Хөгжмийн зохиолч , аргил гитарчин Пунцагданзангийн Буянжаргал-ын бие даасан анхны тоглолт удахгүй болно
Хөгжмийн зохиолч, аргил гитарчин Пунцагданзангийн Буянжаргал нь энэ сарын 9-ны өдөр “Нартад ганцхан ижий минь” тоглолтоо Бөхийн өргөөнд Монголынхоо бүх сайхан ээжүүддээ зориулан тоглох гэж байна. Тоглолтонд МУГЖ Э.Бүрнээ-баяр, МУГЖ Х.Үнэнхүү, МУГЖ С.Ганзориг, МУСТА М.Бямбажав болон 20 гаран дуучин, уран бүтээлчид, хөгжимчид ,хамтлагууд оролцохоос гадна, Өвөрмонголын дуучид ирж оролцож байгаа юм байна.
-Ингээд Хөгжмийн зохиолч, аргил гитарчин Пунцагданзангийн Буянжаргал-тай хэдэн хором ярилцсанаа одоо танд хүргэе.
-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе.
-Уран бүтээлч хүн гэдэг тэр дундаа хөгжмийн зохиолч хүнээс бидний сонсох дуртай олон сайхан дуунуудын ая эгшиг төрөн гардаг билээ. Тэгвэл энэ сайхан буянтай ажлыг хийгээд урлагийн салбарт өдий хүртэл явахад юу танд хамгийн их нөлөө болж өгсөн бэ?
-Сайн байна уу? Чамд болон танай сайтын уншигчдад мөн энэ өдрийн мэндийг хүргэе.
Ямар ч хүнд хүсэл мөрөөдөл гэж байдаг. Тэр дундаа хүүхэд насандаа юу болохыг хүсэж байсан тэр хүсэл зорилготоо хүрэх миний хувьд хамгийн сайхан нь.
Намайг 1-р ангид байхад аав маань гаднаас инээд цацруулж орж ирэхдээ надад гардаа
“Баян хуур” хөгжим барьсан орж ирж байсан юм. Хүүхэд юм болохоороо түүнийг нь оролдсоор байгаад сонсголоороо сурч байлаа. Аав минь тэр үед надаар ихэд бахархаж байсан нь одоо ч нүдэнд харагдаж байна. Багаасаа тэмцээн уралдаанд их ч явдаг болсон. Тэгээд Баянхонгор аймгийнхаа Гончигдорж багшийн шавь болсоноор өнөөдөр хөгжмийн зохиолч болсон, багийн минь мөрөөдөл бага ч болов биеллээ олоод байгаа юм болов уу даа.
-Та өөрийнхөө хамтлагын болон сүүлд гаргасан уран бүтээлийнхээ талаар бидэнтэй хуваалцаач. Таныг хэд хэдэн CD болон ном гаргаж байсан гэж би сонссон.
-Миний уран бүтээлийн хувьд гэвэл одоогийн байдлаар 30 гаруй хөгжмийн бүтээл 300 гаруй дууны бүтээлтэй байна даа. Аргил гитар-ын сурах бичиг гаргаж байсан. Сүүлд гаргасан CD гэвэл саяхан оны өмнө Өвөрмонголын Яруу найрагч Эрдэнэ-тогтохтой хамтран “Шувуун саарал хэмээх цомгоо гаргасан. Би одоо байгаа “Moon river” хөгжмийн хамтлагтаа
1999-оноос хойш аргил гитарчнаар тоглож байна.
-Та тоглолтынхоо нэрийг яагаад “Нартад ганцхан ижий минь” гэж өгөх болов?
-Яруу найрагч Л.Ганзулын үг ”Нартад ганцхан ижий минь” гэх дууны аяыг би өргөж авсан ээждээ зориулж бичиж байсан юм. Миний ээж одоо 80 гарсан буурай бий. Би 2 аав 2 ээжтэй хүн гэдгээрээ их бахархадаг хүн л дээ. Одоо миний хажууд байгаа “Нартад ганцхан ижийдээ” болон хүн бүрт ганц л заяах хосгүй эрдэнэ ээжүүддээ зориулж энэ тоглолтоо хийж байгаа болохоор тоглолтынхоо нэрийг “Нартад ганцхан ижий минь” гэж өглөө. Энэ 3 цаг гаран үргэлжлэх тоглолтын 80 хувийг ээжийн тухай дуунууд зонхилж байгааг хэлэхэд мөн таатай байна.
-Та ээж хүнийг юутай зүйрлэх вэ?
-Эх хүн, ээж хүн тэр дундаа Монгол эх хүнийг ,монгол түмний дээдлэн сахидаг “Тэнгэр бурхантай” л зүйрлэнэ дээ
-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын уран бүтээл болон амьдралд нь амжилж хүсье.
URL: