Сайд Д.Зоригт, “Бороо гоулд” хоёр учраа хэзээ олох вэ?

Уул уурхайн анхны шан татсан “Бороо гоулд” компанийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцаад ирэв. Эднийх 250 ажилтнаа цомхотгохоос өөр аргагүй боллоо гэж хэвлэлийн бага хурал хийж байсныг нь санаж байгаа байх аа.

Ганц сайдын гарын үсэг дутуугаас болж бүхэл бүтэн компани цаашлаад хөрөнгө оруулагчид Монгол Улсад үл итгэх байдалд хүрч болзошгүй болоод байгаа аж. “Бороо гоулд” компанийнхан эрээд, сураад олддоггүй Эрдэс баялаг, эрчим хүчний эрхэм сайд Д.Зоригтын ажлын өрөөнийх нь гадаа суулт зарлахаар болжээ.

МУУР, ХУЛГАНА БОЛЖ ХӨӨЦӨЛДӨЖ БАЙХ ЗУУР МОНГОЛ УЛС АЛДАГДАЛ ХҮЛЭЭХ БОЛОВ
Байгаль орчны үнэлгээ, мэргэжлийн хяналтын газрын зохих бүх зөвшөөрөл нь олгогдсон байхад сайд Д.Зоригт гарын үсгээ зурахгүй “бултаж” гүйгээд байгаагийн цаана ямар эрх ашиг нуугдаж байна вэ? Учир нь байнгын хорооны хурлаар “Бороо гоулд”-ын Нуруулдан уусгах шинэ технологийг ашиглахыг зөвшөөрсөн тогтоол хэдийнэ гарчээ.

Өнгөрсөн 2008 оноос хойш хийгдэж байгаа туршилтын хугацаанд байгаль орчинд халгүй болох нь нотлогдсон байна. Манай улсад үндсэн орд буюу хад чулуун дотроос алт ялгаж олборлодог хуруу дарам цөөн компанийн нэг бол “Бороо гоулд”-ынхон. Тэднийх Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт Нуруулдан уусган боловсруулах төслөө хэрэгжүүлж агуулга багатай шороог дахин боловсруулж байна.

Өнөөгийн уул уурхайд алтыг нь аваад авдрыг нь хаяна гэгчээр уулыг тал болтол ухаж сэндийлчихээд сорчилж тэр чигээр нь зөнд хаях байдал хэрээс бүр хэтэрсэн. Ийм үед Бороогийн алтны үндсэн ордод түшиглэн байгуулагдсан боловсруулах үйлдвэр улсад сард нэг тэрбум төгрөгийн татвар төлж, хаягдлыг боловсруулж ажиллахаар болсон нь сайшаалтай юм. Өнөө үеийнхэнд үүцээ саяхнаас нээсэн Монголын энэ их баялгийг туйлах эрх байхгүй билээ. Тиймээс шинээр орд газар ашиглах зөвшөөрөл олгохоосоо илүүтэй хуучин ашигласан талбайдаа дахин боловсруулалт хийхэд анхаарах болсон.

Үүний эхлэлийг “Бороо гоулд” компани хийж эхэллээ. Асар их шороон дундаас хам хум алтыг ялгаж авсан болоод эргээд ашигладаггүй өнөө үед нуруулдан уусгалт бол яах аргагүй цагаа олсон үр дүнтэй төсөл. Гэтэл гэдгэр сайдын ганц гарын үсэг энэ бүхнийг гацаачихаад байгаа аж. Бороогийнхон хаягдал болсон агуулга багатай хүдрийг дахин боловсруулж эдийн засгийн эргэлтэд дахин оруулъя гэж байхад Төр засаг дэмжсэн ч ганц гэдрэг сайд “боож” орхив. Олон яам, төр засгийн байгууллагын гарга-сан шийдвэрийн эсрэг ганцаар сөрөн зогсоо сайд Д.Зоригтыг хүнд суртал гаргаж байна гэхээс хэлэх өөр үг алга.

Хэрэв энэ төсөлд шаардлагад нийцэхгүй зүйл байвал хэлээд аль, дутагдлаа засаад ирье гэж “Бороо гоулд”-ынхон хандахад сайд маань завгүй, ажил ихтэй гэж уулзахаас татгалзсаар ирсэн гэнэ. Гарын үсэг зурах завгүй муур, хулгана болж хөөцөлдөж яваа сайд Д.Зоригт, “Бopoo гоулд” компани хоёрын явдлаас болж жирийн ажилтнууд хохирч эхлэх нь бололтой. Нэгэнт энэ төсөл хийгдэж эхлэхгүй байгаа тул ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс “Бороо гоулд”-ынхон 250 ажилтнаа цомхотголд оруулахаар болжээ.

Гэнэт халагдсаны мөнгө төгрөгөө компаниасаа гаргуулж авч байгаа ч цаашид ажилгүйчүүдийн эгнээг нэгэнт тэлэх нь тодорхой. Бороогийн уурхайд хөрөнгө оруулалт хийж буй “Сентерра Гоулд” корпораци гадаад дотоодын хувьцаа эзэмшигчдээс бүрддэг. Монголын нэг сайдын гэдийлтээс болж хувьцааны үнэ буурах, Монголд цаашид хийгдэх хөрөнгө оруулалт зогсох эрсдэл гарахгүй гэх баталгаагүй юм. Ямартаа ч Монгол Улсад алдагдал болон ирж байгаа хариуцлагагүй энэ байдлыг сайд Д.Зоригт хүлээх биз ээ?

НУРУУЛДАН УУСГАХ ТӨСЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ МОНГОЛД АСАР ИХ БИЙ

Нуруулдан уусгах төслийг уншигчдадаа илүү ойлгомжтой болгох үүднээс тайлбарлая. Олборлолт хэдийнэ явуулж хаягдал шахуу болоод байгаа агуулга багатай хүдрийг дахин боловсруулах гэсэн санаа юм. Хөрсөнд үл нэвчих байдлаар олон давхар нягтаршил давхарлалт, нуруулдалт хийсний дараагаар өнөө агуулга багатай хүдрээ цианитын уусмалд нэвчүүлж дотроос нь алт ялгаж авах арга гэж бас хэлж болно.

Манайхан Дархан-Уул аймгийн Хонгор сумын цианитын хор хөнөөлөөс улбаалж энэ талын эсрэг мэдээлэлтэй болж үлдсэн. Цианит гэдэг нь тамхинд хүртэл тодорхой агууламжаар хадгалагдаж байдаг химийн нэг элемент. “Бороо гоулд” компанийн “Нуруулдан уусгах” төслийн ажилтнууд тамхинаас ялгарах цианитын хэмжээг бидэнд зориуд сонирхуулав. Цианитын хэмжээг тодорхойлох багажийг ажилтан бүр биедээ авч явах бөгөөд цианит их, бага байгааг нь тэр дор нь тогтоочихоор аж. Тамхи сорж утааг нь цианитыг мэдрэгч багаж руу хэд хэд үлээхэд шууд тэр дороо тамхинд байгаа цианитын хэмжээ гараад ирэв.

Цианит тодорхой хэр хэмжээнээс хэтрээгүй л бол хаана л бол хаана байдаг химийн элементийн нэг аж. Харин хэр тунгаасаа ихдээд ирэхээр аюул болдог гэдгийг Хонгорын явдал бидэнд сануулсан. Бороогийнхон цианитыг шохойтой хольж шүлтлэг болгож уусгадаг учир агаар болон хөрс, байгальд ямар нэгэн хор хөнөөл учруулахааргүй ашиглаж болох шилдэг төсөл болохыг нь сонсов. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас шалгаж байгальд халгүй төсөл болохыг нь тогтоосон байна.

ХУУЛЬ ХЭНД ҮЙЛЧИЛЖ БАЙНА ВЭ?
Манай сурвалжлах хэсэг Сэлэнгэ аймгийн Баянгол сумаас хөдөлж Мандал сумыг зорьсон юм. Хөрөнгө оруулагч Канадын “Сентерра Гоулд” корпорацийн охин компани сүүлийн арав гаруй жил хайгуул хийснээр Гацууртын алтны үндсэн ордыг нээж илрүүлжээ. Байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийхэд Гацууртын ордын талбайд химийн хортой бодис ашиглан баяжуулалт хийхгүй, хаягдлын далан сан байгуулахгүй гэж гарсан байна. Энэ газарт өмнө нь өөр бусад компаниуд шороон ордын олборлолт хийгдсэн тул дахин нэмж олборлолт явуулахгүй.

Харин Бороогийнхон нөхөн сэргээлтийг хийж, нэгэнтээ үүсээд байгаа гадаргын усны бохирдлыг орчин үеийн технологиор саармагжуулан ажиллахаар болжээ. Шороон ордын олборлолт хийгдсэн Гацууртад үндсэн ордын олборлолт хийхэд ямар нэгэн сөрөг дүн гарахгүй гэж үзэж байгаа аж. Учир нь ухаж төнхүүлсэн уг газрын хаягдал болсон овоолго дундаас ашиглах, баяжуулан боловсруулах гэх мэтээр байгаль орчинд нөлөөлөлгүй ажиллах боломжтой аж. Хөрөнгө хүчээ хаяж хайгуул хийсэн боловч өнгөрсөн жил “Ойн сангийн тухай” хуулиар тус газарт үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байгаа юм байна. Хуульд захирагдаж ажиллах учраас хүлээн зөвшөөрч байгаа боловч уг хуулийг дагалдан гарах журам өнөөдөр болтол ойлгомжтой байдлаар гараагүй байна.

Тэр бүү хэл байгаль орчин хамгаалах төлөвлөгөө нь ч батлагдаагүй байна. Ойн сан газар гэж аль хэсгийг хамруулж байгаа нь алагчлалтай гарсан гэнэ. Хэрэв журам нэг мөр батлагдчихвал Бороогийнхон хууль, журманд нийцүүлж бактерийн аргаар алт баяжуулах технологи болон уулын баяжуулах байгаль орчинд халгүй гэсэн хоёр аргаар ашиглах боломжтой гэж үзэж байгаа аж. Хуулийн дагуу зохих зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулахыг эрхэм болгодог “Сентерра Гоулд Монголия” ХХК хэрэв ойн санд хамаарч хориглогдож байгаа бол лицензийн нөхөн төлбөрөө улсаас авах гэнэ. Нэгэнт их хэмжээний хөрөнгө зарж хайгуул хийсэн тул нөхөн төлбөрөө шаардах нь зүйн хэрэг биз ээ.

ТӨР ЗАСГИЙН БОДЛОГО ТОДОРХОЙ БАЙХЫГ XAPMVI1ПАГАТАЙ УУЛ УУРХАЙ ШААРДАЖ БАЙНА

Монголын уул уурхайн салбарт өнөөдөр Төр засгийн бодлого тодорхой байх шаардлага нэн тэргүүнд тавигдаж байна. Улсад тэрбум, тэрбумаар нь татвар төлж ирсэн уул уурхайн компани үйл ажиллагаагаа хэвийн явуулах эсэх нэг сайдын сайхан, муухай аашнаас хамааралтай болж таарах нь. Монголын төр засагт ажиллаж байгаа албан тушаалтны хариуцлагагүйгээс ард түмний дунд уул уурхай муу гэдэг цуу хэдийнэ тархсан гэцгээж байв. Нинжа болон эргээд хариуцлага үүрүүлэх боломжгүй, тодорхойгүй компаниудад ажиллах эрх олноор олгосноос сөрөг үр дагавар гарч байгааг бид харж байгаа.

Эмх замбараагүй хяналтгүй лиценз олгосны гайг одоо цуцлагдах болоод байгаа 250 гаруй компанийн лицензээс харж болно. “Бороо гоулд” компани бол хөрөнгө оруулагчид Монголд итгэл үзүүлээгүй байсан аль 1998 оноос хойш өнөөг хүртэл хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн төлөө тууштай ажиллаж ирсэн. Тэднийх манай улсын хамгийн өндөр татвар төлөгчөөр шалгарч байсан. Өдөрт л 200 сая төгрөгийн татвар төлдөг улсын онцгой ач холбогдолтой уул уурхайн компанийн нэг. Бас ажилчцадаа хамгийн өндөр цалин олгодог нь. Энэ оны арав-цугаар сарын байдлаар нэг ажилчны дундаж цалин нэг сая 200 мянга хүрсэн. Канадын “Сентерра Гоулд” компанийнх гадаадын хөрөнгө оруулалттай ч ажилчдаа 100 хувь монголчуудаас бүрдүүлдэг. Эхний байдлаар 250 ажилтан цомхотголд орж байгаа бол Төр засгийн тодорхойгүй бодлогын харгайгаар дараа дараагийн ажилчид ажилгүйчүүдийн үүд хаалгыг татах цаг ирэх нь.

Б.Долзодмаа


URL:

Сэтгэгдэл бичих