчийн акт, албан шаардлагыг биелүүлдэггүй, хэрэгжилтийг хангуулж ажилладаггүй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг албадан зогсоогоод байгаа аж. Тухайлбал, Чингэлтэй дүүргийнV хороонд иргэн Пүрэвийн захиалгаар баригдаж байгаа барилгад өнгөрсөн сарын 31-ний өдөр осол гарчээ. Уг барилгад 42 настай А нь лифт угсарч бэлтгэх ажил хийж байх үедээ зургаан давхраас дөрвөн давхарт унаж хүнд гэмтэл авсан байна. Энэ нь тухайн байгууллага ажилчдынхаа аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйн улмаас гарсан осол учраас үйл ажиллагааг нь түр зогсоосон байна. Цаашид хууль, дүрэм журам зөрчдөг, зөрчлөө арилгадаггүй, улсын байцаагчийн акт, албан шаардлагыг биелүүлдэггүй, ажиллагсад, иргэдэд эрсдэл учруулж болзошгүй компаниудын тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах хүртэл арга хэмжээг авах гэнэ.
Ц.ЗАЯА /UNEN.MN/
URL: