Тавантолгойн төсөл аль замаар явахыг УИХ шийднэ
Хаврын чуулганы эхэнд л маргаан үүссэн нь Тавантолгой төсөл байлаа. Засгийн газраас ажлын хэсэг байгуулагдаж Тавантолгой төслийн хэлэлцээрийг хөрөнгө оруулагчидтай хийж эхэлсэн.
Тэр үеэс буюу 3 сарын өмнөөс л УИХ-ын дарга болон зарим гишүүн Тавантолгой төслийг УИХ-аар хэлэлцүүлэх ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн юм. Учир нь уг төслийн сонгон шалгаруулалт дотор нь төмөр замын асуудлыг оруулсан нь том асуудлыг үүсгэж, УИХ-аар оруулахаас өөр аргагүй гэдэг тайлбарыг өгөхөд хүргэж байв.
УИХ-ын чуулганы хуралдааны нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ “Төмөр зам өргөтгөх бол зөвхөн хөрөнгө оруулагч нөгөө тал хийх эрхийг олгосон, төрийн өмчит “Монголын төмөр зам” ХК-ийн зардлыг шалгасны дараа төлөх, нөгөө талын хөрөнгө оруулалтыг үнэлэхгүйгээр байгаагаар нь тооцох зэрэг заалтуудыг оруулж, гэрээг байгуулсны дараа цуцалсан тохиолдолд хөрөнгө оруулагч “Шинхуа” компанийн 30 жилд олох байсан ашгийг төлөх үүрэг хүлээсэн байна.Эдгээр гэрээг байгуулахдаа Монголын тал ямар ч хуулийн болон санхүүгийн хөндлөнгийн зөвлөгөө аваагүй, харин хөрөнгө оруулагч тал олон улсын нэр хүнд бүхий “Deloitte”, “KPMG” зэрэг компаниас үйлчилгээ авсан байна.
Ийм ноцтой үр дагавартай, Монгол Улсад илт хохиролтой гэрээ, хэлэлцээр байгуулахыг би зөвшөөрөхгүй. УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын дагуу Тавантолгой ордыг ашиглах гэрээг УИХ яаралтай хэлэлцэж шийдвэрлэх ёстой” гэдгийг онцолсон. Хэрэв энэ асуудлыг Засгийн газраар оруулж, улмаар гэрээнд гарын үсэг зурсан сайд нарыг огцруулах төслийг өргөн барихаа ч мэдэгдэж орхив.
Ийнхүү Тавантолгойн асуудлаар “амьсгалсан” өчигдрийн чухал шийдвэр нь уг төслийг УИХ-аар оруулж шийдвэрлүүлэхээр болсонд байлаа. УИХ-ын АН-ын бүлгийн хуралдааны дараа УИХ-ын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нар мэдээлэл хийсэн. Энэ үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээрийг 14 хоногт багтаан хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг бүлгийн гишүүдээс хүслээ. Энэ дагуу Тавантолгойн хэлэлцээр үргэлжлээд явна.
Засгийн газар Тавантолгойн хөрөнгө оруулагч консорциумын төлөөлөлтэй уулзаж, энэ чиглэлийн зохицуулалтуудаа хийнэ. Улсынхаа эдийн засгийг тэлэх зорилготой том төслүүдээ хөдөлгөх шаардлагатай гэдгээ илэрхийлсэн. Нийгэмд үл ойлголцох байдал гаргахгүйн тулд энэ асуудлаа УИХ-аар хэлэлцүүлээд Засгийн газар холбогдох шийдвэрээ гаргаад явна” гэв.
Тэгэхээр Тавантолгойн төсөл цаашаа ямархуу байдлаар өрнөхийг УИХ 14 хоногийн дотор шийдвэрлэхээр болж байна. Ингэхдээ УИХ чухам ямар байдлаар хэлэлцээрт өөрчлөлт оруулахыг одоо хэлэх боломжгүй юм. УИХ-ын даргын хэлж байгаачлан Тавантолгой дотор төмөр замын асуудлыг нэг хэсэг болгож өгөх ёсгүй гэдгийг хэрхэн өөрчлөх бол. Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг хөрөнгө оруулагчидтай ажлаа эхлэхээр хэдийнэ нэг талд гарчихсан. Харин гэрээ байгуулах л үлдээд байгаа энэ үед УИХ хөрөнгө оруулагчидтай тохирсон тохиролцоог хэр өөрчилж, шийдэхийг хэлэлцүүлгийн явцад харах үлдэж байна.
Ц.Цацрал
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ugasaa UIH ZG hoorondoo uyaldaa holbootoi ajiillah n zuite shuu dee zergtseed bj bj negniigee uguisgeed bj bolhgui.