Өвөр Монголд газрын маргаанаас үүдэлтэй мөргөлдөөн болжээ
Өвөр Монголын Юанье мужийн газар тариалангийн шинжлэх ухаан, технологийн компанийн ажилтан болон Улаанхад хотын Баарин баруун хошууны Шар мөрөн сумын Харганат, Суж гацааны малчдын хооронд энэ сарын 18-нд газрын маргаан үүссэн нь багахан хэмжээний мөргөлдөөд хүргэжээ.
Үүнд 300 гаруй хүн оролцсон байна. Мөргөлдөөний үеэр арваад малчин, компанийн хоёр ажилтан бэртсэн бөгөөд тэднийг хошууны эмнэлэгт хүргэжээ. Хэрэг явдлын улмаас Улаанхад хотын Цагдаагийн газрын 20 гаруй ажилтан тус нутагт очиж ажилласан байна.
Цагдаагийнхан хэрэг үүсгэсэн компанийн ТУЗ-ийн дарга Цүй Юйлянь, түүний туслах Жао Яньюй болон зодоонд оролцсон 12 ажилтныг сэжигтнээр татаж, түр саатуулжээ.
Мөн Шар мөрөн сумын Харганат гацааны дарга Чү-И, гацааны дэд дарга Бао Шүнь, Суж гацааны дарга Эрхэмбат нарыг албан тушаалаа ашиглаж, мөнгө завшсан хэрэгт сэжигтнээр татаж саатуулсан байна.
URL: