“Монос” дахиад л найман хүүхдэд эм андуурч өгчээ
ЭХЭМҮТ-д эмийн хордлого гарсан тухай мэдээллийн дагуу НМХГ, Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид ЭХЭМҮТ, “Монос фарм трейд” эм ханган нийлүүлэх байгууллагыг шалгалаа.
Тус эмнэлэгт гуравдугаар сарын 19-нд “Дексаметазон”(худалдааны нэршлээр Ланадексон) эм дууссан тул 20-ны өдөр “Монос фарм трейд”ХХК-ний нөөцийн агуулах руу эмийн захиалгыг утсаар өгчээ.
5мг тунтай зүрхний цусан хангамжийн дутагдалд хэрэглэдэг “Ланасорбид” шахмал эм захиалгаас солигдож ирснийг эмнэлгийн эм олгогч анзааралгүй, шалгалгүйгээр хүлээж авчээ.
Гуравдугаар сарын 28-ны өдөр тус эмийг эмнэлгийн эм олгогчоос “Дексаметазон эмийн савлагаа өөрчлөгдсөн байна” гэсэн тайлбартайгаар Цусны эмгэг, хавдар судлалын тасагт эмээ нийлүүлсэн байна.
Тус тасагт хэвтэн эмчлүүлж байсан найман хүүхдэд 28-наас 30-ныг хүртэл нийт 188 ширхэг шахмал эмийг хэрэглүүлсэн байна.
Хүүхдүүдийн хувьд 8 сартайгаас 15 настай байжээ.
Улмаар 30-ны өдөр тус эмнэлэгт үйлчлүүлэгчийн мэдээллийн дагуу эмийн андуурлыг мэдэн шуурхай арга хэмжээ авч, Хордлогын үндэсний төвийн эмч нартай хамтран хордлого тайлах эмчилгээг яаралтай хийснээр хүүхдүүдийн биеийн байдал сайжирчээ.
Хяналт шалгалтаар “Монос фарм трейд” ХХК-ний мэргэжилтэн нь ЭХЭМҮТ-д эмийг олгохдоо эмийн сангийн албан ёсны захиалгыг үндэслээгүй утсаар захиалга авсан.
ЭХЭМҮТ-ийн эм зүйн тасгийн эм бэлтгэгч, олгогч нь эм хэрэгслийг хүлээн авахдаа захиалгын дагуу эмийн нэр төрлийг шалгаж аваагүй, улмаар эмчилгээний заалттай бус эмийг эмчилгээнд хэрэглэсэн ноцтой зөрчил дутагдал илэрлээ.
ЭХЭМҮТ нь “Удирдамж заавар батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 274 дүгээр тушаалын дагуу эмнэлгийн эмчилгээ үйлчилгээнд ноцтой алдаа зөрчил гарсан тохиолдолд Төрийн захиргааны холбогдох байгууллагуудад (ЭМСЯ, МХЕГ,ЭМХТ) мэдээлээгүй зөрчил гаргажээ.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас ЭХЭМҮТ, Монос фарм трейд компанид “Эрүүл мэндийн тухай” хуулийг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулж, анхааруулга, албан шаардлага хүргүүлэхээр боллоо.
Харшил, үрэвсэл, хордлого, шокын эсрэг хэрэглэдэг 0,5 мг Дексаметазон шахмал эмийг ЭХЭМҮТ жилд дунджаар 12 000 ширхэгийг хэрэглэдэг аж.
Цаашид анхааруулах зүйл:
-Эмийн сангийн эм олгогч нар эмчийн жор зааврыг нарийн шалгасны үндсэн дээр эмийг олгох. Хэрвээ жоргүй эм олгохоор бол тухайн эмний зааврыг сайтар танилцуулж байж худалдан борлуулах.
-Эцэг эхчүүдийн хувьд эмийн сангаас эм авахдаа жортой нь тулгаж шалгах, эмийн найрлага, жорыг хүүхдэдээ өгөхийнхөө өмнө дахин хянаж шалгах.
-Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй тохиолдолд сувилагч, эмч нараас ямар эм олгож байгааг нь асууж лавлаж байхыг та бүхэнд зөвлөж байна.
URL: