Ч.Туяа: Хоёр хүн цасан шуурганд төөрч, амиа алдсан
Өнгөрсөн долоо хоногт ихэнх нутгаар цас орж, орон нутгийн зам хаагдаж, олон иргэн төөрсөн. Энэ талаар ОБЕГ-ын Цаг уурын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Туяатай ярилцлаа.
-Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орлоо. Цасан шуурганаас шалтгаалж зам хаагдахаас гадна иргэд төөрч сураггүй болсон. Танайд хэчнээн дуудлага ирэв. Үүнд ямар арга хэмжээ авч ажилласан бэ?
-Ихэнх нутгаар энэ сарын 1-нээс цас орлоо. Их хэмжээний цас орсноос зарим аймагт нөхцөл байдал хүндэрсэн. Тодруулбал, төв болон говийн аймгийн нутгаар их хэмжээний хур тунадас оров. Тал хээр газарт л гэхэд 50 см-ийн зузаантай цасан бүрхүүл тогтсон. Тэгэхээр хунгарласан газарт ямар байх нь ойлгомжтой. Зарим айлын гэрийг давсан цас орсон. Иргэд төөрсөн сураггүй алга болсон дуудлага орон нутгийн Онцгой байдлын газруудад ирсэн. Цагдаа болон Зам тээврийн харьяа байгууллагатай хамтран ажиллаж, төөрч алга болсон хүмүүсийг цаг алдалгүй олсон. Улсын хэмжээнд 138 иргэн төөрч алга болсон. Үүний 134 иргэнийг эсэн мэнд олсон байгаа. Төөрсөн иргэдийн 90 нь малтайгаа шуурганд уруудсан малчид байна лээ.
-134 иргэнийг олсон гэлээ. Тэгэхээр дөрвөн хүнийг үргэлжлүүлэн эрэн хайж байна гэсэн үг үү. Нэг хүн амь насаа алдсан гэх харамсалтай мэдээлэл зарим хэвлэлээр гарч байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Хоёр иргэн харамсалтайгаар амь насаа алдсан. Харин хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааг хийж байна. Хэнтийн Цэнхэр Мандал, Төв аймгийн Эрдэнэ- Сант сумын иргэдийг одоо хүртэл олоогүй байгаа.
-Зам тээврийн сайдын тушаалаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. Цас их орсноос үзэгдэх орчин хязгаарлагдаж, олон автомашин цасан шуурганд боогдсон. Иргэд ч хулгайн замаар автомашинтайгаа зорчиж байгаад осолд өртсөн гэх мэдээлэл байна?
-Олон автомашин саатаж, зам тээврийн осол гарсан. Тээврийн хөдөлгөөнд хязгаарлалт хийх байсан бол цас орохоос өмнө замаа хаахгүй яасан юм бэ гэсэн иргэд их байлаа. Замыг шууд хязгаарлах боломж бидэнд байдаггүй. Олон асуудал байдаг. Иргэд зам хаачихсан уу гэж эерэгээр хүлээж авдаггүй. Учир нь, өвчтэй хүн эмнэлэгт яаралтай үзүүлэх хэрэгтэй байна. Хүн нас барчихлаа. Яаралтай ажилтай явна гэж бухимдсан хүн зөндөө байв. Цаг агаарын нөхцөл хүнд үед иргэд зорьсон газраа очиж чаддагүй. Автомашин нь цасанд суух, осол гарах зэрэг хүндрэл гарлаа. Хулгайн замаар зорчиж байгаад цасанд суугаад ОБЕГ-т дуудлага өгдөг. Онцгой байдлын аврагчид дуудлагын дагуу бас л хүндрэлтэй нөхцөлд, бартаатай замыг туулж очдог. Бидэнд зориулсан тусдаа зам гэж байдаггүй. Гэтэл иргэд удлаа, хурдан ирсэнгүй гэж хэл амаар доромжлох, загнах асуудал их гардаг. Төв аймагт онцгой байдлын газарт л гэхэд Эрдэнэ-Сант сумаас зэрэг 10 дуудлага ирсэн. Гэтэл тус сум аймгаасаа 260 км-ын зайтай оршдог. Иргэд төөрчихөөд байгаа газраа тодорхой хэлж өгдөггүй Эрэн хайж аврах ажиллагааг хийдэг Бидэнд автомашин болон хүн хүчээр дутах асуудал бий. Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахын тулд л түр зуурийн замын хязгаарлалтыг хийж ажилладаг. Тиймээс иргэд ч ойлгох хэрэгтэй. Одоогоор бүх, зам даваа нээлттэй, тээврийн хэрэгсэл хэвийн зорчиж байгаа.
-Иргэд зам товчлох нэрийдлээр мөсөн дээгүүр автомашин болон мотцикль, морьтой явдаг. Цөмөрсөн тохиолдол гарав уу?
-Он гарсаар гол мөрөн, нуурын ус цөмөрсөн дөрвөн дуудлага ирлээ. Архангай, Булган, Ховд аймагт дээрх осол гарсан. Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутгийн Хар нуурт мөс цөмөрлөө гэсэн дуудлагаар Ховд аймгийн Онцгой байдлын газар түргэн шуурхай ажилласан. Зам товчлох гэж явж байтал гэнэт мөс цөмөрч машин зургаан метрийн гүнд орсон байгаа юм. Хоёр иргэн машиныхаа цонхийг хагалж гарч ирсэн. Онцгой байдлынхан очиж ажилласан боловч машиныг нь гаргаж авах боломжгүй болсон байсан. Учир нь их гүн орсон. Мөн Хөвсгөл далай дээгүүр иргэд автомашинтай зорчих нь ихэслээ. ОБЕГ-ынхан Хөвсгөл далайд очиж ажилласан. Далайн энд тэнд цөмрөлт үүсчихсэн байгаа Тиймээс аюултай гэх ослын тэмдэг байрлуулж, хязгаарлалт тогтоосон. Гэтэл иргэд дөрвөн сар дуустал зорчиход ямар ч аюулгүй гэж үзэн ОХУ руу тээвэрлэлт хийж байна. Тиймээс иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирохгүйн тулд зориулалтын замаар явах хэрэгтэй гэдгийг анхааруулж хэлмээр байна
-Хүйтэн, цасан болон шороон шуурга ихтэй хавар болно гэх яриа иргэдийн дунд байна. Ер нь энэ хаврын цаг агаарын нөхцөл ямар байх вэ?
-ОБЕГ-ын зүгээс анхааруулга, сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд байнга хүргэдэг. Одоогоор цасан шуурга болж байгаа газар байхгүй. Ус цаг уур орчны хүрээлэнгээс ирэх даваа гариг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг гаргасан. Энэ долоо хоногийн сүүлээр ихэнх нутгаар цас орж, хүчтэй салхилах төлөвтэй байна. Урин цаг ирж байгаа учраас иргэд хөдөө явах нь ихэсч, оюутан сурагчид амралт, зугаалганд их явдаг. Гуравдугаар сарын сүүлээр дулаахан байсан. Дулааны улирал эхлэхээр иргэд аюулгүй гэж бодоод аливаа эрсдлийг урьдчилан тооцоолдоггүй. Хаврын улиралд цаг агаарын байдал байнга хувьсч байдаг. Өглөө гарахад дулаан байснаа өдөр нь цасаар шуурдаг. Тиймээс иргэд хаа нэг газар явахдаа цаг агаарын мэдээг харж, дулаан хувцас, шатахууны нөөц явах хэрэгтэй.
үнэн.мн
URL: