“Уулын бугад санаархалгүй, унасан бух”-аа тэжээмээр байна
Зөвхөн манайх тедийгүй олон улсад стратегийн ач холбогдол бүхий салбар нь эрчим хүч, дулаан байдаг гэдэг. Ялангуяа манай орон шиг байгалийн эрс тэс уур амьсгалтай бүс нутагт бүр ч чухал. Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан нийт хүчин чадал 1100 орчим мВт боловч энэ нь хангалттай биш. Эрчим хүчний сайд Д.Зоригтын мэдээлж байгаагаар таван жилийн дараа чадлыг 2000 мВт-д хүргэж, цаана нь 400 мВт-ын нөөцтэй байх шаардлагатай гэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар нэг кВт/ цаг эрчим хүчийг 144 төгрөгийн өртгөөр үйлдвэрлэж байгаа ч 22 төгрөгийн алдагдалтайгаар хэрэглэгчдэд борлуулж байдаг гэнэ. Үүний улмаас зөвхөн өнгөрсөн онд энэ салбар нийтдээ 68.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласныг Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ, тарифын бодлогын хэлтсийн дарга Б.Болор-Эрдэнэ хэлж байна. Ийм байдалд хүрэхэд олон жил ярьж байгаа ч цаасан дээрээ арай ядан “амь орж” буй төсөл хөтөлбөрүүдийн явц удааширсан, цахилгаан дулааны үнийг төрөөс зохицуулж барьж ирсэн зэрэг олон шалтгаан нөлөөлж байдгийг үе үеийн сайд нар улиг болтол ярьж байна. Гэтэл ийм их алдагдалтай төрийн өмчит аж ахуйн нэгж (ТЭЦ-III, ТЭЦ-IV гэх мэт)-үүдийг хувьчлах тухай хэлэлцэхээр болж байгаа нь ойлгомжгүй бөгөөд инээдтэй хэрэг юм.
Дээр нь эрчим хүчний нэгдсэн системийн тогтвортой, найдвартай ажиллагааг хангах мөн төвийн бүсэд жил бүр өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг зохицуулах зорилготой “Багануурын цахилгаан станц” төслийг концессын гэрээгээр хэрэгжүүлэхийг Засгийн газраас зөвшөөрч, хэдхэн хоногийн өмнө захиалагч болон хөрөнгө оруулагч талууд гарын үсэг зурсан билээ. Энэ нь айл өрхийн аятай тухтай ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх цаашлаад улс орны үйлдвэржилт, бүтээн байгуулалтад тодорхой хувь нэмэр оруулах сайхан төсөл гэж зарим хэсэг нь үзэж байхад эрх мэдэл бүхий хүмүүсийн лобби, ашиг сонирхол гэж харах хүмүүс ч байна. Ялангуяа тус салбарт олон жил ажилласан, туршлага дадлагатай, мэдээлэлд ойр мэргэжилтнүүд ийм өнцгөөс нь харж байгаа юм.
Тэгээд ч энд зарим нэг тодорхойгүй зүйл байна. Чойр-Нялгын нүүрсний ордыг түшиглэн барих 700 мВт-ын суурилагдсан хүчин чадалтай байх энэхүү станцын төслийн гэрээнд хөрөнгө оруулагч талыг төлөөлж, “Хятадын цөмийн эрчим хүчний үйлдвэрийн 22 дугаар барилга” компани гарын үсэг зурсан. Түүний толгой компани нь улсдаа нэр хүнд, нөлөө бүхий “China Nuclear Power” юм байна. Харин манай талаас “Багануур пауэр” гэдэг ХХК-д концессын гэрээ байгуулахыг зөвшөөрсөн ч Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар гарын үсэг зурсан байна. Гэтэл “Багануур пауэр” гэх компанийн тухай мэдээллийг интернэтээс хайгаад олсонгүй. Энэ талаар цаашид эрэн сурвалжлах болно.
Дараагийн нэг асуудал нь хөрөнгө оруулагч талын төсөлд зарцуулах 890-990 сая ам.долларын санхүүжилтийн тухай юм. Мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар төдий (700 мВт-ын хүчин чадал бүхий) хэмжээний цахилгаан станцыг байгуулахад олон улсын жишгээр 1.2-1.5 тэрбум ам.доллар шаардлагатай байдаг гэнэ. Тэгэхээр уралдаант шалгаруулалт (тендер)-д хамгийн бага үнэ өгсөн компанийг шалгаруулчихсан юм биш биз. Эцэстээ станц ашиглалтад орохын цагт бүтээн байгуулалтын өртөг нь өндөрсөөд концессын гэрээгээ сунгахаар бойкотлохгүй
байгаа гэх хардлага ч төрж байна. Тэр цагт бидний хүртэх ашиг багасахын дээр нөгөөх Монгол Улсад бүртгэлтэй гэх “Багануур пауэр” ХХК моралийн элэгдэлд орчихсон, засвар үйлчилгээнд зарцуулах хөрөнгө нь хэд дахин нэмэгдчихсэн баахан төмрийн үлдэгдэлтэй хоцрох юм биш байгаа гэх болгоомжлол ч байна. Бас Хятад улсын дарга Си Зинпин манай оронд хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр гурван тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоо мэдэгдсэний 800 сая гаруйгаар Эгийн голын усан цахилгаан станцын төслийг санхүүжүүлэхээр болсон. Энэ хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөс “Багануурын цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх гэж байгаа тухай албан бус мэдээлэл ч байна.
Уг нь эрчим хүчний салбарт олон жил ажилласан туршлагатай зарим компани Бөөрөлжүүт, Чандгана, Цайдам, Тэвшийн говь, Эрдэнэцогтын зэрэг нүүрсний уурхай түшиглэсэн станцуудыг барих тусгай зөвшөөрлөө Эрчим хүчний зохицуулах хорооноос авсан байдаг юм билээ. Тэд өөрсдөө гадна дотноос хөрөнгөө босгоод тус бүр нь 600 мВт-ын хүчин чадал бүхий таван станц барьж байгуулъя гээд явж байхад заавал гаднын компаниар тухайн орны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө (энэ нь тэр бүр олдоод байдаггүй боломж гэж үздэг)-өөр барих гээд байдаг нь ямар учиртай юм бол. Дээр нь 450 мВт-ын хүчин чадалтай ТЭЦ-V, Тавантолгойд барьж буй 450 мВт-ын (түүний 360 мВт орчим нь Оюутолгойг хангахад зориулагдах) цахилгаан станцыг барьж байхад ингэж хөрөнгөө үрэн таран хийх ямар шаардлагатай юм бэ гээд олон асуулт ар араасаа гарч байна.
Уг нь Чандгана, Тэвшийн говьд барих цахилгаан станцуудын төсөл уралдаант шалгаруулалтаар ороод шалгарчихсан юм билээ. Гэтэл тэдгээртэй концессын гэрээ байгуулахын оронд гадаадын хөрөнгө оруулагчдад дулдуйдах нь “уулын бугыг хараад унасан бухаа голов” гэгч л болж байгаа хэрэг. Хамгийн гол нь “уулын буга” нь эрх мэдэл бүхий хүмүүст гангараа болохоос илүүтэй алхам бүртээ ашиг өгөх нь гэж илүү харагддаг байх. Түүний нэг жишээ нь “Багануурын цахилгаан станц” төсөл байх магадлалтай юм. Учир нь, энэ төслийг анх Эрчим хүчний хөгжлийн төв хэмээх төрийн байгууллага өөртөө авч байсан ч “Багануур пауэр” ХХК-д хэрхэн яаж очсон нь тодорхой бус байна. Тухайн компанийн цаана хэн байгаа нь ч сонирхолтой л асуудал юм.
Д.МӨНХЖАРГАЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: