Никсоны “Цагаан ордон” 75 сая долларын үнэд хүрчээ

La Casa PacificaРичард Никсоны 1974 оны наймдугаар сарын 9-нд АНУ-ын Ерөнхийлөгчийн суудлаас албан ёсоор буусныхаа дараа амьдарч байсан Калифорнийн эрэг дэх өргөө нь 75 сая ам.долларын үнэд хүрээд буй талаар “АР” мэдээлжээ. Өдгөө тэрхүү харшийг Уотергейтын гэх хэргээр дуулиан тарьж байсан экс Ерөнхийлөгчийн хуучны нэгэн анд нөхөр эзэмшдэг байна. Чамгүй их түүх өгүүлэх энэ өргөөгөө Никсон “La Casa Pacifica” хэмээн нэрлээд, Зөвлөлтийн удирдагч Леонид Брежневт “Амар амгалангийн өргөө” хэмээн орчуулж өгч байжээ.

Хоёр их гүрний удирдагч энэ л өргөөнд нөхөрлөлөө бататгаж, цөмийн дайнаас сэргийлэх цуврал уулзалт хэлэлцээнүүдийн  эхлэлийг  тавьсан байна. Ер нь хүйтэн дайны үеийн олон чухал шийдвэр энд гарч байжээ. Хожим Төрийн нарийн бичгийн дарга Хенри Киссинжер зэргэлдээ нь, Никсоны туслахууд болох Боб Халдемэн, Жон Эрлихмэн нар ойролцоо   нь   нүүж очсоноор энэ өргөө Баруун Цагаан ордон гэгдэх болжээ. Харин огцорсноос нь хойш, алдартай Уотергейтын хэргийн шүүх хурлын үед “La Casa Pacifica” түүний хоргодох байр, авралын орон болж байсан гэж Сан Клементийн Түүхийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Дороти Фюллер ярьсан байна. Тэрээр энэ талаар “Сэтгэл санааны хүнд нөхцөлд түүнийг үнэхээр эмнэж, сэргээж чадахаар үзэсгэлэнтэй, амар тайван газар байсан” гэжээ. Никсоныхон энэ байшингаа анх 1969 онд бизнесийн хамтрагчдынхаа тусламжтайгаар 340 мянган доллараар худалдаж авсан хэмээн “Лос-Анжелос Таймс”-т мэдээлж байсан бол “Уол СтрийтЖурнал”-д 1.4 сая гэждурдсан нь бий. Алин болох нь тодорхойгүй байдаг. 1980 онд Никсоныхон ойр дотнын нөхдийн нэг болох Гавин Хербертэд худалдсан бөгөөд өдгөө 83 настай Херберт экс Ерөнхийлөгчийн харшийг 35 жилийн турш “харж ханджээ”. Харин одоо тэрээр дараагийн эзэнд нь “шилжүүлж өгөх”-ийг хүсч байгаа аж.

 

 

ҮНДЭСНИЙ ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих